Сангийн яам ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

img

Сангийн яам жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан тус яаманд ажиллаж байсан ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Энэ жил мөн уламжлал ёсоор ахмадуудаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд Сангийн сайд С.Баярцогт, дэд сайд Ч.Ганхуяг, ТНБД Д.Баттөр болон газар хэлтсийн дарга нар оролцов.

Монголын улсын санхүү эдийн засгийн төв байгууллагыг удирдаж явсан тухайн үеийн Сангийн яамны сайд, газар хэлтсийн дарга нар болон санхүү эдийн засгийн албаны алтан түүх болсон буурлууд ийнхүү нэгэн доор цугладаг сайхан уламжлалатай. Нэгэн үед хамт ажиллаж, мөр зэрэгцэн хөдөлмөрлөж явсан залуу халуун цагийн үеийн нөхдүүд ийнхүү нэгэн доор цуглаж, бие биенээ харан халуун дулаан үгээ ярилцаж хөөрөлдөж суух цагаан сарын энэ өдрийг хоног тоолон хүлээдгээ хуучилж байлаа. Ахмад буурлууд маань ч ажил амьдралын туршлага, үг сургаалаа одоогийн Сангийн яаманд ажиллаж байгаа залуу үеийнхэндээ хэлж, монгол улсын санхүү эдийн засгийн гол судасыг барьж байгаа яамны хувьд улс төржсөн хийрхэл, популист амлалтад авталгүй өөрийн чиг шугмаараа ажлаа зөв чиглүүлэн авч явахыг захиж байлаа.

Тус арга хэмжээний үеэр Сангийн сайд С.Баярцогт Энэ жил Монгол Улсад Сангийн яам буюу Санхүү эдийн засгийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаараараа онцлог бөгөөд энэхүү түүхэн ойг хамтдаа тэмдэглэх үйлст идэвхитэй оролцохыг нийт ахмадуудаасаа хүслээ. Тус арга хэмжээний үеэр Сангийн яамны удирдлагууд санхүү эдийн засгийн салбарт олон жил өндөр үр бүтээлтэй ажиллаж байсан зарим хүмүүсийг салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж урамшуулсан юм.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ