Н.Алтанхуяг: Л.Болд сайдыг огцруулж байгаа юм биш
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ГХ-ны сайд Л.Болдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулгадаа:
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хууль батлагдсантай холбогдуулан, ГХ-ны сайд Л.Болдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Энхбаяр Ерөнхий сайдад асуулт тавьсан юм.
5
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулаад зарим сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм байна. ГХЯ өөрчлөгдөөгүй. Бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт ороход яагаад Л.Болд сайдыг чөлөөлөх шалтгаан болов. Ажлаа сайн хийсэн сайдаа сольдог юм уу. Эсвэл Монголын улс төрд хоёрдугаар ээлжийн хоолонд ордог болгоо юу, эрх мэдэл албан тушаалыг. Л.Болд ажлын хариуцлага алдсан уу? Яагаад төрийн ажлыг арилжаа, наймаа шиг панз хийгээд байна вэ?
5
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Л.Болд сайдыг огцруулж байгаа юм биш. Манай Засгийн газар 19 сайдтай хоёр жил ажилласан. МАН-ын бүлэг цаг ямагт л олон хүнтэй ажиллаж байна гэж шүүмжилсэн. 19 сайдтай маш сайн ажилласан. Хоёр жилд 10 жилийн ажлыг хийсэн. Яамдад бодлого хийгдсэн. Одоо үлдэж байгаа хугацаанд үүрэг, бүтцийг нь нийлүүлээд өмнөх Засгийн бүтцээр ажиллахаар болж байна.
5
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-ГХЯ-ны үндсэн чиг үүрэг өөрчлөгдөөгүй. Монгол Улс, монгол төр гэж байдаг бол гадаад бодлого тасралтгүй үргэлжилнэ. Үнэхээр хоёр жилийн хугацаанд сайн ажилласан юм бол бодлогоо үргэлжлүүлээд хэрэгжүүлэх ёстой. Бүтэц, бүрэлдэхүүн, тоо, таны жижиг өнгийн цаас сонин биш байна. Би Л.Болд гэдэг улстөрчийн хувьд асууж байна. Яамны бодлого нь хэвээрээ байхад яагаад ажлаас нь чөлөөлж байна вэ?
6
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Би хариултаа хэлчихсэн.
Үүний дараагаар байнгын хорооны гишүүд саналаа хэллээ.
6
Бүтцийг нь өөрчлөх нэрээр сайдыг нь сольсон шалтгааныг мэдэж байгаа
6
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-ГХЯ-ны нэрийг өөрчилж, бүтцийн өөрчлөлтөд оруулж байгаа нэрээр сайдыг нь сольж байгаа шалтгааныг мэдэж байгаа. Н.Алтанхуяг Ерөнхий сайд ч гэсэн үүнд хариулаагүйгээрээ хүлээн зөвшөөрлөө гэж бодож байна. Одоо Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам гэж нэрлэсэн нь зохимжгүй. Нэр нь ГХЯ-аараа л байх ёстой. Яагаад гэвэл эдийн засгийн ч юм уу, хамтын ажиллагааны гээд нэрлэчихээр ач холбогдлыг нь ойлгохгүй, дутуу үнэлдэг, гадаад талдаа. Эдийн засгийн асуудал харилцдаг яам гээд ойлгочихдог юм.
6
Сайн ажилласан гэчихээд огцрууулдаг юм уу?
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Гадаад яам гэдэг агуулга нь нэрнээсээ бүдгэрлээ. Монгол Улс тусгаар улс юм бол Гадаад яамтай байх ёстой. Энэ утгаар нь анхаарах ёстой. Сайн ажилласан гэчихээд огцруулаад байгаа нь төрд муу жишиг тогтоод байна. Ажлыг нь цааш нь үргэлжлүүлээд явбал болох байсан юм.
5
Сайдуудыг биш Н.Алтанхуягийг таныг чөлөөлөх цаг болжээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-тусгаар улсын хувьд Монгол Улсын гадаад бодлого аливаа зүйлээс үл хамааран хэрэгжих ёстой. Эдийн засагтай холбож байгаа нь дэндүү ухралт. Монгол Улсын эдийн засгийн асуудал гадаадад шийдэгдэнэ гэсэн үг. Төр нь бодлогоо дотооддоо гаргачихаад гадаад талд хэрэгжүүлэх ёстой. Гэтэл одоо Монголын төр гадны захиалгаар бодлогоо хэрэгжүүлдэг болох нь. Сайн ажилласан гэж үнэлж байгаа улстөрчдөө хариуцлага тооцож байна. Танай нам, фракц дотроо эрх мэдлийг дэндүү эрээ цээргүй, төрийг, албан тушаалыг авлигажуулж байна. Сайн ажилласан хүнийг солино гэсэн ойлголт байдаггүй юм. Ер нь сайдуудыг чөлөөлөх асуудал биш Н.Алтанхуяг таныг чөлөөлөх асуудлыг ярих цаг болжээ.
5
Ийнхүү ГХ-ны сайд Л.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулахад тус байнгын хороонд харъяалагдах УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох Н.Энхболд, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр нар дэмжсэнгүй. Гэхдээ байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Л.Болд сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал дэмжигдэв.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ