“Талын зам” төслийн гэрээг үзэглэлээ
Энэ сарын 13-15 –ны өдрүүдэд Төрийн ордонд Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны дараа “Чингис ленд девелопмент групп” ХХК –ийн ерөнхийлөгч С.Отгонбаатар болон ОХУ-ын “Дальстроймеханизация” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Я. Колушков нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол, Орос, Хятад улсыг холбох хурдны зам барих төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны хэлэлцээр хийгдэж байна. Хоёр тал хурдны авто замын төслийн санхүүжилт, зураг төсөл, зам барилгын ажил, ашиглалтын шатанд хамтарч ажиллах юм.
ОХУ-ын “Дальстроймеханизация” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал П.Я. Колушков энэ үеэр “Монгол Улсын санаачилсан “Талын зам” үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ОХУ, БНХАУ-ыг холбосон 21-р зууны тээврийн коридорыг байгуулах нь ОХУ-ын нийт эдийн засгийн хувьд, тэр дундаа Оросын Алс , Дорнод , Сибирийн эдийн засаг, нийгмийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Бид Азийн авто замын нэгдсэн сүлжээний АНЗ чиглэлийн хурдны авто замыг бүтээн байгуулах энэхүү олон талт төслийн хэрэгжүүлэлтэд ОХУ-ыг төлөөлөн оролцох болсондоо баяртай байна. Монгол Улсын транзит , тээвэр ложистикийн нөөц бололцоог хэрэгжүүлэх нь Зүүн хойд Азийн бүс нутгийн интеграцийн үйл явцад хурдасгуур болж, Орос , Монгол хоёр улсын ард түмний хөгжил цэцэглэлтэд хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Талын зам” төслийн хэрэгжилтийг “Чингис ленд девелопмент групп” ХХК хариуцан ажиллах юм. Тус групп өнгөрсөн хугацаанд дотоод гадаадын нэр хүнд бүхий санхүүгийн болон техникийн зөвлөх компаниудтай хамтран хурдны авто замын нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байна. Түүнчлэн трассын дагуу ажлын зураг боловсруулахад шаардлагатай геодези, геотехникийн судалгааг амжилттай гүйцэтгэж чаджээ. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг ч шийдвэрлэж чадсан байна. Энэхүү мега төсөл нь манай улсын түүхэн дэх хамгийн том бүтээн байгуулалт болох юм. Анх удаа Монгол компани үндэсний болон олон улсын мэргэжлийн компаниудыг удирдах гэж байна. Өөрөөр хэлбэл олон улсын стандарын дагуу, орчин үеийн техник, технологи ашиглан хурдны авто зам барих гэж байгаагаараа онцлог юм.
a
Монгол Улсын дэд бүтэц, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 30 гаруй мянган шинэ ажлын байр бий болох аж. Түүнчлэн тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд, шинэ дагуул хотууд бий болгох хөгжлийн коридор болох юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ