Ерөнхий сайдыг огцруулахад 28 гишүүн нэгдлээ
Өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүдийн нэр бүхий 28 гишүүн хамтарч Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Тодруулбал, энэхүү хуулийн төсөлд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн гарын үсэг зурсан ажээ. УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэдний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
5
Д.Хаянхярваа: Төсвийн зөрчилтэй хууль өргөн барьж мэдрэмжгүйгээр ажиллаж байна
Өнөөдөр Монгол Улсад үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад, УИХ-ын 28 гишүүн бид бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг санаачилж, УИХ-ын даргад өргөн барилаа.Энэ ЗГ байгуулагдсан цагаас хойш Монгол орны эдийн засаг хүндрэх талаар олон удаа асуулга тавьж, олон удаа эдийн засгийг зөв замд нь оруулах чиглэлээр сануулга өгч байсан. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд ард түсний хэлж байгаа санал, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын анхааруулгыг хүлээж авахгүй байсаар Монгол Улсын эдийн засгийн байдлыг ард түмний хэлдгээр элгээр нь хэвүүлчихлээ. Үүнийг бид тэглээ, ингэлээ гээд яриад байх шаардлагагүй, ард түмэн мэдэж байгаа.
6
Хоёрдугаарт, ЗГ бүтэцдээ өөрчлөлт оруулж, цомхон, чадварлаг болгож оруулж ирнэ гэж ард түмэндээ амласан. Гэтэл 10-р сарын нэгэнд ЗГ-ын бүтцээ өөрчилж байна гэж зарлаад, 10-р сарын 2-нд Төвсийн тухай хуулийг өргөн барьсан. Нэгхэн хоногийн зөрүүтэйгээр Төсвийн зөрчилтэй хууль өргөн барьж, бүтцийн өөрчлөлтөө нэг хоногийн дараа өргөн барина гэсэн. Ийм мэдрэмжгүй ажиллах байдал ажиглагдаж байгаа юм. Бид Ерөнхий сайдыг бүтцийн өөрчлөлт хийх нэрийн дор энэ бүтцээ тогтворгүй болгож, цаашид тогтвортой ажиллах нөхцөлөөр хангаж ажиллаж чадахгүй байна гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй байна гэж үзэж байна. Мөн аль эртнээс тавьсан хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нартаа хариуцлага тооц гэсэн шаардлагыг удаа дараалан тавьсан боловч холбогдох хуулиудыг зөрчсөөр байгаад сайд нартаа хариуцлага тооцож чадалгүй ирсэн. Тийм учраас энэ Ерөнхий сайд бол Засгийн газрыг авч явж чадахгүй хүн байна. Монгол Улсын эдийн засгийг өнөөгийн нөхцөл байдлаас нь сайжруулж чадахгүй юм байна, хоосон амлалт, худал хийрхэл, хий пиардсаар байтал улсын нөхцөл байдал цаашид улам дордоход хүрлээ. Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулъя, энэ хямралаас Монгол Улсыг аль болох хохирол багатай гаргая, тийм чадварлаг Засгийн газрыг бүрдүүлж ажиллах ёстой гэсэн байр суурьтай явдаг учраас УИХ-ын гишүүд бид Үндсэн хууль болон бусад хуулиудад заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыш огцруулах хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын дарга өргөн барилаа. Өргөн барьсан гишүүдийн зарим нь та бүхэнд эдийн засгийн тоо баримтуудыг товчхон хүргэнэ.
6
Н.Номтойбаяр: Бүх тоон үзүүлэлт буурч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн
Юуны өмнө хоёр зүйлийг тодотгож хэлье. “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын тэргүүнд итгэл үзүүлж, цаашид улс орныг эдийн засгийн хувьд, удирдлага зохион байгууллатын хувьд аваад явахад итгэл үзүүлэх эсэх асуудлыг бид хөндлөө. Нэгдүгээрт, энэ бол МАН-ын үйлдэл биш. УИХ дахь гишүүдийн бодол санаа нэгдсэний үндсэн дээр сая УИХ-ын даргад өргөн барилаа. Энэ бол яах аргагүй ажил, амьдрал нь хүсэл, хяслаар дүүрэн нийгмийн захиалга гэж бид үзэж байгаа. Сүүлийн хоёр өдрийн турш биднийг төрийн ажлыг гацааж байна гэсэн мэссэжийг эрх баригчдын зүгээс явуулах боллоо. Үнэхээр оруулж ирж байгаа хуулийн төслүүд, ялангуяа Төсөвийн тухай, дөрвөн төрлийн татварыг нэмэх, шинээр татварын орчныг бүрдүүлэх, өрийн менежмэнтийн ямар ч бодлогогүй, алдаатай хуулийн төслүүд орж ирсэн. Ийм асуудлуудад бид гацаа саад болох болно. Аль болох алдааг нь азсч залруулах үүргийг УИХ-ын гишүүд хүлээнэ. Үүнээс гадна алдаатай бодлогын гарц шийдлийг бид зааж өгөх үүрэгтэй. Биднийг л төрийн ажлыг гацааж байна гэсэн мэссэжийг нийгэмд хүргэхийг их оролдож байх шиг байна. Энэ бол явцгүй. Яагаад гэвэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэхээр хямрал үүсчихээд байгаа. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал байна. Эрх баригчид дотоод зөрчил тэмцлээ бусад нөхдөд нялзааж, өөрсдөө санал санаачилга, зүтгэл гаргаж улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм биш. Хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Ямар үр дүн гарав? Бүх тоон үзүүлэлт буурсан. Дээрээс нь ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн. Хяналт байх хэрэгтэй. Дээрээс нь хариуцлагын асуудлыг ярих цаг болжээ. Хяналт+хариуцлага=Хөгжил гэж бид үзэж, шаардаж байна.
6
Ч.Хүрэлбаатар: Төлбөрийн тэнцэл 1.6-1.9 тэрбум ам.долларын алдагдалтай байна
Өнөөдөр нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байна гэдгийг товчхон тайлбарлахад, эдийн засгийн өсөлт гурав дахин унасан. Улсын төсвийн орлого хоёр жил дараалан нэг их наяд төгрөгөөр тасарсан. 1,5 тэрбум ам.долларын ашигтай байсан төлбөрийн тэнцэл сүүлийн хоёр жил дараалан 1.6-1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт 4,6 тэрбум ам.доллар байдаг байсан бол өнөөдөр 600 сая ам.доллар буюу үндсэндээ 8.3 дахин унасан. 1350 төгрөг байсан ам.долларын ханш өнөөдөр 1850 төгрөг болсон, 20-50 мянган аж ахуйн нэгж хаалгаа хаасан. Бараа, бүтээгдэхүүний үнэ нийлбэр дүнгээрээ 60 орчим хувиар өссөн, бизнес эрхлэх орчин унасан. Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 37 хувь байсан бол өнөөдөр олон улсын аргачлалаар 65.6 хувьд хүрсэн байгаа. Тэгэхээр эдийн засгийн байдлыг хоёр жилийн дотор эрс муутгасан учир энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. МАН-ын дарга Ерөнхий сайдад “Хариуцлагагүй ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооц” гэж хэлсэн. Үүнийг бүтцийн өөрчлөлт болгож хувиргасан. Тийм учраас нэр бүхий 28 гишүүн “Үнэхээр Монгол Улсын хөгжил, дэвшлийг цаашид хангая гэж бодож байгаа бол хариуцлагагүй ажиллаж байгаа сайд, дарга нарт хариуцлага зайлшгүй тооцдог байх. Хариуцлагыг бүтцийн өөрчлөлт нэрээр халхавчилж болохгүй” гэсэн үүднээс Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа.
6
Я.Содбаатар: Огцруулах асуудлыг гурван үндэслэлээр тавьж байна
Бид гурван том үндэслэлийн хүрээнд энэ асуудлыг тавьж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хямралд орж, улам муудах дүр зураг харагдаж байна. Тийм учраас санхүү, эдийн засгийн хямралаас Монгол Улсыг хохирол багатай авч гарах Ерөнхий сайд хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хариуцлагын асуудлыг УИХ-аар их ярьж байгаа. Хариуцлага ярихаар хууль зөрчдөг, дүрэмгүй тоглодог. Эргээд улс төр, бизнесийн бүлэглэл намынхаа фракциудын хоорондын зөрчилдөөн, барьцалдаанаас болж ямар ч хариуцлага яригдахаа больсон. Хариуцлага хүлээх субъект Ерөнхий сайд гэсэн албан тушаал. Энэ утгаараа Ерөнхий сайдтай хариуцлага яръя гэсэн. Бид Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах болон бусад асуудлыг тавьсан. Энэ бүгдэд бүтцийн өөрчлөлт нэрээр жонхуу хутгаж орхисон. Үүнийг өнөөдөр Ерөнхий сайд өөрийнхөө толгойгоор хариуцах ёстой гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хууль бус, ёсзүйтэй холбоотой асуудал нэлээд бий. Ерөнхий сайдын хувийн болон гэр бүл, найз нөхдийн хүрээнд явагдаж байгаа ёс бус, хууль зөрчсөн олон үйлдэл гарч байна. Энэ бүгдийг нэгтгээд гурван үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байгаа. Энэ удаагийн Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьж байна. Энэ дотор УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл бий. Энэ асуудлыг зөвхөн сөрөг хүчин гэдэг байр сууринаас биш Монгол Улсын нийгэм, эдийн засаг аргагүй энэ байдал руу түлхэж байна. АН УИХ-д хамгийн олон суудалтай. Тэр утгаараа цаашдаа Засгийн газраа толгойлоод явах, хямралт байдлаас Монгол Улсыг аваад гарах боловсон хүчин хангалттай байгаа байх. Тэр хүмүүс нь Засгийн газраа байгуулаад Ерөнхий сайдаа тавиад явах хэрэгтэй. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдыг хараад хоёр жил боллоо. Монгол Улсын эдийн засаг өдрөөс өдөрт, сараас сард муудаж байгаа. Энэ нь эргээд Монголын ард иргэдийн нуруун дээр хүндээр тусч байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ