АСЕМ-ын шинэ эрин Монголоос эхэлнэ
АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт 2016 онд Монголд Улсад зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү шийдвэрийг Италийн Милан хотод болсон АСЕМ-ын 10 дахь удаагийн уулзалтаас гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид батламжийг гардуулжээ. Дэлхийн 53 орны төрийн тэргүүн, сайд нар санал нэгтэйгээр уг дээд хэмжээний уулзалтыг манай улсад зохион байгуулахаар болсон байна. Манай улс Австрали, Шинэ Зеланд, Казахстан улстай өрсөлдөж, энэ эрхийг авчээ. Европын Холбооны гишүүн 27 улс, Европын Норвеги, Швейцарь гэсэн хоёр орон, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон Австрали, БНХАУ, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Хорват, Казакстан гэсэн 53 орны удирдлагууд манай улсад цуглах нь.
d
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах батламжийг гардан авсныхаа дараа мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Монгол Улс 2016 онд Ази Европын орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийг хүлээн авлаа. Энэ эрхийг хүлээж авахад дэлхийн 53 орны төр, засгийн тэргүүн баяр хүргэлээ. Энэ бол Монголын нэр хүнд олон улсын хэмжээнд өндөрт хүрснийг харуулж байна. Энд монгол хүн бүрийн оруулсан хувь нэмэр асар их байгаа. Спортын том арга хэмжээ зохион байгуулах эрх авч байгаатай адил. Бид 2016 оны долоодугаар сарын сүүлээр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах болов уу гэж бодож байна. Өөр бас нэг чухал зүйл нь АСЕМ гэдэг байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой 2016 онд болно. Ази, Европын төр засгийн удирдагчид 20 жилийн хамтын ажиллагаагаа Монголд очиж дүгнэнэ. Энэ нь Монголоос АСЕМ-ын үйл ажиллагааны шинэ эрин эхэлнэ гэсэн үг. Монголчууд зоригтой шийдвэр гаргаж чадлаа. Бидний хичээл зүтгэлийг 53 орны удирдагч өндрөөр үнэллээ. Нэрээ бодож, эв эеэ хичээж, энэ том арга хэмжээг нэр төртэй зохион байгуулахын төлөө хамтран ажиллая” гэдгийг тэмдэглэн хэллээ.
s
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Италийн Милан хотоос УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай холбогдож мэдээлснийг сэтгүүлчдэд шуурхай хүргэсэн юм.
ө
В.Бат
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ