С.Хөдөлмөр: Байгаль орчны мэдээллийг www.eic.mn -д байршуулсан
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд улсын мэдээллийн нэгдсэн сан нь 22 дэд сантай байхаар зааж, сангууд нь ямар мэдээ, мэдээлэлтэй байх, хэн бүрдүүлэх нь Засгийн газрын 2010 оны 85-р тогтоолоор батлагджээ. Энэхүү мэдээллийн сан нь байгаль орчны мэдээллийг нэг цэгээс иргэдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх зорилготой юм байна. Одоогоор газар, ашигт малтмал, ус, ой, хөрсний бохирдол, уур амьсгал зэрэг 17 санд мэдээлэл бүрдүүлээд байгаа аж. Энэ талаар Байгаль орчны мэдээллийн төвийн дарга С.Хөдөлмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
a
-Байгаль орчны мэдээллийн нэгдсэн санд хэчнээн мэдээ, мэдээлэл байгаа вэ? -60 гаруй мэдээллийн мега өгөгдөл, сэдэвчилсэн зураг 70, улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан тусгай хамгаалалттай газар нутгийн 1697 мэдээ, байгаль орчны төлөв байдал, нөөцийн статистик, тайлан мэдээ 300 гаруй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний 4000 гаруй тайлан, ерөнхий үнэлгээний 2800 дүгнэлт, эвдэрсэн газрын 1950 зураг, химийн хортой болон аюултай бодисын лавлах 1300, 990 гаруй тусгай зөвшөөрлийн мэдээ гээд нийтдээ 2600 гаруй төрлийн мэдээ, мэдээлэл багтсан. Энэ оны эхний есөн сарын байдлаар бидний мэдээлэл бүрдүүлж буй www.eic.mn цахим сайт руу 114204 удаа хандаж, 4,4 Тбайт мэдээг ашигласан байна. Тэгэхээр иргэдийн сонирхолыг татаж байна гэсэн үг.
a
-Байгаль орчны мэдээллийг нэг дороос авч болох боломж өмнө нь хомс байсан. Энэхүү мэдээллийн сангийн материалыг хэзээнээс бүрдүүлж эхэлсэн бэ? -2010 оноос эхлэн мэдээллийн дэд сангуудыг байгуулж, үйлчилгээнд оруулах ажлыг хэрэгжүүлж байна. 2014 оныг БОНХ-ийн Сайдын тушаалаар Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил болгон зарласан. Үүний дараа тушаал гаргаж, Байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий Удирдах зөвлөлийг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан. Мөн 22 дэд сан байгуулсан ч доторх мэдээллүүд нь хангалтгүй байсан тул С.Оюун сайд Байгаль орчны мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл төвлөрүүлэх тухай албан даалгавар гаргасан. Энэ дагуу мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагын удирдлагуудад хүргүүлэ ажиллаж байна.
a
-Иргэд хэзээнээс энэхүү сангаас байгаль орчны бүх төрлийн мэдээлэл авах боломжтой болох вэ? -Тодорхой заасан хугацаа байхгүй. Одоогоор байгаль орчны мэдээллийн 17 дэд сан ажиллаж байна. 2010 оноос хойш жил бүр 2-5 мэдээллийн сан бий болгосон. Хэдийгээр 22 сан гэж байгаа боловч ангилвал 2000 гаруй төрлийн мэдээлэл бий. Энэ их хэмжээний мэдээллийг богино хугацаанд цуглуулж, нэгтгэх тийм ч амар биш. Нөгөөтэйгүүр цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө шаардсан ажил.
a
-Одоо ямар ямар сан үлдэв? -Санхүү төсөв, байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг, нөхөн төлбөр, амьтан, ургамлын талаарх мэдээллийн сан байгуулах дутуу байна.
s
-Мэдээлэл бүрдүүлэхэд учирч буй саад бэрхшээл юу байна вэ? -Хөрөнгө мөнгөний асуудлаас гадна байгаль орчны мэдээллийн санд олон байгууллага мэдээллээ өгдөг. Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэн, ШУА-ийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, яамны харьяа байгууллага гээд ойролцоогоор 10 гаруй байгууллагын мэдээлэл бий. Эдгээрээс мэдээллийг нь цуглуулах, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах асуудал нэлээд хүндрэлтэй байна.
s
-Мэдээлэл хүргэх үүрэг бүхий байгууллагуудыг нэрлэвэл? -Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад мэдээлэл төвлөрүүлэх үүрэг бүхий байгууллагуудыг зааж өгсөн. Тухайлбал, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Ашигт малтмалын газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Байгаль орчны мэдээллийн төв Аймаг, нийслэлийн засаг дарга, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн багтдаг. Тус байгууллагууд өөрийн байгууллагад хамаарах мэдээллийг бүрэн бүрдүүлж, Байгаль орчны мэдээллийн нэгдсэн санд цахим хэлбэрээр төвлөрүүлэх үүрэг хүлээнэ.
s
-Дээрх байгууллагууд мэдээллээ ямар хэлбэрээр, хэдийн хугацаанд өгч байна вэ? -Засгийн газрын 2010 оны 85-р тогтоолоор мэдээллийн сангууд ямар мэдээ, мэдээлэлтэй байх, хэн бүрдүүлэхийг хугацаатай нь баталсан байдаг. Тухайлбал, ус, рашаан, ой, байгалийн ургамал, амьтан, агаар түүний бохирдол химийн хорт болон аюултай бодис, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой мэдээллийг БОНХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга, Цаг уур орчны шинжилгээний газар, МХЕГ жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор өгөх хуулийн хугацаатай. Энэ үүргийн дагуу л ажиллаж байна.
a
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ