Өдөрт 350 машин шалгаж, 75 зөрчил илрүүлдэг
Намрын ургац хураалт, хадлан тэжээл тээвэрлэлтийн үеэр замын хөдлөгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийн хэрэгжилтийг хангуулахаар ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ЦЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу “Ургац-2014” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Уг арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд 12 хяналтын цэг, байнгын болон хөдөлгөөнт эргүүл байгуулан, цагдаагийн албан хаагчид хоёр ээлжээр, 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа юм.
ө
Бид хяналтын хоёрдугаар цэг буюу Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн чиглэлийн замд Төв аймгийн Борнуур сумын нутагт үүрэг гүйцэтгэж буй хяналтын хэсгийн үйл ажиллагаатай танилцав. Энд цагдаагийн дөрвөн албан хаагч өнгөрөгч сарын 10-ны өдрөөс эхлэн хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэж, орон нутгийн замыг 24 цагийн турш хяналттай байлгаж, ургац тээвэрлэлтэд явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчуулахад чиглэн ажиллаж буй юм байна. Энэ цэгт ажиллаж буй СХД-ийн Замын цагдаагийн тасгийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч ахмад П.Амарбаясгалан “Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ачаа болон хүн тээвэрлэх журам зөрчих нь олон байна. Шалгалт гарснаас хойш ноцтой осол хэрэг гараагүй. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар зөрчил хэрэг багасдаг. Ургац, хадлан тэжээл тээвэрлэж яваа машинууд ихэнхдээ чиргүүлтэй байдаг. Тээврийн хэрэгслийн чиргүүлийн холбоос, цоожлогч, гэрэл хэвийн бус зөрчлөөс болж осол хэрэг гарч болзошгүй байдал үүсдэг. Жолооч нар замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна” гэж ярилаа.
а
Хяналтын цэг өдөрт дунджаар 300-350 тээврийн хэрэгсэл шалгаж, 70-75 зөрчил илрүүлэн, 800 мянга орчим төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллаж буй гэнэ. Шалгалт гарснаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг илрүүлэн Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн хэсэгт шилжүүлсэн байна. “Ургац-2014” арга хэмжээ нь энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх юм.
ө
Энэ үеэр Жаргалантын сангийн аж ахуйгаас “61”-ын гарам хүртэл өвс тээвэрлэж яваа жолооч Д.Мягмархүүг шалгахад зөрчил илрээгүй. Тэрбээр “Би 10 дахь эргэлтээ хийж байна. Замд постууд гарсан постууд өдөр, шөнийн ялгаагүй эргүүл, шалгалт хийж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, жолоочийн бичиг баримтыг шалгадаг. Энэ нь холын тээвэрт, маш их ачаа тээвэрлэн явж буй жолооч бидэнд хэрэгтэй, сонор сэрэмж болж өгдөг. Өмнөх постод машин тэрэг зүгээр байхад дараагийн хяналтын цэгт хүрэхэд эвдрэл, гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Энэ жил зам сайхан байна. Замд осол, аваар гарсан байхтай ер таарсангүй” хэмээн ярив.
ө
Оны эхний есөн сарын байдлаар орон нутгийн замд 1566 гэмт хэрэг бүртгэгдэж, 479 хүн гэмтэж бэртсэн статистик мэдээлэл байна. Иймд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар болзошгүй аюулаас сэргийлэн, аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ