Н.Алтанхуяг АН-ыг улс төрийн золиос болголоо
АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл уг гэрээ АН-ынхан дунд хэрүүлийн алим болж, хагарал үүсэх шалтгаан болох нь тодорхой боллоо. Уг гэрээтэй холбогдуулан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийж, Н.Алтанхуягаас хариуцлага нэхэв. Э.Бат-Үүл "АН-ын дарга Н.Алтанхуяг сүүлийн үед эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд увайгүй үйлдлийг их хийж байна. АН-ын гишүүд дэмжигчид битгий хэл жирийн хүний ч ой санаанд багтамгүй үйлдлийг ихээр хийх боллоо.Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд долоон сайдыг золиосолсон. Одоо АН-ыг улс төрийн золиос болгож байна. Намынхнаас хэнтэй нь ч яриагүй, хувийн шийдвэр гаргаж МАХН-тай гэрээ байгууллаа. Гэтэл Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Энэ гэрээнд АН-д ноцтой хохирол учруулах гурван заалт байгаа. Гэрээний 3, 9, 14 дүгээр зүйл нь манай намд ноцтой хохирол учруулна. МАХН-д тойрог гаргаж өгөөд зогсохгүй тэднийг дэмжинэ ажиллана гэсэн байгаа. Нийслэлийн АН энэ гэрээг хэзээ ч биелүүлэхгүй, МАХН-ыг хэзээ ч дэмжихгүй" гэдгийг мэдэгдэв. Мөн тэрбээр авлигатай тэмцэх мөрийн хөтөлбөртэй АН, "авлигын загалмайлсан эцэг" гэгддэг хүнийг өөгшүүлж буй нь зүй бус үйлдэл. Нэг хүний нам болсон, ямар ч зохион байгуулалтгүй МАХН-ыг эрх барьж буй АН-тай эн тэнцүү гэж гэрээ байгуулсныг эрүүл саруул ухаантай хэн ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодотгов.
а
АН-ын дүрмэнд аливаа гэрээг ҮЗХ батлах ёстой гэсэн заалт байдаг аж. Харин МАХН-тай байгуулсан гэрээг ҮЗХ битгий хэл АН-ынхнаас хэн ч мэдээгүй байсан гэнэ. Тиймээс энэ нь АН-ын дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, ҮЗХ-г яаралтай хуралдуулж, тус намын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой гэж үзлээ. Мөн нийслэлийн АН-ын хороо хуралдаж, энэ гэрээг биелүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэх гэнэ.
х
Энэ гэрээтэй холбогдуулан Нийслэлийн АН-аас мэдэгдэл гаргасан байна. Уг гэрээг бүрэн эхээр нь хүргэж байна.
х
АН-ын дарга Н.Алтанхуяг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээж авлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан энэхүү гэрээг Засгийн газарт хамтарч байгаа "Шударга ёс" эвсэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч ачир дээрээ МАХН-тай далдуур улс төрийн тохиролцоог хийжээ гэж дүгнэхээр байна. Энэхүү тохиролцоог намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд дэмжигчдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, хувилдааны шинжтэй үйлдэл юм.
а
АН-ын хүчин төгөлдөр мөрдөж байгаа үндсэн дүрэм ёсоор бол улс төрийн бусад нам, эвсэлтэй хамтран ажиллах, гэрээ байгуулах тухай асуудлыг намын дарга ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл өөр нам, эвсэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулах эсэхийг шийдэх бүрэн эрх дүрмээр Н.Алтанхуягт бус гагцхүү ҮЗХ-нд бий. Гэтэл АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай, олон нийтийн дунд аль хэдийнэ авлигын "загалмайлсан эцэг" гэгдэх болсон Н.Энхбаяртай 2024 оны дуустал хүчин төгөлдөр үйлчлэх хатуу заалт бүхий гэрээ байгуулсан нь намын дүрмийг санаатайгаар зөрчиж, гишүүд дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүлсэн, манай намын үнэт зүйлийг уландаа гишгэсэн туйлын хариуцлагагүй үйлдэл боллоо гэж нийслэлийн АН үзэж байна.
а
Гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнд 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН, МАХН-тай түншлэн оролцох, тэр бүү хэл тойрогт нэр дэвшигчдийг тохиролцох тухайд далд бөгөөд хорин утгатай заалтуудыг тусгасан нь намын гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь аваачиж, намын эв нэгдлийг бусниулж, манай намд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж байна. АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын үсэг зурсан энэхүү гэрээнд бичсэнчлэн "УИХ-ын ээлжит сонгуулийн можаритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид бие биенийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь зохицуулна...", "нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана..." гэснийг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг нийслэлийн АН хатуу мэдэгдье. Энэ мэт хэсэг бүлэг хүний дүрэмгүй тоглолт, хуйвалдааны улс төрийг даруй зогсоож, намын дотоод эв нэгдэл, гишүүдийн эрх ашигт харшилсан бусармаг гэрээг даруй цуцалж, гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцохыг ҮЗХ-ны хурлаас шаардаж байна.
ө
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл
а
2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
а
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ