Б.Энх-Ертөнц: Сэжигтэн эрүүл бол хариуцлага хүлээнэ
Орхон аймгийн Баян-Өндөр суманд өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр судалгааны ажилтан эмэгтэй бусдад хутгалуулж нас барсан хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн этгээд нь сэтгэцийн өвчтэй байж болзошгүй тул мэргэжлийн байгууллагаар шинжилгээний дүгнэлт гаргуулахаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлсэн байна. Түүний шинжилгээний хариу гарахаар хуулийн дагуу арга хэмжээ авах аж. Энэ тухай Орхон аймгийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Энх-Ертөнцөөс тодрууллаа.
ө
-Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ?
-2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 46-12 тоотод бусдад хутгалагдаж нас барсан хүн байна” гэсэн дуудлагын дагуу Цагдаагийн газрын дарга хурандаа Б.Даваазулаар ахлуулсан бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай ажиллагаа явуулахад хэргийн улмаас Орхон аймгийн Статистикийн хэлтсийн ажилтан О гэх эмэгтэй бусдад таван удаа хутгалуулж нас барсан байсан. Хохирогч хэрэг гарах үед ажлаа хийж, айлуудаас судалгаа авч явсан байдаг. Сэжигтнээр тухайн хаягт оршин суух 1990 онд төрсөн Ц.Батхүү гэгч сэтгэцийн өвчтэй байж болзошгүй этгээдийг баривчилсан. Уг этгээдэд мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгүүлэхээр СЭМҮТ-д хэвтүүлсэн байгаа. Мэргэжлийн байгууллагын шинжилгээний дүгнэлт гарсны дараа хэргийг шийдвэрлэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
ө
-Шинжилгээний хариу сэтгэцийн өвчтэй гэж гарвал хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Хүргэгдээд долоо хонож байна. 14 хоногийн дараа шинжилгээний дүгнэлт гарч, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрэв сэтгэцийн өвчтэй хэрэг хариуцах чадваргүй гэдэг дүгнэлт гарвал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүхээр авах ёстой. Харин хэргээ хариуцах чадвартай гэвэл хэрэг ердийн журмаар шүүхээр шийдвэрлэгдэж, эрүүгийн зохих хариуцлагыг хүлээн ёстой.
а
-Ер нь сэтгэцийн өөрчлөлтэй хүмүүст цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьдаг юм бол.
-Цагдаагийн байгууллагын зүгээс тодорхой хяналт тавина. Хэсгийн байцаагч нар өөрийн хэсэгт оршин суух сэтгэцийн өвчтэй хүмүүсийг бүртгэл, судалгаанд авч хяналт тавьдаг. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд бол сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тусгай зүйл анги байдаг. Үүний дагуу хэргийг шалгадаг.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ