Коосэн сургууль анхны элсэлтээ авлаа

img

Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд 200 орчим оюутныг Япон улсын Коосэн сургуульд хамруулан сургахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр БШУЯ-ны сайд Л.Гантөмөр болон Японы талын зочид төлөөлөгчид тус төслийг албан ёсоор нээж, бэлтгэл сургалтын хөтөлбөр буюу 1.5 жил япон хэл болон байгалийн ухааны сургалтад хамрагдаж буй 47 оюутны хичээлийн байр, суралцах орчин зэрэгтэй танилцаж оюутнуудтай уулзсан юм. БШУ-ны сайд Л.Гантөмөр "Өнөөдөр Коосэн сургуулийн анхны элсэлтийг хүлээн авлаа. Энд маш сайн сурлагатай, ирээдүйтэй залуус элсэн орсонд миний зүгээс маш их баяртай байна. Эдгээр залуус хагас жил Монголдоо хэлний бэлтгэл хийгээд ирэх хавар Японд очиж шалгалт өгнө. Тэнцвэл бүгдээрээ явна. Харин тэнцээгүй бол их сургуулийнхаа хоёрдугаар курст үргэлжлүүлэн суралцана. Мөн цаашлаад II курсээ төгсөөд Японы их дээд сургуулийн III курст элсэн суралцах боломж нь нээлттэй үлдэх юм. Түүнчлэн энэ арван сардаа багтаагаад МУИС, ШУТИС-ийн нийт арав гаруй багшийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх бэлтгэл ажил хангагдсан бөгөөд цаашид Монгол улсад мэргэжлийн өндөр технологийн сургууль байгуулах төслийн хүрээнд хоёр сая долларын тусламжийг Японы засгийн газраас үзүүлэхээр болсон зэрэг 1000 инженер бэлтгэх төсөл маш амжилттай хэрэгжиж байна" гэдгийг онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ