Эх хэл “эрэмдэг” болох уу
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл. Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон” гэж их зохиолч Д.Нацагдорж түмэн утгыг цацруулан гайхалтай сайхан бичсэн байдаг. Монголчууд олон мянган жил нүүдэллэн амьдрахдаа оюуны их өвийг бүтээсэн соёлт ард түмэн билээ. Гэвч бидний эх хэлний мэдлэг өдөр тутмын хар ярианы явцуухан хүрээнд эргэлдэж, мессеж, мессенжер, твиттер, фэйсбүүкийн этгээд гаж хэллэг хэрэглээнд түрэн орж ирээд багагүй хугацаа өнгөрөв.
й
Залуус байжээнэ /байж байна/, явжийнэ /явж байна/, гэжийгаа /гэж байгаа/, тийштээ /тийм шүү дээ/, хаанайгаан /хаана байгаа юм/, юувайна /юу байна/, өөлгөнийн /хөөрхөн юм/ Со, са /сонин сайхан/, сандлага, /сандал/, минийх /надынх/, чамынх уу /чинийх үү / гэх мэтээр ярьж бичих болоод удав. Энэ үнэхээр эх хэлний минь эмгэнэл биш гэж үү. Балчир хүүхдүүд цагаан толгойн үсэг хагас дутуу нүдлээд л олон нийтийн сүлжээний гишүүн болж дээрх яриагаар тархиа “цэнэглэж” байна.
й
Саяхан улсын нэг сургуулийн оюутан шулуун химитэй юм шиг үстэй нь ямаа мөн үү гэж асууж онигоонд орсон байх юм. Дээд боловсрол эзэмшихээр улсын томоохон сургуульд сурч байгаа хүн хонь, ямаагаа ялгахгүй байх нь өнөөгийн залуусын хэлдгээр ариун явдал уу. Өдрөөс өдөрт эх хэлэнд харь хэл ихээхэн сөргөөр нөлөөлж “эрэмдэг” болгож буйд харамсаад ч барахгүй. Ардын уран зохиолч Т.Галсан “Бага ангид хүүхдийг зөв сайхан бичүүлж, дунд ангид нь үгсийн сангаар угжих хэрэгтэй. Өнөөдөр монгол хэлний хичээл үгийг доогуур нь өгүүлбэрийн гишүүдээр зурдаг зургийн хичээл болгосон байна” гэж шүүмжилж байсан нь үнэхээр чухал гэдгийг санах цаг ирж.
фй
Сүүлийн үед аливаа баяр ёслолын үйл ажиллагаа дээр /ихэнхдээ арга хэмжээ гэж ярьдаг. Арга хэмжээ нь алдаа гаргасан хүн, албан байгууллагад л хамааралтай үг/ том дарга нар маань “За та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе гэж бодож байна” хэмээн хэлдэг болжээ. Тэгэхээр том дарга нар маань бидэнд сайн сайхныг хүсэн ерөөдөггүй, зүгээр л тэгж ерөөхийг бодож явдаг бололтой. “Үнэн хичнээн гашуун байсан ч чи сонсох хэрэгтэй” гэдэг биз дээ. Эх хэлээрээ утга төгөлдөр ярьдаг хүн цөөн болсон энэ нийгэмд монгол хэлний саармагшлыг арилгаж чадахгүй нь гэж цөхрөх үе эрдэмтэд ч байдаг. Өнөөгийн хүүхэд залуучуудын дунд гадаад үг хэлээр ярих нь боловсролтой, соёлтой мэт харагдана гэж ойлгох эмгэг үзэгдэл газар аваад байгаа нь нууц биш.
й
Монголчуудын олон жил үе дамжин хэрэглэж ирсэн, үндэсний соёлын нэг нь монгол хэл. Монголчууд ч гэхгүй аливаа улс орны соёл, түүхийн үнэт өв нь хэл бичиг байдгийг хэн хүнгүй мэднэ. Үндэсний баялаг, бахархал эх хэл гэдэгтэй маргах хүмүүн үгүй биз. Гэсэн ч манай улсын хувьд үндэсний хэл бичгээ хайр гамгүй хэрэглэх, ярьж бичих нь хэрээс хэтэрснийг хэл бичгийн эрдэмтэд халагладаг. Гудамжны хаяг реклам харь орны хэл дээр бичигдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонин, телевизээр гадны хэлээр нэвтрүүлэг бэлтгэн хүргэх, харь үг монгол хэл болон хувирч, эртний монгол үг мартагдан оронд нь харь үг тэр орон зайг эзлэх болсоор удаж буй.
йф
Тэгвэл сүүлийн үед монгол хэлтэй харь үгийг хольж ярих, “өвчлөх” үзэгдэл борооны дараах мөөг шиг болжээ. Нэг л өдөр үндэсний хэл нь монгол хэл биш англи хэл болон хувирчихгүй гэх баталгаа үнэндээ алга болжээ. Хөрс суурь нь аль хэдийнэ бат тавигдаад эхэлчихлээ. Монголчууд өөрсдөө монгол, англиар холиод яриад эхэлчихээр энэ хэлийг хэн хамгаалах билээ. Хоёрдогч хэл гээд л англи хэлийг албан бусаар зарлачихаад байгаа. Тиймээс монгол, англиар хольж ярих, эх хэлээ эрээ цээргүй харь үгээр орлуулж хэрэглэх нь монгол хэлийг мартагдуулахад хүргэж болзошгүй байна. Орчин цагийн мэдлэг, боловсрол, мэргэжлийг эзэмшихийн тулд эхлээд монгол хүн болох ёстой. Ер нь ямар ч мэргэжил эзэмших байсан эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичдэг байх хэрэгтэй. Хэл, сэтгэхүй хоёр шууд хамааралтай. “Хэл эвдэрвэл сэтгэхүй эвдэрнэ. Сэтгэхүй эвдэрснээр хүн эвдэрнэ” гэдэг шүү дээ.
й
Сүүлийн үед монголчуудын гадаад хэлний боловсрол өндөр болсон. Ясли, цэцэрлэгээсээ эхлээд гадаад хэл үзсэн унаган англи, орос, хятад, япон хэлтэй хүүхэд, залуус өсч өндийж байна. Эх хэл, бичгээ гүйцэд эзэмшээгүй байхдаа гадаад хэл сурсан залуусын сэтгэлгээ харьжиж, монгол хүний оюуны дархлаа суларч эхлэсэн нь үндэсний эмгэнэл ч гэж хэлж болохоор. Хүүхэд төрөлх эх хэлээ сонирхоогүй цагт гадаад хэл заагаад өгчих юм бол насан туршдаа өөрийнхөө хэлээр уран зохиол уншиж чадахгүй. Ярьж л чадахаас биш уран зохиолын ном унших гэхээр сонирхолгүй нэг л болж өгдөггүй гэнэ. Яагаад гэвэл тэр суурь нь тавигдаагүй учраас тэр хүн насан туршдаа монголоор сэтгэхээ больчихож байна гэсэн үг.
\
Эх хэлээ хамгаалахын тулд монгол хэлний дээд зэргийн боловсролтой хүмүүс, цэгцтэй нэгдсэн бодлого, зохион байгуулалт ус, агаар шиг чухал. Мөн өндөр хөгжсөн улс орнууд түүхэн хөгжлийн цаг үедээ тааруулан үндэсний хэмжээний тайлбар толь гаргаж, эх хэл, соёлоо хамгаалахын зэрэгцээ мэдлэгийг гаднаас чөлөөтэй нэвтрүүлэх арга замд тууштай шилжсэн байдгийг санахад илүүдэхгүй болов уу. Манай Улсад хэлний хууль гэж байхгүй. Тийм учраас тэднийг шийтгэх эрх зүйн орчингүй байна гэсэн үг. Алдаа мадагтай гарсан сонин, сэтгүүлийг хурааж чаддаггүй. Үйл ажиллагааг нь зогсоож чаддаггүй байхад улам л өргөжин тэлдэг. Бодит байдал ийм л байна. Эцэст нь эх хэлээ ээж шигээ хайрлацгаая гэж уриалмаар байна.
өб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ