Ирэх онд инфляцийг тогтвортой түвшинд байлгана

img

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцэв. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал энэ талаар байнгын хорооны гишүүдэд танилцуулга хийсэн юм. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэлдээ:

бө

-Зээлийн тасалдал бий болох, мөнгөний нийлүүлэлт огцом буурах, санхүүгийн болон эдийн засгийн болзошгүй хямрал, эрсдлээс сэргийлж макро эдийн засаг, санхүүгийн салбар тогтворжих нөхцөлийг сүүлийн 20 гаруй сарын хугацаанд хэрэгжүүлснээр  бүрдүүллээ.  Үүнд, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, нийлүүлэлтийн гаралтын инфляцийн дарамтыг багасгах замаар иргэдийн бодит орлогод ирэх байсан сөрөг ачааллыг зөөлрүүлэх, банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, санхүүгийн салбарын итгэлийг сэргээх зэргээр ажилласан.

бө

Эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, дундаж давхрагын хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог энэ хугацаанд бүрдүүлж ирлээ. Шинээр 25,1 мянган өрхөд 1,4 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгосноор өрхийн зардлын бүтцийг зохистой болгох замаар дундаж давхрагын хуримтлалыг нэмэгдүүлж, урт хугацаанд инфляци буурах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 2,6 их наяд төгрөг, зээлдэгч өрхийн тоо 60,8 мянгад хүрлээ. Энэ нь хамгийн багадаа 120 мянган иргэн сар бүр татвар, НДШ, ЭМД-ийн шимтгэл төлөхийн зэрэгцээ өрхийн орлогынхоо дунджаас 30-45 хувийг хуримтлал болгож ипотекийн зээлийн төлбөрт дундажаар 30 гаруй тэрбум төгрөг сар болгон төвлөрүүлж байна гэсэн үг.

бө

Орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл ба ДНБ-ий харьцаа 6-13 хувь болон өсч байна. Төлбөрийн тэнцлийг хангах, инфляцийг эрчимжүүлэхгүй байлгах, дунд урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хангах, макро тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ оны гуравдугаар улиралд бодлогын дараах арга хэмжээг аваад байна. Мөнгөний бодлогын хүүг 1,5 хувийн хүүгээр нэмэгдүүлж, 12 хувь болгох, гадаад валютын зээлийн эрсдлийг эзэгнэх хувийг нэмэгдүүлэх, банкуудын зээл, эрсдлийн санг нэмж байгуулахаар шийдвэр гаргалаа. Бага, дунд орлоготой иргэдийн бодит орлогод ирэх ачааллыг зөөлрүүлэх хүрээнд хэрэглээний үнийн суурин өсөлтийг бага байлгах, нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг үүсгэхгүй байх зорилгоор нам түвшинд нь тогтвортой байлгах, дунд хугацаанд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтолцоог бий болгох зорилтыг тавьж тодорхой хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа. Үүний үр дүнд нийт инфляцийн 40 хувийг эзэлдэг байсан мах, гурил, жижиглэнгийн худалдааны шатахууны өсөлт огцом буурсан. Ингэснээр инфляцид зарчмын шинжтэй өөрчлөлт орсон гэж үзэж байгаа.

бө

Төлбөрийн тэнцлийн дарамт  өнгөрсөн онтой харьцуулахад буурсан хэдий  ч нийт тэнцэл алдагдал хүлээсэн хэвээр байна.  Гадаад худалдааны нөхцөл сүүлийн 30 гаруй сарын турш муудсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 28 гаруй сарын турш буурсны нөлөөгөөр 2013 онд Монгол Улсын гадаад цэвэр актив 79 хувиар буюу 3,5 их наяд төгрөгөөр буурч, эдийн засагт 4 тэрбум ам.доллар буюу 6,1 их наяд төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн дутагдалд орсон. Энэ нь 2013 онд төлбөрийн тэнцлийн хямралт хүргэж, эдийн засгийн хүндрэлийг бий болгосон. Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр, гадаад цэвэр актив буурсаар байгаа нь эдийн засгийн өсөлт удаашрах, суурь инфляцийн өндөр байх, зээлийн өсөлт эрс саарах, эдийн засгийн бодит сектор болон санхүүгийн салбарт эх үүсвэр хомсдох, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг эрс нэмэгдэхэд тус тус нөлөөлсөөр байна. Ийнхүү төлбөрийн тэнцлийн хямралын нөлөө арилгахгүй байгаа нь макро эдийн засгийн бодлогын үндсэн сорилт болсоор байгаа. Цаашид гадаад валютын орох урсгал, төлбөрийн нийт тэнцэл сайжрахгүй бол мөнгөний бодлогод эдийн засгийн бодит секторыг дэмжих боломж, бодлогын сонголтууд хумигдаж, мөнгөний бодлогыг дахин чангаруулах шаардлага ч үүсч болзошгүй байна.

бө

Иймд 2015 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд, урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэх болно. Төлбөрийн тэнцлийн хямралаас гарч, эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, экспортын орлогыг сайжруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх нь чухал хэвээр байна гэсэн юм.

бө

Дээрх арга хэмжээг авахын тулд Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах, хуулийн хүрээнд шинээр бүрдүүлэх гадаад валютын эх үүсвэрийг Засгийн газар зохицуулахгүй зөвхөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ уялдуулан ашиглагдах байх нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлэх аж. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэрэгжих инфляци 2015 оны эцэст 7 хувь, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулсны үндсэн дээр иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх аж.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

золжаргал аа:
инфляц буурах гэсэн ч бууруулахгүй юм уу?
2014-10-23