Э.Гантулга: Дотроо талцаж, улс төр хийж буйд харамсаж байна
Дорнод аймгийн АН-ын дэд дарга Э.Гантулгатай ярилцлаа.
7
-Сүүлийн өдрүүдэд АН дотор ширүүхэн талцал үүсээд байх шиг байна. АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан, Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналд АН-ын гишүүн нь гарын үсэг зурсан гээд. Танай аймгийн намын хувьд дээрх асуудлуудад ямар байр суурьтай байна вэ?
-Манай аймгийн АН нам дотор үүсээд байгаа нөхцөл байдалд нэгдмэл байр суурьтай байгаа. Бид Засгийн газрыг тогтвортой байх ёстой гэж үзэж байна. Өнөөдрийн Засгийн газар УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу 2016 онд хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтын ажиллагааны гэрээ байгуулсныг манай намын зарим гишүүд ихээхэн улс төржүүлж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН парламентад олонхи болж чадаагүй. Олуулаа болсон. УИХ-д олонхийн суудалтай нам Засгийн газраа байгуулдаг. Тиймээс парламент дахь зарим намд санал тавьж, хамтран ажиллах гэрээ байгуулан Засгийн газраа байгуулсан. Үүний нэг нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дэх МАХН. Энэ гэрээнд өөрчлөлт хийн, үргэлжлүүлэн явуулж байна гэж ойлгож байгаа. Манай намын зарим гишүүн үүнийг улс төржүүлж байгаад намын жирийн гишүүд дургүйцлээ илэрхийлж байна.
6
-Сөрөг хүчин төдийгүй танай намын зарим гишүүн Засгийн газартаа шүүмжлэлтэй хандаж, огцруулна гэж байна. Дорнод аймгийн АН Засгийн газрыг огцруулахын эсрэг байгаа үндэслэл нь юу вэ?
-Манай нам 1996-2000 онд парламентад олонх болохдоо Засгийн газраа олон удаа унагааж байсан. Үүний уршиг нь одоо ч үргэлжилсээр байдаг. Жишээлэхэд, Дорнод аймагт бид өнөөдөр ч сонгуулиар ялалт байгуулж чадаагүй. 2000 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшиж байлаа. Тэр үед би оюутан байлаа. Харин тухайн үед манай нам сонгуулиар ялагдал хүлээгээд уйлаад сууж байлаа. Тэр үед өнөөдрийн төр, засагт ажиллаж байгаа хүмүүсийн хоорондын зөрчил, хувийн амбицаа эхэнд тавьснаас болж ялагдаж байсан гашуун түүх юм. Харин тэр гашуун түүхийг дахин давтаж, улс орныг нийгэм, эдийн засгийг ч сөхрүүлж болохгүй. Засгийн газар тогтвортой байх ёстой. Манай намын жирийн гишүүд өнөөдөр амьдралын үнэнийг хэлээд гудамжинд явж байна. Харин өнөөдөр нам дотроо талцаж, улс төр хийгээд байгаа хүмүүст харамсаж байна.
7
-Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсгээ зурсан. Гишүүний энэ үйлдлийг та юу гэж үзэж байна вэ?
-Ж.Батзандан гишүүнийг Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсанд нь гайхаж байгаа юм. Залуу хүн болохоор түргэдсэн шийдвэр гаргасан байх магадлалтай. Гэхдээ АН өөрийн дүрэмтэй. АН-ын нэрийн өмнөөс Баянзүрх дүүрэгт нэр дэвшин гарч ирсэн хүн. Гэтэл бие даагчийн байр сууринаас хандаж байна. Ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон ч цаана нь энэ хүнийг УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн нам байгаа. Намынхаа өмнө хүлээх хариуцлага энэ хүнд бий. Тиймээс алдаагаа ойлгох байх гэж бодож байна.
6
-МАХН-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараагаар АН-ын орон нутаг дахь хороодоос мэдэгдэл ирж байна гэсэн. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудалд АН-ын орон нутгийн хэдэн хороо нэгдээд байгаа бол?
-Манай аймгийн АН-ын гишүүд санаачлага гарган, Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг уриалга гаргаад, гарын үсгээ зураад явуулж байгаа гэсэн.
7
-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрлээ, хямралаа гэж Засгийн газрыг шүүмжилж байгаа шүү дээ?
-Н.Алтанхуягийн Засгийн газар улс орныг хямраасан гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Өмнөх Засгийн газар, тухайлбал МАН сонгуулиар халамжийн чиглэлээр сонгогчдод амлалт өгч, тараадаг. Баялгаа барьцаанд тавьсан. Үүний уршгаар л мөнгөний хомсдолд орсон. Энэ бол зөвхөн Н.Алтанхуягийн, АН-ын буруу биш, өмнө нь эрх барьж байсан МАН-ынхан ч хямралд хүргэсэн бурууг хуваалцах ёстой. Би Н.Алтанхуяг гэдэг хүнд сайндаа өмөөрөөд байгаа юм биш. Хамгийн гол нь Засгийн газар тогтвортой байх ёстой.
7
-Засгийн газрын үйл ажиллагааг Дорнодчууд хэрхэн дүгнэж байна вэ?
-Би өчигдөр Дорнодоос Улаанбаатарт ирлээ. Манай Дорнодын иргэд Засгийн газрын үйл ажиллагааг дийлэнх нь дэмжиж байгаа. Өмнө нь Дорнодоос өглөө гараад 12-14 цаг машинаар давхиж ирдэг байсан. Гэтэл өчигдөр найман цаг явж ирлээ. Засгийн газар орон нутгийг Улаанбаатартай холбосон хатуу хучилттай зам тавьж байгаа нь иргэдийн сэтгэлд хүрсэн ажил болсон.
7
Орон нутгийн тухайд ярихад манай Дорнод аймгийн төв зам эвдрэлтэй, машин зорчиход хүнд байсан. Тиймээс аймгийн төв замыг засварлах асуудал төсөвт тусгагдаад шинээр тавигдсан. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр бодлогыг дэмжсэн. Тиймээс 2016 он хүртэл тавьсан зорилтоо хэрэгжүүлж чадна гэж итгэдэг. Хамгийн гол нь Засгийн газар тогтвортой байснаар үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж чадах юм.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ