Л.Гансүх өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын цагдан хорих хугацааг нэг сараар сунгах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцэж, Л.Гансүх нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн. Тэгвэл түүний биеийн байдал хүндэрсэн тухай мэдээлэгдэж байгаа юм. Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулав.
ө
-Өлсгөлөн зарласнаас хойш Л.Гансүхийн биеийн байдал хүндэрсэн гэж яригдаж байна.
-Тийм. Би өчигдөр очиж уулзсан. Биеийн байдал нь муудсан байна лээ. Бөөрний архаг үрэвсэл, үе үе зүрхний хэм алдагдаж байгаа гэсэн оноштой. Зүрхний хэм алдагдаж байгаа нь хамгийн аюултай. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ирж үзлэг хийж онош тавьсан.
ө
-Өлсгөлөн зарлаад хэд хонож байна. Бие нь муудаж, амь насанд халтай болж байхад зогсоох бодол бий болов уу?
-Ес хонож байна. Өлсгөлөн зарлах бол үзэл бодлын асуудал. Манай үйлчлүүлэгчийн хувьд “миний шаардлагыг биелүүлэхгүй бол амь насанд аюултай байсан ч хамаагүй. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад улс төрийн зорилгоор хорьж буй энэ үйлдлээ зогсоо” гэсэн шаардлагыг АТГ-т тавьж байгаа.
ө
Харин энэ асуудлаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс рүү утсаар холбогдож тодруулахад “Манайхаас албан ёсоор мэдээлэл өгөхгүй. Хэргийг шалгаж байгаа байгууллага нь манайх биш, зөвхөн хорих үүрэг гүйцэтгэж байгаа газар. Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад манай зүгээс энэ тухай мэдээлэх, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажилд оролцохгүй. Хэргийг шалгаж байгаа болон хяналт тавьж буй байгууллага албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна” гэдэг хариултыг өглөө.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ