Хадгаламж эзэмшигчдийн тоо 30 хувиар өсчээ

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн   үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, дунд, урт хугацаанд эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглэнэ гэж Монголбанк үзжээ.

df

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэс гэхэд долоон хувьд, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулсны үндсэн дээр иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн ирэх оны мөнгөний бодлогын баримт бичигт тусгаад байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гишүүдэд мэдээлсэн. Гишүүд ирэх оны мөнгөний бодлоготой холбогдуулан асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, ирэх оны төсөвтэй мөнгөний бодлого уялдсан эсэх, ирэх жил ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар тооцож байгаа Засгийн газрын бодлого боломжтой эсэх, иргэдийн хадгаламж нэмэгдэж байгаа эсэх, банкны хүү ямар байх талаар Монголбанкны ерөнхийлөгчөөс тодруулж байлаа.

df

Гадаад валютын орох урсгал 2014 он гарсаар нэмэгдээгүй тул төлбөрийн нийт тэнцэл сайжраагүй, түүнчлэн төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь суурь инфляцийн өсөлтөөр дамжин хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг өсгөх эрсдлийг бий болгосон юм байна. Иймд гадаад валютын орох урсгал, гадаад цэвэр актив тасралтгүй буурч, төлбөрийн тэнцэл сайжрахгүй байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн зээлийг бууруулах замаар тэдгээр хөтөлбөрөөс үе шаттай гарах зарим баримталж байгааг Монголбанкны ерөнхийлөгч мөн онцолсон.

df

Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ