Эдийн бус барьцааг хуульчлахыг дэмжив

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Нэгдсэн хуралдаанд Хуульзүйн сайд Х.Тэмүүжин хуулийн төслийг танилцуулсан юм. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно гэж үзжээ.

6

Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байгаа аж. Тухайлбал: 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262 754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт болжээ.

6

Энэ нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байна. Үүнээс гадна хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байна. Энэ нь зээлдүүлэгчийн зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлах, улмаар зээл олголтдоо хязгаарлалттай хандах шалтгаан болдог байна.

 6

Иймд, улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл, санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэх нэг чухал хөшүүрэг болсон хөдлөх эд хөрөнгийн болон эрхийн барьцааны тухай бие даасан хуулийг боловсруулах асуудал чухлаар тавигджээ. Уг хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засагт нэн шаардлагатай байгаа баталгаажсан хэлцлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үндэс суурь болох аж.

 6

Хэдийгээр Иргэний хуульд барьцаатай холбогдсон харилцааг тусгайлсан бие даасан бүлгээр зохицуулсаар ирсэн боловч хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаатай холбогдсон онцлог зохицуулалт, түүнчлэн авлага, эргэлтийн хөрөнгө болон бүх хөрөнгийн барьцаа гэх мэт нарийвчилсан асуудлыг уг бүлгээр зохицуулж чадахгүй байгаа тул тэдгээр асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.

6

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Хуульзүйн сайдад асуулт тавьж, санал хэллээ. Үүний дараагаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь хэлэлцэхийг дэмжив.  Мөн С.Дэмбэрэл гишүүн уг хуулийн төслийг зөвхөн Хуульзүйн байнгын хороогоор бус Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал горимын санал гаргасан нь дэмжигдсэн. Тиймээс дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ