Спикер Хятадыг зорилоо
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпинд бараалхана.
а
Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын БХАТИХ-ын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хятадын Төв телевиз “ССТV-9” болон “Феоникс”телевизэд ярилцлага өгнө. Мөн Хятадын СNPC корпорацид зочилж, “Синопек” корпорацийн удирдлагатай уулзана.
ө
Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Сумьяабазар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид багтсан байна.
ө
Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ