Н.Энхбаяр "том" хэвээр
Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын улс төрд одоо ч өөрийн гэсэн орон зайтай гэдгээ харуулаад буцлаа. Монгол төрийн сэнтийд заларч явсан тэрбээр нэг л өдөр оймстой хөлөө гозолзуулан баривчлагдаж, торны цаана сууж, эцэст нь эмчилгээ хөөж, гадагшаа явсан. Ингэснээр түүний улс төрийн карьер дуусч, зөвхөн байсан хэмээн өнгөрсөн цагт бичигдэх түүх үлдсэн хэмээн бодогсод олон байсан. Тэгвэл тэрбээр Монголын улс төрийн зохиолыг дотроос нь бус гаднаас нь биччихээд яваад өгөв. Монголд тэр дундаа улс төрийн хүрээнд "том" хэвээр гэдгээ харуулж, Төрийн ордонд өрнөдөг үйл явцыг хэсэгтээ л хурдасгаж бас бужигнуулав. "Миний бие эх орондоо агаар ус амьсгалж, хөдөө явж, голын эрэг очиж, болж өгвөл цагаан идээгээ идэж, бие эмчилье гэж ирсэн. Намын үйл ажиллагаа, Засгийн газрын бүрэлдэхүүн зэрэг ямар нэг улс төрийн яриа хэлэлцээ хийх гэж ирээгүй. Та бүхэн намайг буруугаар ойлгоод байх шиг байна. Би эх орондоо бие эмчлүүлэхээр ирсэн" хэмээн эх орондоо ирсэн зорилгоо тайлбарлаж байсан хүн улс төрийн амьдралыг хэсэгтээ л бужигнуулав.
1
Эрх баригч Ардчилсан намын даргатай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулж, ирэх өдрүүдийн бууриа бат бөх засчихав. Орон нутаг, УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намтай эн зэрэгцэх хэмжээний эрх мэдэлтэй оролцохоо баталгаажуулж, төрийн эрх баригчдын суудлыг хуваалцахаар болов. Түүний гарын үсгээр баталгаажсан гэрээ Ардчилсан намынхны хуваагдал, талцлын бас нэг шалтгаан болов.
э
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл уур бухимдлаа дарж ядан мэдэгдэл хийж, "Би хэзээ ч авлигач Энхбаярыг дэмжихгүй" хэмээн хэвлэлээр нэг зарласан. Бас намын даргаа ёс зүйгүйгээр нь дуудаж, хариуцлага нэхэхээ мэдэгдсэнээр Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёрын хооронд асуудал үүсч эхлэв. Э.Бат-Үүл "Ерөнхий сайдын суудлаа авч үлдэхийн тулд долоон сайдыг золиосолсон, одоо Ардчилсан намыг улс төрийн золиос болголоо" хэмээн уур бухимдлаа барьж ядан мэдэгдсэн. Хариуд нь Н.Алтанхуяг "МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун. Бид хоёр улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?" хэмээн гоморхож, эцэс төгсгөлгүй маргаан болсон. Бүр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр 2015 оны улсын төсөв хэлэлцэх үеэр мань хоёр эрхэм хэрүүлийн үг шидэлцэж, улс орны бус улс төрийн амбицаа гаргаж харагдсан. Энэ бүхний эцэст ганцхан дүгнэлт хийж болно. МАХН-ын дарга Н.Энхбаяр гэх эрхэм эрх баригч Ардчилсан намыг хааш нь ч хөдөлгөх чадвартай гэдгээ харуулав. Өөрөөс нь болж, Ардчилсан намын лидерүүд хөлөө жийлцэж байгааг харах түүнд кайфтай байсан нь мэдээж.
ө
Н.Энхбаяр зөвхөн АН-ынханд асуудал үүсгээгүй. Тоглоомын дүрмэндээ оруулахгүйгээр алгассан байсан МАН-ынхан өөрсдөө гүйж ирээд асуудалд орооцолдчихов. Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээг "нууц хавсралттай" байсан гэх дуулианыг дэгдээсэн эздээр МАН-ынхан тодорсон. Бүр хоёр эрхмийн гарын үсгийг дууриалгаж, хуурамч нууц гэрээ үйлдсэнийг тагнуулыг байгууллагаас тогтоож, хэн хийснийг нь нэр устай нь зарласан. "Хуурамч гэрээг МАН-ын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Дэмбэрэл нарын хүмүүс үйлдсэн болохыг тогтоосон" гэх тагнуулын байгууллагын мэдээлэл МАН-ыг яаж доош орсныг харуулна. Нөгөө талаар Н.Энхбаярын зохиосон тоглоомын дүрэм МАН-д ч халгаатай байхыг сануулсан дохио биз. Акул акултайгаа л сүрэг болдог. Харин өнөөдрийн хувьд жараахай байгаа МАН-ынхан тэдний хөлд үрэгдэнэ гэдгээ мэдэрч, ажиглагчийн байр сууринаас хандах нь зөв байх.
х
Ямартай ч Н.Энхбаяр ирээд, буцлаа. Ирэхээсээ өмнө Солонгосоос иргэншил хүссэн хэмээн "амьд" байгаа гэдгээ сануулсан. Харин ирсэн даруйдаа Монголын улс төрийн амьдралд "амьд байсаар байна" гэдгээ ганцхан гэрээгээр харуулав. Бас Монголын улс төрд эрх баригч, сөрөг хүчин болж буй хоёр намд МАХН бол гурав дахь хүчин, ирэх өдрүүдэд илүү ихийг хийнэ гэдгээ мэдрүүллээ. Хамгийн чухал нь тэр Монголын улс төрд цаашид ч нэр нөлөөтэй, шийдвэр гаргах түвшний хүчтэй дуу хоолой гэдгээ нотлоод буцлаа.
х
Тэр "том" хэвээр ажээ.
ө
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ