Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг дэмжив

img

Нийгмийн бодлого,  боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг шийдлээ.

df

Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээллээр 25000 малчин буюу нийт малчдын 6,0 орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна. Нийгмийн даатгалын сангаас 45,6 мянган малчин өндөр насны, 9,5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3,2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс байгаа аж. Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улсад 145229 малчин өрх байна. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27,4 хувь байгаа бол малчдынх 34,4 хувь, малчин бус иргэдийнх 24,4 хувь байна.

fd

Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой дүйцэхүйц арга хэмжээ болгон 1995 оноос хойших 20 жилийн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгох нь тэдний оролцоотойгоор нийгмийн баталгааг нь хангахад чухал ач холбогдолтой. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд ажилласан жилээ нөхөн тооцуулж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол малчид нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломж багатай байснаараа онцлог гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

df

Гишүүдийн зүгээс тухайн малчин 20 жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын ямар ч шимтгэл төлөөгүй явж ирсэн бол одоо хэдэн төгрөг нөхөн төлөх болон улсын төсөвт ямар ачаалал ирэх асуудлыг тодотгож байв. Хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжтой байхаар тусгажээ. Байнгын хорооны гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

df

Дараагаар нь  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслийг гишүүн О.Баасанхүү санаачилсан юм. Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийн сантай байх тухай төсөлд тусгасан байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс чанартай, баталгаатай эмийн үйлчилгээний талаар санаа тавьж байгаа нь зөв ч эхлээд энэ салбарын шинэчлэлийн талаар ярих хэрэгтэй гэжэ байв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр 34, эм ханган нийлүүлэх байгууллага 111, эмийн сан 1200 байгаа гэсэн судалгаа байна. Өнөөдөр иргэдийг чанартай, баталгаатай эмээр хангах асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Иймээс тухайн эмч өөрийн харьяа эмнэлгийнхээ эмийн сантай цахимаар холбогдож өвчтөнд ямар эм шаардлагатай байгааг хэлж, эмчилгээ явуулдаг байх нь үр дүнтэй, баталгаатай гэж үзсэн. Бусад улс орон бүгд энэ жишгээр ажилладаг. Харин гадуурх эмийн сангуудын үйл ажиллагааг хаах асуудлыг энд яриагүй. Эмийн худалдаанаас эргээд ашиг нь орж ирдэг тул төсөвт хүндрэл үүсэхгүй. Өвчтөн, эмч хоёрыг холбодог эмийн үйлчилгээг үзүүлэхэд чанартай, баталгаатай эмийн сан хэрэгтэй гэлээ.

df

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь дэмжлэгийг авч чадсангүй. Тиймээс төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.

df

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюунхорол:
энэ доор сэтгэгдэл бичсэн хүн одоо болтол биднийг мэддэггүй юм байна даа. сонгууль дөхөж байна. малчдад зориулж нэг халамжийн хууль гаргачихвал манай намд ашигтай байна. эх орны ирээдүй бидэнд хамаагүй. төсөвд үзүүлэх дарамт ч бас хамаагүй. гол нь төрийн эрхийг авах нь бидэнд чухал. тэгж байж л бид хулгай, луйвраа хийдэг юм шүү дээ
2014-10-30
zochin :
uls ornii ireeduid yamar ikh daramt avchirch baigaag ene oyunhorol huuhen meddeg bolob uu, bugdiig halamjlah gej oroldoh yum
2014-10-28