Б.Бат-Эрдэнэ: Найдвартай хамгаалалтын систем манай улсад байхгүй
Хууль сахиулах их сургуулиас санаачлан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албаны Хилийн аюулгүй байдлын менежментийн газар, Терроризмтэй тэмцэх газар болон Стратегийн цагдаагийн бодлогын газраас манай улсын хууль сахиулах, тусгай чиг үүргийн байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж байна.“Террорист үйл ажиллагаанд интернэтийг ашиглах ба цахим гэмт хэрэг” сэдэвт сургалт уг сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хоёр өдөр үргэлжлэх юм.
A
Уг сургалтаар цахим ертөнцийг алан хядах үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгаа, тэдгээрээс урьдчилан сэргийлэх аргуудын талаар сургагч багш нар, оролцогцогчид харилцан ярилцах аж. Түүнчлэн сүүлийн үед цахим ертөнцөд гарч байгаа хэргийн аюул заналхийлэл, үндэсний хэмжээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, түүнд тулгарч буй бэрхшээлүүд, уахим гэмт хэрэгтэй тэмуэж байгаа олон улсын туршлагуудыг танилцуулах юм байна.
a
Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж, төрөл бүрийн ажил үйлчилгээ, бизнес худалдаа цахим хэлбэрээр иргэдэд хүрч байгаа энэ үед кибер халдлагаас хамгаалах асуудал маш чухал. Манай улсын хувьд интернэт хэрэглэгчдийн тоогоор дэлхийн 200 гаруй улсын 102 дугаарт бичигдэж байгаа ч хүн амынх нь тоотой харьцуулахад дэлхийд нэгдүгээрт жагсаж байна гэсэн судалгаа байдаг аж. Кибер гэмт хэрэг хил хязгааргүй гэдэг утгаараа энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа маш чухал гэж үзсэн байна.
a
Энэ талаар ХСИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
a
-Манай улсад цахим гэмт хэрэгтэй тэмцэх боловсон хүчин, тэднийг хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэгч боловсон хүчин нь мэдээж мэргэжлийн хүмүүс байдаг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төвлөрөн ажиллаж байгаа. Цаашид ХСИС дээр мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэжлийн ангийг тусгайлан гаргах шаардлага гарсан нь харагдаж байна. Энэ чиглэлээр тооцоо судалгааны ажил хийгдэж байгаа удахгүй мэргэжилтэн бэлтгэж эхэлнэ.
a
-Танай сургууль цахим гэмт хэрэгтэй тэмцэх талаар Цагдаагийн ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудтай хэр хамтарч ажиллаж байгаа вэ?
-Манай сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны нэг төрөл нь мэдээллийн салбарт хийгдэж буй гэмт хэргийг бүртгэх юм. Манай хүрээлэнгийн ажил эхлэл төдий явж байгаа ч цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс хууль сахиулах байгуулагуудтай нягт хамтран ажиллах шаардлага гарч байгаа.
a
-Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүдийн утастай холбоотой мэдээлэл багагүй асуудал үүсгэлээ. Манай улсын цахим хамгаалалт ер нь хэр байдаг юм бол?
-Мэргэжилтнүүдийн ярьж байгааг сонсоход найдвартай хамгаалалтын систем манай улсад байхгүй нь харагдаж байна. Шууд таслан зогсооход хүндрэл үүсч байгааг тухайн салбарын ажилтан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярьж байхыг сонслоо. Энэ нь төрийн байгууллагын аюулгүй байдалтай холбоотой асуудал болж яригдах нь байна. Интернэтийн орчинг ашиглаад ямар ч гэмт үйлдлийг өдөөж болох нь байна. Өнөөдрийн сургалтаар ч тэр цахим ертөнцийг ашиглан террорист үйл ажиллага хийх талаар ярьж байгаа. Террорист үйлдлийг ч гэсэн уахим ертөнцөөд хийж болно гэдгийг анхааруулж байна.
a
Сургалтад таван орны 30 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба Монголын талаас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Авилгатай тэмцэх газар, Үндэсний тагнуулын академи, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тахарын ерөнхий газар, Монгол банкны төлөөлөгчид оролцож байгаа аж.
q
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ