Сэтгэлдээ нартай харагдавч сэмэрч дуусч буй хүүхэд нас ....

img

  Оройн 16 цаг. Тэсгэм хүйтэн өвлийн энэ өдөр “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Баяр дөхөж буй болохоор тэр үү хүний хөл хөдөлгөөн ихтэй байв.

Боодол “лент” аравыг зууд, тамхи чихэр бохь аваарай, тор авах уу эгчээ хэмээн захын төв хаалгаар оронгуут л бяцхан хүүхдүүд намайг урдаас тосох аж. Тэднийг харахад бүгд л гадаа хүйтэнд өдөржин явснаас царай нь даарч хөхөрч бяцхан гар нь бээрсэн харагдах бөгөөд нүдэнд нь гэрэлтэх гал цог “хэдийнэ” алга болжээ.

Тийнхүү нэгэн бохь, тамхи,чихэр зарж буй жаалтай хэсэгхэн хугацаанд ярилцахаар тус худалдааны төвийн хүнсний зах руу орлоо.

Тэрбээр “Эгчээ би удаан ярилцах боломжгүй байна аа, хурдан ярилцчихаад ажлаа хийх ёстой” гэсэн учир эндээс холдож чадаагүй юм. Зарж буй тамхи, бохь, чихрээ хайрцаганд хийн уяагаар уяан хүзүүнээсээ зүүсэн байх бөгөөд шавилхан биедээ баймааргүй хүчтэй  харагдана. Түүнийг Б.Баттулга гэдэг бөгөөд “Нарантуул" худалдааны төвд “наймаа” хийгээд гурван жил болж байгаа аж. “Таны харж байгаа энэ барааг би 30 мянган төгрөгөөр өчигдөр авсан юм” хэмээн хайрцган дахь чихэр, тамхи руугаа заагаад, жижигхэн уруулаа цорвойлгон ярьж өгөх нь үнэхээр эгдүүтэй санагдав. Мөн “Гэхдээ эргүүлээд өдөртөө 7000 төгрөгийн л ашиг олдог юм оо, тэгээд л хоол хүнсний зүйлээ аваад 3000 төгрөг цаашаа хийдэг ухаантай” хэмээн санаа алдангуй инээмсэглэх аж.

Түүний эцэг эх нь таван жилийн өмнө хавдраар нас барсан учир өөрийн таван дүүгээ тэжээх үүрэг энэ бяцхан хүүд  оногдсон байна. Дүү нар нь бүгд сургуульд явдаг гэх. Харин өөрөө  гуравдугаар анги хүртлээ суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиа орхисон аж.

Баттулгын яг доод талын дүү нь сургуулиа орхиод ахдаа туслахаар  цуг зах дээр ажиллая гэдэг боловч дүүгээ боловсролгүй, ирээдүйгүй хүн болгохгүй гэсэндээ өөрөө л бүгдийг нуруундаа үүрч явна. Тэрбээр 14 настай хэдий ч дэндүү ахадсан үүргийг өөртөө хүлээсэн юм. Түүний насанд  хичээлдээ явж, аав ээжийгээ “шаналган”  мөнгө нэхэж аваад найзуудтайгаа нийлэн “пс” тоглоом тоглож, хөгжилдөн наадах үе. Гэтэл таван хүний амьдралыг өөртөө үүрч,  сэтгэлдээ нартайгаар гэрэлт ирээдүйг харж явна.

Олсон мөнгөөрөө өдөртөө жаахан мах, талх аваад гэртээ харьдаг гэх бөгөөд “Өдөрөө яахав болгоод л байдаг юм гэхдээ манай бага дүү жаахан болохор одоохондоо учир мэдэхгүй, амттай юм нэхээд хэцүү л байдаг юм” хэмээн өдөржин гадаа даарснаас хөхөрч даарсан гараараа толгойгоо маажихад сэтгэлд минь гуниг төрөн, нүднээс нулимс асгарах болсноо нуух юун. Тэдний энэ зун амгаланд байрлах жижигхэн “амбаар” нь гэнэт шатсан учир орох оронгүй болон Алтан өлгийн эцэст байрлах “Хайр” христийн цуглааны байранд одоогоор амьдарч байгаа аж.

Тэнд амьдрахдаа зүгээр амьдрах биш дүү нар нь цэвэрлэгээ хийн, янз бүрийн ажилд нь тусалдаг гэв. Хорооны халамж, үйлчилгээнд хамрагдан сар бүрийн эх орны хишгээ аваад, эргээд дүү нартаа л зарцуулдаг байна. Тэрээр “Хожим нь миний дүү нар л намайг харж хандах учир, одоо бол би хамаагүй ээ өнгөрсөн хэрэг. Эд нар минь л боловсролтой, сайн хүн болж байвал боллоо” хэмээн сая нэг нүдэндээ цогтойгоор инээмсэглэв.

Бяцхан хүүхдүүд өөрт ахадсан ачаа үүрснээр амьдралд суралцан, хэрсүү ухаан суужээ. Монголд Баттулга  шиг хөдөлмөр эрхэлж буй олон арван хүүхэд  бий. Тухайлбал мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар  Улаанбаатар хот, аймгийн төв, сум, суурин газруудад албан бус тоогоор 6950 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 4600 орчим нь нийслэлд ажилладаг байна. Түүнчлэн 1200 орчим хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг тухай ч судалгаанд дурджээ.

Нэг хүүхэд заримдаа 500 кг ачаа зөөх тохиолдол байдаг бөгөөд энэ нь НХХ-ийн сайдын баталсан насанд хүрээгүй хүнээр ачаа зөөлгөх, өргүүлэх хэмжээнээс 4-8 дахин их аж.

Зах, хогийн цэг дээр ажиллах, хэт хүнд ачаа өргөх, мах бэлтгэх, уул уурхайн салбар, хурдан морь унах зэрэг нь хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт тооцогддог байна.

Хүүхэд үгэнд оромтгой, заримдаа өгсөн хөлсийг нь чимээгүй авчихдаг учраас наймаачид хүнд хүчир ажил хийлгэх дуртай байдгийг үгүйсгэхгүй. Тэд нэг удаа 500 кг ачаа зөөж хөлс, хүчээ зориулсныхаа шанд ердөө 1500 төгрөг авдаг гэсэн  баримт ч бий.

2016 он гэхэд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрийг устгаж чадах эсэх  эргэлзээтэй...

Гэвч тэдний төлөө дуугардаг ганц өдөр нь зургадугаар сарын нэгэн буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрөөр томчууд тэдний өмнө тулгамдсан ямар асуудал байгааг сөхөж ярихын оронд амттанаар цатгах л ёстой аятай өнгөрүүлдэг. Сурлагаараа тэргүүлэгч, урлагийн авьяастай гэх тодотголтой цөөн хүүхэд  Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайдтай уулзаж мөрөөдөл яриад л эрхийн өдөр нь өнгөрнө. Монгол хүүхэд эрхийнхээ төлөө тэмцэж дуугарч байсан үе тун ховор.

Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Үүний хүрээнд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх шаардлага тулгараад байна. Гэхдээ нэг л өдөр тэднийг зах дээр гарч тэрэг түрэхээ боль, хүнд ачаа битгий зөө гэж ятгаж боломгүй. Ядуурал хүрээгээ тэлж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байхад таван жилийн дараа хүүхдийн хөдөлмөрийг устгаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Qi6B75 , [url=http://ascnmhysxjiv.com/]ascnmhysxjiv[/url], [link=http://txfwzkntubuf.com/]txfwzkntubuf[/link], http://czgtceoobxdm.com/
2012-01-02
I see, I spuopse that would have to be the case.
2011-12-31