Туйлширна гэдэг мунхрал уу? Эсвэл...
Хамгийн их туйлшрамтгай улс хаана байна? гэж асуувал монгол гэж хариулмаар байна. Үнэндээ манайхан туйлширч ханадаггүй. Нэг хүнийг магтахаараа өндөг шиг өөгүй, бараг л бурхан гэх нь холгүй сайшаана. Харин муулахаараа амьдралдаа нэг ч сайн юм хийж байгаагүй, арван таван толгойтой хар мангас гэдэг шиг газар дор ортол нь муулдаг.
a
Гэвч үнэн хэрэгтээ адгийн хулгайчид хүртэл авах зан бий шүү дээ. Ямар ч юмыг хэтрүүлж болохгүй. Хоолны давс ихдэх юм уу? Сул бол ямар болохыг та бид сайн мэднэ. Түүнтэй яг адилхан. Ер нь цав цагаан, тас хар юм их ховорхон байдаг биз дээ. Дэлхийн II дугаар дайныг өдөөсөн, өнгөрсөн зууны хамгийн муу хүн гэж хэлэгддэг Адольф Гитлер амьтанд их хайртай байсан. Тиймдээ ч Гитлерийн баталсан Амьтдын эрхийг хамгаалах хуулийг Герман улсад одоо ч хэрэглэдэг гэдэг.
a
Өөртөө арай дөхөм шүлэг, яруу найргийн хувьд ярихад, шүлэг, яруу найргийн түвшин, хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалыг ерөнхийлөн авч үзвэл үгийн чамирхал голлосон магтаалын төлөвтэй реалист хэв маяг, модернизм буюу сэтгэхүйн шинэ эрэлхийлэл хэмээн хэлбэр бүтцийг эвдэн хаана буухаа мэдэхгүй баримжаагүй дэвхцэл гэсэн хоёр заагийн туйлшралд уламжлалт монгол шүлгийн толгой холболтонд шүтэгдсэн чиг үндсэндээ ноёрхоостой байна гэж болох юм.
a
Туйлшралыг өөр өнцгөөс буюу жаахан бараанаар харах юм бол нэгэн төрлийн дон гэж ойлгож болно. Тиймээс сайн дон гэж байдаг байх нь. Сайн дон бас байна аа. Тухайлбал, хичээлдээ донтох ч юм уу ажил мэргэжилдээ донтохыг хэлмээр ч юм шиг. Гэвч сайтар тунгааж үзвэл монголчууд дандаа буруу зүйл рүү туйлшраад байх юм. Өнөөдөр иргэд мэдлэг муутайн улмаас үнэн худлын ялгаа арилж, хүмүүсийн итгэл бишрэлээр бизнес хийгчид олширч, эцэг, өвгөдөөс тахин шүтэж ирсэн бөө мөргөлөө шавар шавхайд хутгаад сууж байгаа гэхэд хилсдэхгүй.
a
Энэ нь нөгөө л “дон” туйлшралтай холбоотой. Зарим багш нь бөөгийн онгод авахуулах нэрээр хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан. Нэг хүний найз нь бөөд хандаад “Тэр бөө сайн надад тусалсан” гэж яривал түүнд нь итгээд, гэрт нь очдог. Энэ мэт нь хүмүүсийг бөөд татагдах, түүнд сүсэглэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хүмүүс аливаа зүйлд арга мухардахдаа “сайн” гэсэн лам, бөө, үзмэрч дээр очиж үзүүлдэг. Харин тэдний туйлшрал, итгэл үнэмшлээр нь тоглож бохир бизнес хийх хүн борооны дараах мөөг шиг болсон.
a
Монгол хүний амьдарч ажиллаж ирсэн цаашид бас амьдарч ажиллах энэ нийгэм өнөөдөр магад хамгийн эгзэгтэй ээдрээтэй үедээ ирсэн болов уу гэж бодогдох боллоо. Монгол хүмүүс мухар сүсэгт үнэмшиж толгойгоо эргүүлүүлсээр эрсдэлд орж байна. Ганхцан жишээ хэлэхэд, монголчуудын сүсэг бишрэлээ даатган залбирдаг "Ээж" модны ойр, орчмын мод үхжиж, их хэмжээний хөрс шороо талхагдсан нь шашны зан үйлдэгчид, ялангуяа бөө нарын буруу үйл ажиллагаатай холбоотой хэмээн хүмүүс ярьдаг.
a
Мөн ариун шүтлэг гэх энэхүү газраа хогоор дүүргэж, архи пивоны хаягдал зэргээ хаяж байгаль дэлхийгээ бохирдуулсаар байгаа. Хүмүүсийн мухар сүсэг, туйлшрал нь хэрээс хэтэрч мунхаглал болж хувирсан бололтой. Учир нь монгол түмний сүсэг бишрэлээ даатган залбирдаг "Ээж" модонд эмэгтэй хүний хөхний даруулгыг өлгөсөн харагддаг. Ээж модноос үр гуйж хөхний даруулгаа тавьдаг гэж найз нөхдөөсөө сонсоод л “залчихсан” байх юм.
a
Бид эзэн Чингисийн удам монгол хүн гэж бардам хэлэхийн тулд Монголын түүх шастираа уншсан, угсаа гарлаа мэддэг, шашин мөргөлөө ялгадаг, ёс заншлаа ойлгодог, бусдад тайлбарлаж чаддаг баймаар. Гэвч сүүлийн үед бөө болсон зарим хүмүүс солиоролд их орж байгааг санахад үнэхээр илүүдэхгүй. Бөө болохоор онгод тэнгэрээ хүлээж байгаа гэх хүмүүс сүүлийн үед сэтгэцийн эмчилгээ хийлгэх нь ихэсч байгаа аж. Бөө болж байгаа хүмүүст гэр бүлийнхзн нь итгэдэг. Хүмүүс ч үзүүлж, засал хийлгэнэ. Тэгэхээр өөрийгөө өвчтэй гэдэгт итгэхгүй, өөртөө маш итгэлтэй болдог. Ар гэрийнхэн ч "манай хүн хардаг, мэддэг" гээд итгэчихсэн байдаг.
a
Нэг эмэгтэй,нөхрөө нас барсны дараа "Нөхөр маань нэг шөнө ирээд миний хажууд хэвтсэн. Энэ үйл явдал гурван сар давтагдсан. "Арга ядаад бөөд үзүүлээд өөр байранд орсноос хойш нөхөр маань ирэхээ больсон" гэж манай эмчид ярьсан. Шинжлэх ухааны үндэслэлээр тэр эмэгтэй нөхрийнхөө орон зайг асар ихээр үгүйлж байгаад өөрөө хамт байна гээд итгэчихсэн. Өөр байранд орвол зүгээр болно гэж бөө нь ятгаж, өөрөө итгэснээс нөхөр нь харагдахаа больсон байна. Энэ мэтээр бөө хүний нуруу руу халуун ус цацаж, халуун төмрөөр хайрч түлэх мэт эмгэг нь янз бүрээр илрэх нь бий” хэмээн мэргэжлийн хүмүүс учирлан ярьж байсан. Гэхдээ монголчуудын эрт дээр үеэс шүтэж залбирч ирсэн бөө мөрөглийг үгүйсгээгүй гэдгийг ойлгоорой.
a
Эрүүл мэндийн салбарт ч тэр яаралтай хагалгаанд орох заалттай хүмүүс “шүтдэг сайн лам, бөөдөө үзүүлсэн. Өнөөдөр хагалгаанд орж болохгүй гээд гүрийчихдэг. Бид амь насыг нь аврах гэж арга чаргаа бардаг гэдгийг санадаггүй. Хариугүй төрөх дөхсөн эмэгтэй хүртэл өнөөдөр төрж болохгүй гэсэн гээд эмчээс зугтах тохиолдол ч гардаг болсон. Гэтэл эхнэрийг нь, охиныг нь эсэн мэнд амаржуулсан эмчид талархаж байгаагаа хэлээгүй байж хаа хол байгаа лам багштайгаа утсаар ярьж таны хэлснээр өнөөдөр, дөнгөж сая төрлөө, таны уншсан ном тус боллоо баярлалаа гэж байхыг сонсоход үнэндээ гомдмоор байсан шүү гэж хэмээн учирлаж байсан эмчийн ярианаас туйлшрал ямар хэмжээнд хүрснийг харж болно. Энэ мэт туйлшраад байвал эрүүл сэтгэхүй байхгүй болж ч мэдэх нь байна шүү, монголчууд минь.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ