Ж.Энхбаяр: Эрх баригч нам үнэхээр хариуцлагагүй байна
Төрийн ордны А танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд энэ үеэр намын даргаа өгч магадгүй гэх батлагдаагүй мэдээлэл ч яригдаж байгаа юм. Тэгвэл МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы танхимд хуралдаан эхлэхийг хүлээж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
х
-Чуулганы хуралдаан хэдэн цагт зарласан байсан юм бол? АН-ын бүлэг хуралдаад тараагүй байна. Н.Алтанхуяг сайд намын даргынхаа ажлыг өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Та бүхэнд ямар мэдээлэл байна?
х
-Н.Алтанхуяг намын даргаа өгнө гэвэл Ерөнхий сайдаас огцорлоо л гэсэн үг. Өнөөдөр Улстөрийн намуудын тухай хуулинд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрэм тов тодорхой байгаа. Энэ бол улстөрийн тогтсон хэв жаяг шүү дээ. Тэгэхээр манай хүн “Эзэн 100” гэдэг шигээ ээлжит арга залиа хэрэглэж байгаа юм болов уу даа. Өнөөдөр л тэсэж үлдэх нь чухал. Тэрний дараа намын хурал хуралдаа ч уу, үгүй ч үү. ҮЗХ нь бүрэлдээ ч үү, үгүй ч үү. Ялангуяа АН-ын нам доторх ардчилал сүүлийн хэдэн жил зогсчихсон шүү дээ. Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахаа больсон. Дийлэнх нь төрийн албан хаагч болчихсон, эрх зүйн чадамжгүй болчихсон.ҮЗХ –ийн гишүүд нь түүнийг чөлөөлөөд дахин хуралдах юм бол улстөрийн өрөг нь өөрчлөгдөх гээд байдаг. Нэг иймэрхүү хаа хаанаа ацан шалаанд орсон байна. Бидний хувьд өнөөдөр хэн байх нь ялгаа алга. Энэ бол АН ын дотоод асуудал. Бид Ерөнхий сайдын асуудлыг тавьсан. Намын даргаараа Алтанхуяг нь байна уу Арвин нь байна уу хамаагүй. Улстөрийн намын дотоод асуудал. Бид нарын гол асуудал бол улс төр, нийгэм, эдийн засаг хүндэрч байгаа асуудал. Өнөөдрийн эдийн засгийн нуралт үүссэн гэдэг л байна. Эдийн засгийн байдал нурж байна. Төсвийн өнөөгийн байдал туйлын хангалтгүй байна. Уналтаас урьдчилан сэргийлэх биш хямралаас хохирол багатай гарах төсвийг 2015 онд батлах ёстой. Төсөв мөнгөний бодлого нэг байх ёстой, уялдуулдах ёстой. Дээд зэргийн хэмнэлт, дээд зэргийн үр ашигтай нөөц бололцоогоо дайчилсан төсөв мөнгөний бодлого гаргаж чадахгүй бол цаана нь эдийн засгийн нөхцөл байдал өдөр өдрөөр муудаж байна. Ирэх онд бидний төлөх өр төлбөр, зээлийн хүү 708 тэрбум төгрөг төлөх гээд байна. Үндсэн зээлээс 1 их наяд төгрөг төлөх эдийн засгийн бодит чадавхиа алдчихаад байна. Ирэх жил улсын төсвөөс нэг ширхэг ч шинэ хөрөнгө оруулалт хийх боломжгүй болчихлоо. Энэ өрийн хавцлаас яаж гарах вэ гэдэг нь бидний нэн тэргүүний асуудал. Энэ асуудалтай хамт валютын уналт бий болох гэж банйа. Энэ асуудлыг дагаад банк санхүүгийн байгууллагын хямрал болох гэж байна. Үл хөдлөх хөрөнгийн уналт болох гэж байна. Энэ асуудалд ард түмэн бэлдэх ёстой болоод байна. Өнөөдрийн намын даргын асуудал үнэхээр хамаа алга. Эрх баригч нам үнэхээр хариуцлагагүй байна. Ялангуяа эрх барьж байгаа нам эрх мэдэл албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд яахаас буцахгүй байна. Яагаад гэвэл албан тушаалаас мултраа л бол өөр газар хүлээж байгаа. Шулуухан хэлэхэд идсэн уусан, ашигласан, авилгал авсан ноцтой асуудлууд их байна шүү дээ.
х
-Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан. Ямар шалтгаанаар хойшилсон юм бол?
х
-Харалдаа, ерөөсөө Н.Алтанхуягтай холбоотойгоор монголын төрийн бүх ажил хойшилчихоод байна. Хангалттай хойшилж байна. Одоо гадаа цас орж байна. Зүүн нутаг тэр чигээрээ түймэрт шатаж байна. Өвлийн бэлтгэл хэр байна. Бүх системдээ бид задарчихэаад байна. Орон нутаг удирдлагаа алдчихаад байна. Дур зоргоороо аашилж байна. Төрийн байгууллагуд нь чадавхигүй болчихсон, ажил нь үндсэндээ зогсчихсон байна. Фракц хоорондын тэмцэл нь ингээд дээд шатнаас нь доод шат хүртэл нь хуваагаад хаячихлаа. Ийм нэгдмэл бус, зохион байгуулалтгүй, дээрээс нь гарын салаагаар мөнгө урсгасан. Энд тэндгүй баяр ёслол, салют буудуулцгаах юм. Үр ашиггүй хэдэн зуун тэрбумаар нь зарцуулж байгааг бид харж байна ш дээ. Нөгөө талдаа өнөөдөр эмнэлэг, сургууль ямар хүнд нөхцөлд байгаа билээ. Тэрийг тоож байгаа ч юм алга.
х
-Тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд УИХ хэзээ шийдвэрлэх ёстой юм бэ?
х
-Хуулийн хугацаа өчигдөр дууссан. Өнөөдөр хуль хэрэгжих ёстой. Өнөөдөр Н.Алтанхуягын асуудал хурлаар ороод шийдэгдэх ёстой. Эцсийн арга бол АН-ын бүлэг 5 өдрийн зкавсарлага авах. Өөр гарц байхгүй, бид хүлээгээд сууж байна. Төрин байгуулалтын байнгын хороогоо хурдан хуралдуул гэж бид шаардана. Н.Алтанхуяг нь огцорно уу, үгүй юу хамаагүй. Бид хариуцлага тооц гээд өгчихсөн байна. Эрх баргичид хариуцлага тооцож чадвал сайн байна. Чадахгүй бол ажлаа бодьё. Цааш явцгаахаас яахав. Цаана чинь төсөв мөнгөний бодлого гээд томоохон ажлууд хүлээгдэж байна. Дахин хэлэхэд у эдийн засгийн маш хүнд нөхцөл байдал бий боллоо гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Одоо шаардлагатай бол МАН ард түмэндээ сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргая гэж бодож байгаа. Эдийн засаг хүндэрлээ энэнд бэлтгэх. Яаж хохирол багатай гарах вэ гэдэг талаас нь ард түмэндээ сэрэмжлүүлэг гаргая гэж бодож байна.
х
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ