“Хүнсэнд хэрэглэхээр тусгагдаагүй нэмэлт бүтээгдэхүүн ашигладаг”
МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар өнөөдөр хүнсний нэмэгдлийн тандалт судалгааг танилцуулсан. Үүгээр хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнийг үйлдвэрүүд буруу хэрэглэж байгаа, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хилээр орж ирж буй хүнсний нэмэлтэд ямар ч хяналт байхгүй нь тогтоогдсон гэдгийг онцлов. Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 156 хүнсний боловсруулах үйлдвэр, 114 хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй үйлдвэр, 44 худалдааны зэрэг нийт 314 аж ахуй нэгжийг хамруулсан байна. Хүнсний үйлдвэрүүдийн түүхий эд бүтээгдэхүүнийг Энэтхэг, Дани, Итали, АНУ, Австри, Солонгос, БНХАУ зэрэг 11 улсын 49 үйлдвэрлэгчээс шууд буюу импортлогч аж ахуй нэгжээр дамжуулан худалдан авдаг аж.
а
Мэргэжлийн хяналтын байцаагч хүнсний нэмэлтийн 33 хувь нь Монгол, Англи, Оросоос бусад хэл дээр бичигдсэн шошготой, БНХАУ-аас импортлогдсон хүнсний нэмэлт ихэнхдээ ханз бичгээр бичигдсэн байгаа нь бүтээгдэхүүний шошгоос орц найрлага, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, гаж , нөлөө, хориглох заалтын талаар үйлдвэрлэгч хэрэглэгч үнэн зөв мэдээлэл авах боломжгүй байна гэж тайлбарлав. Мөн үйлдвэрүүд хүнсний нэмэлт агуулсан түүхий эдийг ил задгай битүүмжлэлгүй, тусгаарлаагүй хадгалдаг, хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хугацаа дууссан хүнсний нэмэлт, түүхий эдийг үйлдвэрлэлд ашиглаж байсан нь тогтоогджээ.
ө
Түүнчлэн хилээр орж ирж байгаа хүнсний нэмэгдэл бодисын хувьд үндэсний болон олон улсын стандартад хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэхээр тусгагдаагүй хүнсний нэмэлт импортлогдон хэрэглэгдэж байгаа гэнэ. Энэ нь хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид хүнсний нэмэгдэл бодисын талаар мэдлэг мэдээлэл дутмагтай холбоотой аж. Тиймээс хилээр нэвтрэх болон худалдаалагдах үйлдвэрлэлд хэрэглэгдэх явцад тавих хяналтыг чангатгах шаардлагатайг онцолсон.
а
Манай улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”, олон улсын “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”, Европын холбооны техникийн зохицуулалтад тусгагдаагүй нэмэлтүүд орсон түүхий эд, бүтээгдэхүүн импортлогдон хэрэглэгдэж буй нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, халдварт бус өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг ч хэлсэн. Мөн зөвхөн ундааны үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэгдлийг өөр төрлийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа нь тандалт судалгаагаар тогтоогдсон тул цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа аж.
ө
Хүнсний нэмэгдлийн талаарх нарийвчилсан журмыг ҮХААЯ-наас гаргах ёстой ч одоог хүртэл гаргаагүй тул улсын бүртгэлийн ажил эхлээгүй, манай улсад мөрдөгдөж байгаа стандарт хоцрогдсон байгаа учраас эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа аж. Зарим төрлийн хүнсний нэмэлтийг шинжлэх шинжилгээний аргачлал байхгүй, 2-оос дээш хүнсний нэмэлт бодис найрлагад орсон бол шинжлэх багаж төхөөрөмж лаборатори байхгүй, улсын байцаагчид энэ чиглэлээр мэдлэг дутмаг байгаа зэрэг асуудалтай гэнэ.
Мөн иргэдийн 76 хувь нь хүнсний нэмэгдлийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Үүнээс хүнсний нэмэлтийн талаар албаныхан болоод иргэд нэгдсэн ойлголтод хүрээгүй, хилээр ямар хүнсний нэмэгдлийг оруулж ирж байгааг тодорхойлоход хэцүү байгаа нь харагдав.
б
Өнөөдрийн хуралд ЭМЯ, ҮХААЯ зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож, эдгээр асуудалд хэрхэн анхаарах ёстой талаар санал солилцсон. Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ асуудлыг цэгцлэхийн тулд хууль эрхзүйн орчин бүрдүүлж, улсын байцаагчдыг гадаадад мэргэшүүлэх шаардлагатай гэнэ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ