Шилэн данстай болчихвол шоронд явах хүн олдохгүй дээ
Ц.Элбэгдорж 2013 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохдоо “Том төрөөс Ухаалаг төр лүү” гэсэн том зорилгыг гарган тавьж, энэ хүрээндээ шат шатны байгууллагыг ухаалаг болгох маш олон ажлыг эрчимтэй хийж байгаа. Ухаалаг төртэй болохсон гэж хүсдэг ч хуруугаа хөдөлж байгаагүй улс төрийн нам эвслүүд Ерөнхийлөгчийн бодлогыг дуу нэгтэйгээр дэмжсэн бөгөөд ажил хэрэг болгох талаар ажиллаж эхэлсэн нь сайшаалтай. Ухаалаг төрийн хүрээнд хийгдсэн нэг том ажил бол “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо”.
1
Сум багт хуваарилагдсан төсвийг иргэд шууд ардчиллын зарчмаар нээлттэй хэлэлцэж, сумаа, багаа хэрхэн хөгжүүлэх, энэ мөнгө ямар бүтээн байгуулалтад хэрэгтэй вэ гэдгийг сайтар ярилцдаг гэсэн үг. Улс орныг хөгжүүлэхэд төсвийн ил тод байдал, хэдэн төгрөгийг ямар бүтээн байгуулалтад зарцуулснаа ард түмэндээ шударгаар тайлбарладаг байхаас эхэлдэг. Юм хичнээн нууц байх тусмаа түүний цаана заавал хор хөнөөлтэй үр дагавар нуугдаж байдаг учраас Ерөнхийлөгчийн хэрэгжүүлсэн шууд ардчиллын үр дүн сүүлийн хоёр жилд үр ашгаа өгсөн билээ. Одоо төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлчихвэл илүү ухаалаг алхам болно.
1
Сургуулийн шал будах мөнгийг Сангийн яам төсөвлөж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж суудаг бус улсаас хуваарилсан мөнгийг орон нутагтаа хэрхэн зарцуулахаа иргэд өөрсдөө ярилцаад шийддэг болчихвол илүү үр дүн гарах юм. Ингэхийн тулд мэдээж орон нутгийн төсвийн зарцуулалтын ил тод байдлыг шаардах нь зүйн хэрэг. Ил тод байдлыг шаардах болсон, төсвийг хяналтгүй, үр ашиггүй зарцуулдаг гэсэн шүүмжлэлийг дахин гаргахгүйн тулд Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг санаачилсан нь ухаалаг төрд түүхэн алхам хийгдсэн хэрэг болсон юм.
1
УИХ-ын чуулганаар удтал дуншсан шалтгаан нь яам, агентлаг, төрийн байгууллагуудын хүнд суртлаас болсон гэж дүгнэхэд буруудахгүй. Нүглийн нүдийг гурилаар хуурч ирсэн, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, сандал, ширээ, машин авахын тулд гарын салаагаараа урсгаж байсан төсвийн мөнгөө хяналтад оруулахыг хүсээгүй нь мэдээж. Тиймдээ ч нэрнээсээ эхлээд утгагүй байна гэсэн ядмагхан шалтгаанаар энэхүү хуулийн төслийг жил дамжуулсан ч өнгөрсөн хаврын чуулганы сүүлийн өдөр батлуулж чадсан юм.
1
Ингэснээр Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, бүх яам, агентлаг, төрийн байгууллагуудын төсвийн зарцуулалт нээлттэй ил тод болох боломж бүрдлээ. Төсвийн үрэлгэн байдал алга болж, үр ашигггүй зарцуулалт хязгаарлагдаж эхэлнэ. Төсвийн мөнгөөр цалинждаг, бүтээн байгуулалт хийдэг газруудад иргэд өөрсдөө хяналт тавьж, шаардлагатай гэвэл хариуцлага тооцох механизм бүрдлээ.
1
Одоогоор уг хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд яам, агентлаг төрийн байгууллагууд ширхэг сандал авсан мөнгөө ч өөрсдийн цахим хуудаснаа хэвлэдэг, илүү дэлгэрэнгүй байдлаар байгууллагынхаа самбарт нийтэлдэг байхаар бэлтгэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлснээр тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудас дээр тавина. Веб хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулна. Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй.
1
Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан. Мөн төсвийн ирээдүйн дарамтыг багасгахтай холбоотой заалт оржээ. Элдэв бонд, баталгаа, ирээдүйд төв, орон нутгийн төсөвт дарамт учруулахуйц шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яаманд бүртгүүлж байж тэр шийдвэр нь хүчин төгөлдөр болох гэнэ. Төрийн болон яам, байгууллагын нэрийн өмнөөс баталгаа гаргаж байгаа албан тушаалтны шийдвэр нь төвлөрсөн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болно гээд өнөөгийн нийгэмд амин чухал хэрэгцээтэй заалтуудыг тусгасан аж. Шилэн дансны хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, ингэхдээ олон түмний оролцоог бий болгох зэрэг талаас нь бодож хийсэн хууль юм.
1
Өмнө нь Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг өргөн мэдүүлэхээс өмнө Төсвийн ил тод байдлыг хангах тухай тогтоол гаргаж, Засгийн газар хэрэгжилтэд анхаарал хандуулан ажилласан ч төрийн байгууллагууд жинхэнэ утгаар нь “гурилдаж” байсан талаар цуврал нийтлэлээр хүргэж байлаа. Хэд гурван тоо бичсэн цаасаа канондож сайтдаа байршуулчихаад үүнийгээ төсвийн ил тод байдал хэмээн тайлбарлаж байсан билээ. Хууль тогтоомж газар дээрээ иймэрхүү байдлаар хэрэгжих бол баталж гаргасны ч хэрэг байхгүй.
1
Тиймээс Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дан ганц хууль санаачилсан суббект анхаарал хандуулах бус хэвлэл мэдээлэл, яам агентлагын удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллах нь чухал байна. Энэ хууль хөрсөндөө амжилттай хэрэгжиж чадвал Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засаг, цаашлаад ухаалаг төртэй болоход чухал хувь нэмрээ оруулах хууль билээ.
1
Хууль салангид бус төрийн бодлоготой уялдаж, залгамж чанартай батлаж гарвал үр дүнгээ өгдөгийг бодит жишээ болно гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад Шилэн дансны хуультай уялдан хэрэгжих Хариуцлагын тухай хуулийг ч “ухаалаг” улстөрчид маань улстөржилтгүйгээр баталж чадвал Монголын төрд нэн хэрэгтэй байна даа. Ер нь бол шууд хэлэхэд Шилэн данстай болчихвол шоронд явах хүн олдохгүй л болов уу. Өдгөө төрийн байгууллагад ажиллагсад л шоронгийн хаалга татчих гээд байгаа нууц биш шүү дээ.
1
Эх сурвалж: www.mminfo.mn/ Б.Өнөртогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ