Засгийн газрын үнэт цаас эрсдэлгүй хөрөнгө оруулалт
Монгол Улсын Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах боломжийг олгож эхэлжээ. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй энэхүү үнэт цаас нь хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд мөнгөн хөрөнгөө удирдан арвижуулах эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох юм. Мөн арилжааны банкны хадгаламжийн хүүгээс өндөр хүү/өгөөжтэй аж. Гурав, зургаан сар, нэг жилийн хугацаатай байх жижиглэнгийн үнэт цаасны өгөөж нь 16 хувь байна. Энэхүү Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны өгөөж нь хугацаанаас хамаарч, харилцан адилгүй төлөгдөнө. Тухайлбал гурав болон зургаан сарын хугацаатай үнэт цаасны хүү нь хугацааныхаа эцэст төлөгдөх бол 1жилийн хугацаатай үнэт цаасны хүү нь сар бүр төлөгдөх юм.
а
Үүнээс гадна Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг худалдан авснаар танд дараах давуу талууд бий болох юм. Үүнийг тодруулбал:
- Эрсдэлгүй;
- Өндөр өгөөжтэй;
- Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу Засгийн газрын үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө
- Хөрвөх чадвартай буюу үнэт цаасыг хугацаа нь дуусахаас өмнө торгууль төлөлгүйгээр бусад этгээдэд барьцаалах, бэлэглэх, худалдах бүрэн боломжтой
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Засгийн газрын үнэт цаасыг тендерийн, урьдчилгаа төлбөрийн, гүйцэтгэлийн баталгаа болгох боломжтой.
аа
Товчхондоо Засгийн газрын үнэт цаас эзэмшигч хүүгийн төлбөр авч, мөнгөн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй бизнестээ ч ашиглах боломжтой. Орон сууц авах, бизнес эхлүүлэх зээл хүсэх зэрэгт урьдчилгаа төдийгүй баталгаа болох чадамжтай хөрөнгө оруулалт гэсэн үг. Засгийн газрын үнэт цаасны арилжаа хөрөнгийн зах зээлд оролцогчдыг дэмжих том зорилготой ч нөгөө талаараа хувь хүний орлогыг нэмэгдүүлэх баталгаат эх үүсвэр болж байна. Засгийн газар хэзээ ч дампуурахгүй гэсэн үг байдаг. Тэгэхээр Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас ч иргэд, аж ахуйн нэгжүүдэд найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох аж.
ө
Та Засгийн газрын үнэт цаасыг худалдан авахаар шийдсэн бол дараах мэдээллийг хүргэж байна. Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдана. Тиймээс та Хөрөнгийн биржийн гишүүн брокер дилерийн компанидаа хандаж энэхүү үнэт цаасыг худалдаж авах хүсэлтээ өгнө. Хэрэв аливаа брокер дилерийн үйлчлүүлэгч биш бол http://mse.mn/members-ээс дурын брокер дилерийн компанийг сонгоод данс нээлгэхэд л хангалттай. Ингэснээр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” таны дансыг баталгаажуулж, мөнгө байршуулах боломжтой болох юм.
ө
Засгийн газрын үнэт цаасны захиалга аравдугаар сарын 29-ны өдрөөс эхэлсэн байгаа. Арилжаа нь долоо хоног бүр явагдах бөгөөд Лхагва гарагийн 14:00 цагт санал авах хугацааг эхлүүлж, дараа долоо хоногийн мягмар гаригийн 11:00 цаг хүртэл үргэлжилнэ. 7 хоног бүрт Сангийн яамнаас худалдах бондын хүү, хугацаа зэргийн мэдээллийг түгээх бөгөөд холбогдох мэдээллийг Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn эсвэл Сангийн яамны www.mof.gov.mn вэбсайтаас бүрэн авах боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ