Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг гишүүн А.Бакей уншиж танилцуулсан юм. Тус байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Засгийн газрын тэргүүнийг огцруулахыг дэмжсэн билээ. Дараагаар нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ дахь МАН-ын бүлгийн үндэслэлийг гишүүн Д.Хаянхярваа уншиж танилцууллаа. Тус намын бүлгийн Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлд эдийн засгийн өнөөгийн байдал, хууль зөрчсөн асуудлыг хөндөж, Н.Алтанхуягийн хууль зөрчсөн асуудал нь улс орныг эдийн засгийн уналт руу хүргэснийг онцолж байлаа.
1
Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат АН-ын бүлгийн дүгнэлтийг танилцуулав. Тэрбээр дүгнэлтдээ "2013 онд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр барилга, мал аж ахуйн салбар өссөн. Монгол Улс хоёрхон жилд дампуурсан юм биш. Хорин жилийн эдийн засгийн буруу бодлогоос өнөөдөр хямрал нүүрлэж байна. Манай улсын зээлжих зэрэглэл буурсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн. Харамсалтай нь хөөгөөд явуулсан хөрөнгө оруулагчдын итгэл тийм ч амархан эргэхгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилсэн Самурай бондын хөрөнгө нь төсвөөс гадуурх зарцуулагдаж байгаа. УИХ, Засгийн газар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна" гэсэн юм.
1
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас сонирхсон асуултдаа хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өнөөдөр чуулганы хуралдаан дээр АТГ-ынхныг оролцуулахгүй юм уу. Ерөнхий сайдыг хамаатан нь гээд байсан. Хамаатныг нь шалгаж болохгүй юм уу” гэсэн саналыг хэлсэн юм. Та Дэнзэнгийн хадам аав нь юм уу, үгүй юу гэж хүртэл асууж байв.
1
УИХ-ын гишүүн М.Зоригт чуулганы танхимын ширээн дээрээ “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй” гэсэн бичиг тавьсан нь содон тусч байлаа. УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахгүй гэдгээ гарын үсгээрээ баталгаажуулсан. Ямартай ч М.Зоригт бүлгийн байр суурийг дэмжиж гарын үсэг зураагүй гишүүдийн нэг бололтой.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ