“Сонголт, сорилго, замнал, ирээдүй”-н нээлт боллоо

img

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан бүтээсэн  “Сонголт, сорилго, замнал, ирээдүй” баримтат киноны нээлт болов. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар киног нээж үг хэлэв. Хоёр анги бүхий энэхүү баримтат кинонд манай улсын гадаад харилцааны өнгөрсөн 100 жилийн түүхийг баримт бичиг, кино болон гэрэл зураг, архивын баримт, түүхийн эх сурвалжууд, эрдэмтэд, дипломатуудын дурсамж, тэмдэглэлд үндэслэн бүтээжээ. 1911 оны сүүлээр Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Богд хаант Монгол Улсын анхны 5 яам, түүний дотор Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам байгуулсан, тус яамны анхны сайд Чин ван М.Ханддорж нар 1912 оны эцсээр, Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн 1913 онд Хаант Орос улсад тус тус зорчиж, улсынхаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, тусламж хүсэх, бусад том улсын Элчин сайдын яамдтай холбоо тогтоох оролдлого хийсэн, 1912 онд Монгол-Оросын найрамдлын гэрээ байгуулсан зэрэг гадаад харилцааны анхны алхмуудыг харуулсанаар уг кино эхэлнэ. Мөн 1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээр, 1921 оны ардын хувьсгал, түүний өмнөх ба дараах үеийн гадаад харилцааны өрнөлт, 1939 оны Халх голын байлдаан, эх орны их дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн армид үзүүлсэн тусламж, чөлөөлөх дайнд Монгол улс оролцсон, Монголын тусгаар тогтнолын талаар бүх ард түмний санал хураалт болсон зэрэг түүхэн үйл явдлууд, тэдгээрт гадаад бодлого, дипломат үйл ажиллагааны үзүүлсэн нөлөө, үр дүнг киноны I хэсэгт тодорхой өгүүлжээ. Киноны II хэсэгт 1945 оноос эдүгээ хүртэлх үеийн Монголын гадаад харилцааны гол үйл явдал, ололт, амжилт, бэрхшээл, сорилтуудыг түүхчлэн үзүүлжээ. Манай улс 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн нь Монголын тусгаар тогтнолыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсний тод нотолгоо болсоныг кинонд тодорхой харуулсан байна. Манай улс хоцрогдсон мал аж ахуйн орноос орчин үеийн хөдөө аж ахуй, боловсрол, соёл, шинжлэх ухаан хөгжсөн орон болж хөгжихөд гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг энэ кинонд бас өгүүлнэ. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Монгол улс нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, эдүгээ дэлхийн 157 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын тавцанд манай улсын нэр хүнд ихэд өссөнийг энэ киноноос үзэж болно. Ийнхүү өнгөрсөн нэгэн зууны гадаад харилцаа, дипломат албаны түүхийг баримтат киноны хальсанд мөнхлөн үлдээлээ. Кинонд манай нэр хүндтэй олон ахмад дипломатууд, эрдэмтэд оролцож, гадаад харилцааны үүх түүхийн эгзэгтэй үеүдийн талаар тайлбарлан ярьсан нь киног амьд, сонирхолтой болгожээ. Баримтат киноны зохиолыг Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, түүхийн ухааны доктор Т.Төмөрхүлэг бичиж, киноны зөвлөхөөр Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор Ж.Чойнхор, киноны найруулагчаар Д.Цэнддорж, зураглаачаар Д.Балчинпүрэв нар тус тус ажиллажээ. Кино бүтээх ажлыг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элин сайд Б.Батхишиг, Гадаад харилцааны төв архивын дарга Б.Гантулга нар зохион байгуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ