Болжморын дэвэлттэй "Шонхор"
Ардчилсан намын түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан хүн журмын нөхдийнхөө "дэмжлэгээр" суудлаасаа буулаа. Шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газрыг хоёр жил гаруйн хугацаанд удирдсан Н.Алтанхуяг сул гишүүн болов. Н.Алтанхуягийн хувь заяаг шийдэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь түүнийг суудлаасаа буух ёстой хэмээн үзэв. Түүний эсрэг санал өгсөн МАН-ын 26 гишүүнтэй яриад байх зүйлгүй. Н.Алтанхуягийг унагаах зорилгодоо хүрсэндээ хундага тулгаж байгаа нь мэдээж. Огцруулах гэж хөөцөлдсөн хоёр жилийн хөдөлмөр нь үр дүнд хүрсэн тул баярлаад барахгүй байгаа. 26 гишүүнтэй цөөнх олонхын Засгийн газрыг өөрсдийнх нь тусламжтайгаар огцруулж чадсан нь МАН-ынхны "гавьяа".
н
Харин намын даргынхаа эсрэг кноп дарсан нөхөдтэй ярих зүйл байгаа нь лавтай. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нарт намын дүрмийн дагуу хариуцлага тооцох эсэх тухай яригдана. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар удаа дараа хэлж байсан. Өчигдөрхөн намын бүлгийн хуралдаан дээрээ Ерөнхий сайдыг огцруулахгүй, Н.Алтанхуягийг цааш үргэлжлүүлэн ажиллуулж, Засгийн газрыг тогтвортой байлгах нь улс төр хийгээд нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолтой хэмээн үзсэн нөхөд өнөөдөр байр сууринаасаа ухарсан шалтгаан нь тодорхойгүй. Гэвч ил цагаанаар эсрэг санал өгсөн хүмүүстээ ярих зүйл байгаа болохоос гомдох шаардлагагүй байх. Харин унахад нь дорвитой хувь нэмэр оруулсан нөхөд буюу чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүдэд Н.Алтанхуягийн хувьд гомдох шалтгаан байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Ганбат нарын "Шонхор" фракцынхан санал хураалтаас зугтаагүй бол ардчиллынханд намын даргаа авч үлдэх бүрэн боломж байлаа. Мөн тэдний дээр М.Батчимэг гишүүн бас нэмэгдэнэ. Товчхондоо УИХ-ын дарга З.Энхболдын фракцынхан Н.Алтанхуягийн хувь заяаг шийдчихэв. Хэдийгээр байнгын хорооны хуралдаанаар Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн ч чуулганаар авч үлдэх бүрэн боломж байсан. УИХ-д АН олонх. МАН-ын 26, эвслийн Л.Цогийг эс тооцвол АН гүйцэтгэх засаглалын эрхийг хэвээр хадгалах боломжтой байв. Харин "Шонхор"-ынхон ямар шалтгаанаар ийн Н.Алтанхуягийн араас сэм хутгалсныг таах аргагүй. МоАХ-ынхон шиг магтан, матаж мэдэн будилсаар намдаа үнэнч үлдэж болох байсан ч "Шонхор"-ынхон тэгсэнгүй. Сандал ширээ төдийхөн дээр "Шонхор"-ынхны мөн чанар нь танигдав. Өнгөц харахад хэдхэн хүний санал мэт боловч энэ нь АН-ын эв түнжингүй байдал, нэгдэх чадваргүйг илтгэж буй хэрэг. Ингэснээр АН-ын засаг барих эрх энэ жилүүдээр төгсгөл болж болзошгүй. Ирэх сонгуульд АН хаалганы гадна үлдэж, босгонд суудаг он жилүүдээ үргэлжлүүлэх эх үндсийг "Шонхор"-ынхон ингэж тавив.
ө
Нөгөө талаар улс төр гэгч увиагүйчүүдийн талбар гэдгийг энэ удаагийн үйл явдал дахин харуулав. Н.Алтанхуяг бус түүний тойрон хүрээлэгчдийн хийсэн, үл хийсэн нь тогтоогдоогүй асуудлуудад орооцолдуулсаар золигт гаргаж байгааг бид харлаа. Л.Гансүхийг "Нүүрс" хөтөлбөрөөс мөнгө идсэн эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй. А.Саранзаяа, Дэнзэн нар ч ялгаагүй. Гэм буруутай гэх эцсийн шийдвэрийг гаргах үүрэгтэй хэн бүхнээс хараат бус байдаг шүүхийн ажлыг яагаад УИХ-ын гишүүд хийв. Тэд бүгд шүүгч болж, бусдаас гэм бурууг асуудаг ажилтай болоо юу?
ө
Ямартай ч Монголын "гай" болоод байсан Н.Алтанхуягийг огцрууллаа. Одоо эдийн засаг сэргэж, ам.долларын ханш бууж, Монголын өр хүчингүй болж, иргэдийн амьдрал сайжирна биз. Р.Гончигдорж гишүүний хэлснээр “орсон бороо арилсан мэт тэнгэр цэлмэх" бололтой. Улс орны эрх ашиг, сонгогчдын амьдрал гишүүд гэх хэдхэн хүний амбиц, аяглалын дор хэвтэх хог хаягдал аж.
с
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ