Гаалийн ажилтнууд ЗГ-ын тогтоол зөрчин, 90 хувийн нэмэгдэл авч байжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар өнөөдөр Буянт-Ухаа дахь Гаалийн газрын 2012, 2013 оны санхүүд хийсэн шалгалтынхаа дүнг сэтгүүлчдэд нээлттэй хэлэлцүүллээ. Шалгалтаар улсын төсвийн орлогыг тасалдуулсан, өмнөх жилүүдийнхээ өрийг барагдуулж дуусаагүй, илүү цагаар ажилласан хөлсийг тодорхойлолтгүй дур мэдэн олгосон, батлагдсан орон тоог хэтрүүлэн ажилтан авсан, гаалийн байцаагчдын цол тэмдгийн нэмэгдлийг хууль зөрчин олгосон зэрэг зөрчил илэрсэн байна.
б
Өнгөрсөн 2012 онд НМХГ-аас санхүүгийн шалгалт хийхэд, үр дүнгийн урамшуулал олгохдоо НДШ-ийг суутган авч тооцоо хийгээгүйгээс 4.191.6 мянган төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо хийх, түүний алданги 2.095.8 мянган төгрөг, илүү цагаар ажилласан тодорхойлолтгүй олгосон 3.811.5 мянган төгрөгийг төсвийн орлогод оруулахаар акт тогтоожээ. Мөн гаалийн улсын байцаагчид “Гаалийн зөвлөх“ цолны нэмэгдлийг 36 сараар олгосон тэтгэмж болох 1.905.6 мянган төгрөгийг төсвийн орлогод оруулах зэргээр нийт 12.004.5 мянган төгрөгийг төлүүлэхээс 8.193.0 мянган төгрөгийг одоо хүртэл барагдуулаагүй байгаа тухай мэдээлэв.
б
Мөн Буянт-Ухаа дахь гаалийн газар нь 2012 онд улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан мөнгийг 4.502.7 сая төгрөгөөр, 2013 онд 499.6 сая төгрөгөөр тасалсан нь шалгалтаар тогтоогджээ. Түүнчлэн 2012 онд батлагдсан орон тооноос долоон хүн, өнгөрсөн жил 20 хүнээр хэтрүүлэн ажиллуулсан бөгөөд эдгээр ажилтны цалингийн зардлыг ГЕГ-аас санхүүжүүлж байсан аж. Ингэхдээ гаалийн улсын байцаагчдын цалин нийгмийн даатгалын шимтгэл, хоол унааны хөнгөлөлтийг төсвөөс санхүүжүүлж байгаа боловч жилийн дундуур бүтцийн өөрчлөлт оруулсан тушаалыг шинэчлэн тодотгосон төсвийг батлан хүргүүлдэггүйгээс зөрчил дахин давтагдан гарсаар байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид онцлов.
б
Монгол Улсын Засгийн газрын 96 дугаар тогтоолд “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосон байдаг аж. Гэтэл Буянт ухаа дахь Гаалийн газрын зарим ажилтны нэмэгдэл хөлс 90 хүртэл хувь байгаа нь Засгийн газрын тогтоолын заалтыг зөрчиж байжээ. Мөн тус гаалийн газрын нягтлан бодогчид өөрсдөдөө илүү цагийн мөнгө бичиж авсан зөрчил илэрсэн гэнэ. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагчид өнгөрсөн жил нягтлан бодогч Б.Эрдэнэсувдад 79.1 мянган төгрөг, Д.Долгорсүрэнд 31.3 мянган төгрөг, Б.Сарантуяад 71.2 мянган төгрөг Р.Сэлэнгэд 39.5 мянган төгрөг, О.Ганболдод 92.9 мянган төгрөг, Ц.Дашдондогт 98.2 мянган төгрөгийн нийт 412.2 мянган төгрөгийн илүү цагийн хөлс нь баталгаажаагүй, тушаал шийдвэргүй эрхийн актгүй захиран зарцуулж нийт 221,3 мянган төгрөгийг олгосон байсныг төсөвт буцаан төлүүлэхээр акт тогтоосон гэж мэдээллээ.
ө
Түүнчлэн Буянт ухаа дахь гаалийн газар ажиллаж буй нягтлан бодогч нарыг хооронд нь байнга сольж сэлгэдэг, мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байгаагаас олон зөрчил дутагдал гарч байна. Үүнээс шалтгаалан санхүүгийн ажлын ачаалал нэмэгдэх, улмаар санхүүгийн үйл ажиллагаанд бүртгэлээр тавих хяналт дотоод хяналт суларч байгаа учраас тус байгууллагын захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Норванчигт Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу 576.0 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авчээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ