Цагдаагийн зарим даргыг ажлаас нь чөлөөлжээ
ЦЕГ-ын даргын зөвлөл өнгөрөгч мягмар гариг буюу энэ сарын 4-ний өдөр хуралдаж, 31 алба хаагчид дэслэгч цол олгосон. Тэгвэл энэ хуралдаанаар зарим хүнийг ажлаас нь халах, чөлөөлөх, шилжүүлэн томилох шийдвэр гаргажээ.
б
Тухайлбал, Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Цэргийнхүүг цагдаагийн байгууллагаас халсан байна. Халах үндэслэл нь ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд Авлигын эсрэг долоо, 33 дугаар зүйлийг зөрчсөн нь тогтоогдсон аж. Мөн тэрбээр албан тушаалаа ашиглан албан үүргийн хүрээнд үл хамаарах асуудлаар бусад байгууллагад нөлөөлөхийг оролдсоноос гадна өөрт нь захирагддаг буюу хяналт тавьдаг албан тушаалтны үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг завдсан хэмээн ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрынхан тогтоож, АТГ-т шилжүүлсэн гэнэ. Тиймээс АТГ-аас арга хэмжээ авах саналыг ЦЕГ-ын даргад хүргүүлсний дагуу ажлаас нь халахаар шийдвэрлэжээ.
б
Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Ш.Доржпалам, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Нямжав, Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа И.Батчулуун нарыг чөлөөлөхөөр болсон аж. Ийнхүү Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатарыг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганзоригийг томилжээ. Хурандаа Б.Цэргийнхүү, Ш.Доржпалам нарын оронд хэн нэгнийг томилоогүй байгаа аж.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ