Б.Цэцэгээ: Үргэлжлэл минь үлдэнэ гэж байгалиа хайрла

img

Цагийн эрхэнд зүс хувиргасан шаргал моддын дундах мөнх ногоон гацуурууд нүд, сэтгэл баясгана. Нарны элч саараагүй, дулаан намрын өдөр моддын дунд бугын сүрэг идээшлэх нь харагдана. Байгалийн үзэмж тэгш цогцолсон энэ хангайд байгаль хамгаалагчаар 15 дахь жилдээ ажиллаж буй Б.Цэцэгээ гуайтай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр Булган аймгийн Тэшиг сумын Далан, Ерэн багийн нутаг дэвсгэрийг хариуцаж, хамгаалдаг. Байгаль хамгаалагч гэдэг салхинд гандаж гундсан хэцүү ажил гэх үгийг түүнээс сонссонгүй. Харин ч үзэсгэлэнт байгалийн дунд зоргоор ажиллаж, амьдарч буй би азтай хэмээх нь олонтаа юм.    

б

-Би эмэгтэй байгаль хамгаалагч олж ярилцах гэж зөндөө хайлаа. Их цөөхөн байдаг аж. Хоёулаа таныг байгаль хамгаалагч болсон тухай эхэлж яръя.

-Би дунд сургуулиа төгсөөд сумынхаа нэгдэлд ажиллаж байгаад, шалгалт өгч тэнцсэнээр Алтанбулагийн техникумд явж агротехникч болсон юм. Тэшиг сумандаа ирж, газар тариалангийн салбарыг хувьд шилжих хүртэл тоо бүртгэгч, агротехникчээр 13 жил ажилласан. Тэгээд шалгалт энэ тэр өгч тэнцээд, 2000 оноос хойш Тэшиг сумын Ерэн, Далан багийн байгаль хамгаалагчаар ажиллаж байна даа.

ө

-Агротехникчээс байгаль хамгаалагч болжээ.

-Тиймээ. Би ер нь хөдөөд ажиллах учиртай хүн юм гэж боддог шүү. Хар багаасаа л хөдөө төрж, өссөн хүн болохоор ажилдаа дуртай. Байгаль хамгаалагч бол байгаль дэлхий дээрх ус, ургамал, ан амьтан бүхэнтэй ойроос харьцаж, сэтгэлээсээ хайрлан хамгаалж байх сайхан ажил. Энэ бүх байгалийн баялгийг Монгол хүн бүр өөрсдөө хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлж үлдээх ёстой гэж боддог. Гэвч сүүлийн үед хууль зөрчиж, байгалиа сүйтгэгчид олширч, тэдний арга мэх улам нарийсч байна.

ө

- Эмэгтэй хүн байгаль хамгаалагч байх хэцүү юу?

-Хүн аливаа зүйлд нэгэнт зорьсон бол түүндээ үнэнч байх хэрэгтэй гэж боддог. Тиймдээ ч ямар ч бэрхшээл тохиолдсон давж туулж ажиллахыг хичээдэг. Бэрхшээл их тохиолдоно. Манай нутаг чинь ус гол, уул даваа, царам ихтэй. Эмэгтэй хүн зоригтой байх хэрэгтэй дээ /инээв/. Гэхдээ төвөөс зайдуухан болохоор айхтар аюул учрах нь цөөн. Байгаль орчны албанаас өгсөн нэг морьтой. Морио унаад, нохойгоо дагуулаад л эргүүлдээ гарна даа. Ус гол үерлэсэн үед, уул хадтай газраар мориороо л явдаг. Орой үдэш, харанхуй бүрэнхийд нохой маань их хань болдог юм.

б

-Мориноос өөр унаа бий юу. Байгаль хамгаалагчид ямар багаж хэрэгсэлтэй байдаг вэ?

-Дээд газраас өгсөн өөр унаа тэрэг бол байхгүй. Харин “Билгүүн цаг” гээд компаниас надад мотоцикль өгсөн. Би даваа, бартаагүй газар унана. Хулгайн анчид, хууль зөрчигчдийн техник, тоног төхөөрөмжийн дэргэд байгаль хамгаалагчийн техник хэрэгсэл муу шүү. Бидэнд нэг цахилгаан бороохой, дуу хураагч, зургийн аппарат бий. Заримынх эдэлгээ даах чанар муу байдаг.

б

-Байгаль хамгаалагч эмэгтэй, эзэгтэйн үүргээ хэрхэн гүйцэтгэдэг бол.

-Манайх ам бүл дөрвүүл. Тавтын голынхоо хажууд буюу хариуцаж буй нутаг дэвсгэр дээрээ амьдарч буй. Хоёр хүүтэй. Нэг нь сумын төвд ажиллаж, нөгөө нь Хужирт багийн байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Нөхөр маань л малаа маллана, гэр орныхоо ажлыг зохицуулна. Ихэнх тохиолдолд. Би чинь гэртээ орохгүй шахуу л явна. Ямар сайндаа манай сумын ЗДТГ-ынхан намайг Шинэ үсгийн багш киноны Тулгаагийн аав бригадын дарга болчихоод гэрийнхээ хажуугаар алхуулаад явчихдагтай зүйрлэж байхав дээ /инээв/. Гэрийнхүн маань маш том үүрэг гүйцэтгэдэг дээ. Хагас, бүтэн сайн өдөр албан хүчээр гэртээ байна. Гэхдээ зөрчил энэ тэрийн дуудлага ирвэл гараад явчихна шүү дээ. Даваа гараг бүр сумын төвдөө очиж шуурхай хуралд сууж, долоо хоногийн ажлаа танилцуулна. Зав муутай, бэрхшээлтэй ажил. Ялангуяа өндөр уулсын бүсэд харьяалагддаг иймэрхүү газруудад байгаль хамгаалагчийн орон тоог нэмэх нь чухал.

б

-Өдөр бүр энэ сайхан байгалийн дунд явж, өөрийн юм шиг хайрлан хамгаалах хамгийн сайхан байх.

-Ус гол, ан амьтныхаа хажууд тэднийгээ хайрлаж, хамгаалж байна гэдэг үнэхээр сайхан. Ой дотор явж байгаад ан амьтадтайгаа тааралдаж, тэднийгээ харж баясан, ургамал жимснийхээ үзэсгэлэн өнгө төрх, үнэр амтыг нь мэдрээд явж байх жаргалтай даа. Эрүүл мэндэд ч нөлөөлдөг байх, хамрын ханиад хүртэл надаас хол явдаг юм. Байгаль эх минь үргэлж ийм сайхан, тайван амгалан байгаасай гэж бодож, залбирдаг. Харин байгалийг сүйтгэсэнтэй таарахад сэтгэл эмтэрдэг юм. Бид чинь нутаг усаа их шүтнэ. Шүтлэгтэй газруудаас ан гөрөө хийлгэхгүй байх талаар янз бүрийн арга хэмжээ авдаг. Одоогийн хүмүүс өөрөө амьдраад л дуусах юм шиг сэтгэж, байгаль дэлхийгээ хэтэрхий сүйтгэх юм.  

б

-Байгаль хүнийг цээрлүүлдэг гэдэг.

-Хүмүүс байгалийг амьгүй хэмээн сэтгэж хэтэрхий хүнлэг бус ханддаг. Байгаль бол амьтай зүйл шүү дээ. Уг нь тэд гэртээ “амьд” цэцэг гээд, байгаль дээрх цэцгийг ургуулдаг биз дээ. Байгаль эхийн эсрэг хэтэрхий хүнлэг бус хандаж, уул, нурууг ухаж, гол усыг бохирдуулсан хүнийг цээрлүүлдэг гэж би боддог. Харин хамгаалж, хайрлаж, шүтэж яваа хүнийг лус савдаг харж явдаг байх гэж боддог юм.

ө

-Өвлийн улиралд хэрхэн ажилладаг вэ?

-Хангай нутаг болохоор уул нуруу цас мөсөнд хаагдана. Тийм болохоор мод бэлтгээд, ургамал жимс түүгээд явах явдал бага. Бидэнд ч хүндрэлтэй. Тэр болгон унаа унаш олдохгүй. Гэхдээ эргүүл шалгалтаа хийгээд л явдаг.

ө

-Байгаль хамгаалагчдад тулгамдаж буй асуудлын талаар та яриач.

-Бидэнд тулгамдсан асуудал олон байна. Би чамд нэг “инээдтэй” жишээ яръя. Бид зуны хувцсаа гурван жил өмсөх ёстой байдаг юм. Зуны нар салхинд байнга гадаа явж буй болохоор хувцас маш амархан гандчихдаг. Тэгээд гандсан хувцастай байгаль хамгаалагч хууль зөрчигчдийн зөрчлийг арилгуулахаар очиход ийм хувцастай байгаль хамгаалагч байдаг юм уу гэх байдлаар хандана шүү дээ. Хамгийн хэрэгтэй зүйл бол богино долгионы станц. Хөдөө газар болохоор гар утасны сүлжээ байнга барьдаггүй. Тиймээс байгаль хамгаалагчдыг хооронд нь болон сумын төв рүү холбогдох боломжтой богино холбоотой болгомоор байгаа юм. Одоогийн хууль зөрчигчид, хулгайн анчид чинь маш нарийн техник тоног төхөөрөмжтэй болчихсон. Тэдний хажууд цахилгаан бороохой, зургийн аппарат, дуу хураагуур барьж, морь унасан байгаль хамгаалагчид зогсож байдаг юм /инээв/. Ийм байдалтай бид хууль зөрчин, загас барихаар завь хөлөглөн, хясааны цаана явж буй хүмүүсийг зогсоохоор хясаа дамжин явган явсаар очдог юм. Бидний зөрчил гаргасан этгээдүүдэд ногдуулсан торгууль Төрийн санд ордог. Харин бид бензин тосны зардлаа Байгаль хамгаалах сангаас авдаг юм. Ийнхүү удаа дараа авсаар хэрэглээний лимит хэтэрдэг. Иймд байгаль хамгаалагчдын тавьсан торгуулийн тодорхой хувийг Байгаль хамгаалах санд төвлөрүүлдэг зохицуулалт үгүйлэгдэж байгаа гэдгийг хэлмээр байна.

б

-Ярилцлагын төгсгөлд.

-Хүмүүс минь хүүхдүүддээ байгалиа хамгаалах арга, ухааныг төлөвшүүлэн, байгаль дэлхийн сайхныг багаас нь мэдрүүлж, өсгөөрэй. Ирээдүйд үргэлжлэл тань амьдрах байгалиа эхээ хайрлаарай гэх захья.

б

Ярилцсанд баярлалаа

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bulgan :
saihan yariltslaga boljee. ерэн баг биш эрэн баг юм шүү.
2014-11-18
zochin:
uhaalag ex orniixoo toloo ex delxiixee toloo tsoxilox zurxtei busgui bn.bid iim xunees l ulger duurial avax yostoi busuu.yavj yavj xamgiin chuxal yum bol baigal delxii shuu dee.
2014-11-06
эмэгтэй:
"үргэлжлэл" гэж үр хүүхэд, ирээдүйгээ яасан сайхан үгээр хэлнэ вэ. ийм ухаалаг, эрүүл , зөв сэтгэхүйтэй хүмүүс цөөн боловч байгаа нь яамай даа. баяр хүргэе. миний аавын минь төрсөн нутгийн байгаль ийм хүмүүсийн хүчин зүтгэлээр онгон сайханаа хадгалан үлдээсэый гэж залбирая. самрын модыг хөрөөдөж унагаад самрын авдаг 2 хөлтэй " хүн дүрсэт" малнуудтай хийх тэмцэлдээ их болгоомжтой л байгаарай даа. тэд хар толгойнхоо төлөө яахаас ч буцахгүй шүү
2014-11-06