Төрийн захиргааныхан авлигад холбогдох нь ихэсчээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, АНУ-ын Азийн сан, Авлигатай тэмцэх газар, Эмэгтэй удирдагч сан, Монгол Улсын Их сургуулийн удирдлагуудтай хамтран “Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
өа
Хуралд УИХ-ын дэд дарга Л.Цог, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони Линдберг, Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга Э.Амарбат нар болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож авлигаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй саад бэрхшээлийг хөндөн хэлэлцсэн юм.УИХ-ын дэд дарга Л.Цог онол практикийн бага хурлыг нээсэн үгэндээ:
өа
-Энэхүү хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй АНУ-ын Азийн сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Мелони Линдберг болон бусад байгууллагын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд авлигатай тэмцэх шинэ алхам хийхэд энэхүү хурал үр дүнгээ өгнө гэдэгт найдна. Монгол Улс нэг үеэ бодоход авлигатай тэмцэх бүтэцтэй болсон. Түүгээр ч зогсохгүй эрх зүйн орчин бүрдсэнийг хэлэхэд таатай байна. Авлига үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц түвшинд хүрнэ гэдэг аюултай. Авлигын асуудал өөрөө олон нийтийг хамарч чадахгүй байна. Тиймээс энэ асуудалтай тэмцэх шинэ алхам хийхэд энэхүү онол практикийн бага хурал ихээхэн үр дүн өгнө гэдэгт найдаж байна гэлээ.
өа
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар “Авлигатай тэмцэх замаар үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт илтгэл тавилаа. Улс төрийн намуудын сонгуульд зарцуулж буй хөрөнгийн зардалд хийсэн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд 2012 онд намууд УИХ-ын сонгуульд зарцуулсан хөрөнгийн хэмжээ өмнөх 2008 онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.
өа
АТГ өнгөрсөн 2012,2013 онд эрүүгийн 351 хэрэг шалгасан бөгөөд давхардсан тоогоор 693 хүн хэрэгт холбогджээ. Эдгээрээс 372 нь төрийн захиргаа, үйлчилгээний тусгай албан тушаалтан байсан аж. Мөн АТГ сүүлийн хоёр жилд 123 тэрбум төгрөгийн хохирол илрүүлсэн байна. Энэ нь 2010, 2011 онуудтай харьцуулахад 9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
өа
Хурлын үеэр тус байгууллагаас Авлигын эсрэг хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг үндэсний стратегид хурлаас гарсан зөвлөмжүүдийг тусгах зэрэг санал гаргалаа.
ө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ