Гадаадын хөрөнгө оруулалтын хүлээлт ба сорилт

img

Ноён долларын ханш 1900 давж байж бид гадаадын хөрөнгө оруулагчид хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд арай гэж хүрлээ. Харин үүнээс өмнө манайхыг орхин одсон хөрөнгө оруулагчдын цөөнгүй хэсэг нь улс төр, эдийн засаг, зах зээлийн харилцаа харьцангуй шинэ тутам Мьянмарыг зорьсон сурагтай. “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас хортой” гэх тун ч тойруу үг хэлээд явсан Суу хатагтайн улсад баялагийн менежментийн зөвлөгөө өгч суугаа хөгжингүй орны эрхмүүд “Та нар монголчууд шиг байж болохгүй шүү” хэмээж байгаа сураг ч дуулдлаа. Байдал иймдээ тултал эргэхийг хэн мэдэх вэ дээ.

Оны эхний хагаст 380 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манай улсад хийгдсэн байдаг. Тун тааруу энэ дүр зураг дорвитой өөрчлөгдөхгүй явсаар долоо хоногийн өмнө энэ дүн 480 сая ам.доллар дөнгөж шүргэж яваа харагдсан. Өнгөрсөн онтой харьцуулахад 70 хувь давсан бууралт гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчинд ажиглагдаж байгаа нь энэ юм. Сүүлийн таван жилийн дунджаас харахад өнгөрсөн оны хөрөнгө оруулалт хүссэн хэмжээнд байж чадаагүй. Тэгвэл энэ жил түүнээс наагуур тоо хэлж суугаа нь хөрөнгө оруулалт өвлөөс урьтаж “хөлджээ” гэж хэлж болохоор нөхцөл байдалд бид ирээд буйг харуулж байна.

Бид дөрвөн жилд нэг удаа сонгуульддаг заншилтай. Парламентаа ингэж бүрдүүлэхэд учир холбогдол бий. Дээр нь учир дутагдал ч бий. Эдийн засагт нэн шаардлагатай томоохон хөрөнгө оруулалт хийх хугацаа наад зах нь 5-6 жил. Бидний ой тойнд багтахааргүй их мөнгө авчраад итгэлтэй нь аргагүй зарцуулсан Оюутолгой л гэхэд 30 сар ноцолдож байж говьд нүдэнд торох барилга, үйл ажиллагааны эхэн үе шатандаа орсон. Харин өнгөрсөн парламентийн сонгуулиар нэр дэвшигч, нам, улс төрийн байгууллагууд бараг л бүгд гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй шахуу ярихын сацуу, хөрөнгө оруулагчдыг бараг л мөлжигчид болгож ойлгуулж чадсан сөрөг утга өнөөдрийн үр дагавартай шууд холбогдож байгаа мэт. Хэт тэлсэн эдийн засаг нь өнөөдөр ийнхүү бишдээд ирэхээр хэн хүнгүй давчдаж гадаад хөрөнгө оруулагч нөхдөө хайж эхэллээ. Харамсалтай нь жилийн өмнө Лондон, Хонконг, Бээжинд очоод төвөггүйхэн нэг заал дүүрэн хүмүүст манай дарга нар илтгэл тавьчихдаг байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ.

Төвбанкны зүгээс хөрөнгө оруулалтын цаашдын төлвийн талаар харьцангуй эерэг хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн ч дотоод хөрөнгө оруулалтын багахан үзүүлэлт дээшилсэнд урамшсан төдий мэдэгдэл хийж байж ч мэднэ. Гадагш хийсэн хөрөнгө оруулалт нь өнгөрсөн жилийнхээс дөнгөж сая доллараар өсчээ.

Монгол Улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хууль тогтоомжийг УИХ-аар батлуулсан ч хараахан үр дүнгээ өгөх төлөв харагдахгүй байгаа. Оны эхний найман сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 605.8 тэрбум төгрөгөөр, зарлага ба зээлийн дүн 1.3 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалтын санхүүжилт 829.6 тэрбум төгрөгөөр тасарсан нь бидэнд ямар асуудал тулгарсныг харин ч нэг харуулж чадлаа. Мөн төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нийт 221.4 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Бидий төсөөлөл, эерэг хүлээлтүүд талаар болохгүй гэх баталгаа алга.

2007 онд нийтдээ нэг их наяд 252 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, түүний дотор, гадаадын нийт хөрөнгө оруулалт 369 тэрбум төгрөг байсан бол 2012 онд буюу ердөө таван жилийн дараа манай улсад нийтдээ 8.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, түүний дотор төсвийн хөрөнгө их наяд давж нэг их наяд 412 тэрбум төгрөг буюу гурав дахин өсч, хувийн хэвшлийн хөрөнгө төсвийн хөрөнгө оруулалтаас давж нэг их наяд 493 тэрбум болж мөн гурав дахин өсч, гадаадын хөрөнгө оруулалт таван их наяд 213 тэрбум төгрөгт хүрч, 14 дахин нэмэгдсэн байдаг. Ийм итгэл үнэмшилтэй өсөлтийг бид ашигтайгаар эргүүлж чадаагүй. Учир нь өнөөдөр гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёр жилийн дотор 2.4 тэрбум ам.доллараар буурчихлаа.

Хэдийгээр хөрөнгө оруулалтын орчин ингэж муудсан нөхцөл байдалд эрх бүхий хүмүүс тодорхой хүндрэлүүд нэрлэж байгаа боловч 2008 оных шиг дэлхийн эдийн засаг хямраагүй, Хятадын эдийн засаг ч шуудхан дүгнэчихэж болохоор хямралд нэрвэгдээгүй байгааг санах хэрэгтэй. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ сорилт бидэнд тулгараад буйг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын орчин муудсан нь бүхэлдээ бидний өөрсийн дотооддоо бий болгосон хүндрэл. Хари Оюутолгойн асуудал хэрхэн шийдэгдэх нь хүлээлт, шийдвэрийн уулзвар мэт харагдаж байгаа ч бүхэлд нь ажиглавал энэ зөвхөн нэг хэсэг нь гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Монголын эдийн засгийн хөгжлийг хурдасгаж ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орчин үеийн аж үйлдвэр, уурхай, баялагийн тээвэрлэлтийн өрсөлдөх чадвар бүхий шийдэл, дэд бүтэцтэй болохын тулд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ ойрын хэдэн жилийн хугацаанд 60 орчим их наяд төгрөгөөс дээш гэж тооцогдсон нь бий. Гэхдээ урд хөршөөс ихээхэн хамааралтай нүүрсний салбарын уналт үргэлжилж, урд хөрш олон нийлүүлэгчиддээ эрдсэн шийдвэрүүд гаргасаар байвал бидэнд тулгарсан сорилтууд улам л хүндрэх нь лавтай. Өнгөрсөн долоо хоногт урд хөршийн уул уурхай тэр тусмаа коксжих нүүрсний импортын бодлогод татвар, стандартын шахуу шаардлага тавигдаж эхэлсэн нь үүний эхлэл гэлтэй.

Дотоодод үүсээд буй богино, дунд хугацаанд тулгарч буй бэрхшээлд одоогоор шулуун гарц, тайлбар хэлэх боломж хомс байгаа нь санаа зовинох асуудал болоод байгаа. Гэхндээ гэгээлгээр харвал их сургуулийн Эдийн засгийн сургуулийн багш, судлаачдын баг хөрөнгө оруулалтын тухайд 2014 ба 2015 онуудад харгалзан нэг их наяд 39.7 тэрбум ба нэг их наяд 285.9 тэрбум төгрөг байна гэсэн таамаглалтай байлаа. Энэ оны тухайд урьдчилсан дүнгээр хангагдах боломжгүй ч, Монголын Засгийн газрын бондын ханш өсөж, санхүүгийн хувьд тогтворжиж ирж байгаа гэсэн гадаад үнэлэмж бий болж байгаа нь сайшаалтай хэрэг болохыг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. Мөн зөвхөн уул уурхай бус нийт эдийн засагт  бий болох шинэ ажлын байр ойролцоогоор 17000 хүрэх тооцоо байгаа тухай ч дурьджээ. Ямар ч байсан жилийн дотор хөрөнгө оруулалт 40 хувиар унасныг шуудхан нөхөхгүй ч уналтыг зогсоож эерэг хандлагыг бий болговол ирэх онд хөрөнгө оруулалт өсч, манай эдийн засаг хэвийн хөгжих бололцоо хангагдах талаар судлаачид таамаг тавьж байна. Харин эхэнд өгүүлсэнчлэн парламентийн сонгуулийн уур амьсгал ирэх жил идэвхжих нь бидэнд тулгараад буй хөрөнгө оруулалтын сорилтод хэрхэн нөлөөлж, хааш залах нь анхаарах асуудал хэвээр байна.

Т.Бэх

Үндэстний тойм сэтгүүл. Дугаар 247

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18