Стиви Уандер: Би эмэгтэй хүнгүйгээр нэг секунд ч амьдарч чадахгүй
-Бурхан танд дэндүү сайхан хоолой заяажээ. Би таны дууг сонсохоор амттанд дурласан хүүхэд шиг болдог. Нэг үгээр таны дуу хоолой яг л хар тамхи шиг сонсогчдыг донтуулдаг?
-Би дууг зүрхээрээ дуулдаг учир сайхан сонсогддог гэж боддог. Бурхан надад уянгалаг сайхан хоолой заяасан. Харамсалтай нь харах мэлмий заяагаагүй. Заримдаа энэ ертөнцийг харж чаддаг байсан бол ямар үг, аятай дуу дуулах байсан бол гэж боддог. Дууны минь үг бүхэн нар болон сар, огторгуйн тухай өгүүлэх байсан байх. Мөн эмэгтэй хүний тухай. Тэгэхдээ би бурхан болон ээждээ гомдож байгаагүй. Бусдад гайхалтай гэж хэлүүлэхээр дуу хоолой заяасанд талархдаг. Хэнд ч хэрэггүй эрэмдэг амьтан болгоогүйд бурхандаа өдөр бүр баярладаг.
-Үнэхээр бурхан гэж байдаг болов уу?
-Мэдэхгүй байна.
-Таны бага нас, хараагүй болсон шалтгаан өнөөг хүртэл үлгэр домог адил яригдсаар л байна. Та хорвоод мэндлэхдээ хараатай байсан гэсэн. Сувилагчийн буруутай ажиллагаанаас болоод таныг хараагүй болсон гэдгийг сонсоод, ирээдүйдээ ямар их санаа зовсон гэж бодно?
-Би хараатай л байсан бол хэлгүй, хөлгүй, гаргүй амьдарч чадна гэж боддог. Намайг тойрон хүрээлж буй хүмүүс нарыг шар өнгөтэй харин сарыг саарал өнгөтэй гэж хэлдэг. Үнэнийг хэлэхэд, би шар болон саарал өнгө ямар байдгийг мэдэхгүй. Энэ бүхэн намайг уйлахад хүргэдэг. Эхнэр минь надад “Нар яг л тарган хүний нүүр шиг бөөрөнхий хэлбэртэй” гэж хэлээд л найзынхаа нүүрийг гарт бариулдаг юм. Үнэхээр инээдэмтэй. Гэрт болон студи дотор нарны тухай яриа эхэлсэн бол бүх ажил талаар өнгөрч байгаа юм. Тэд нарны тухай сонирхолтой зүйлсийг ам уралдаад л ярьдаг. Хөгжилтэй шүү. Би инээдээ барьж дийлэхгүй “Одоо болиоч. Үхлээ” гэж хэлдэг. /Инээв/
-Та яагаад сар болон олон сая од, гариг дундаас нарыг онцолж байгаа юм?
-Хүмүүс нартай өдөр л ямар ч аюулгүй чөлөөтэй алхдаг. Надаар хэлүүлэхгүй чи сайн мэдэж байгаа бус уу.
-Хэдхэн сарын дараа та аав болно. Хэвлэлүүд таны эхнэрийг гурван ихэр хүүхэд тээж байгаа гэж бичих болсон?
-Худлаа. Эхнэр минь гурван ихэр бус ганцхан хүүхэд тээж байгаа. Ямар хүн хорвоод мэндлээгүй үрийн минь тухай худал цуурхал тараасныг мэдэхийг хүсч байна.
-Та бол ритм & блюз, соул урсгалын нүүр царайг тодорхойлж буй цөөхөн өнгөт арьст уран бүтээлчийн нэг. Та ганц ч удаа харж байгаагүй арьсныхаа өнгөнөөс болж бусдаас муу үг сонсч байсан уу?
-“Би арьсныхаа өнгийг ганц ч удаа харж байгаагүй байхад та нар яагаад намайг гадуурхаад байгаа юм. Та нарт хэлэхэд, би хар өнгө ямар байдгийг мэдэхгүй” гэж хэлсэн. Энэ үг олон хүний сэтгэлд хүрсэн гэдгийг сүүлд сонссон. Би 18 нас хүрсэн өдрөө дуугаараа төлөөлүүлэн эрх нь зөрчигдөж буй олон мянган өнгөт арьстай иргэдийг хамгаалахыг хүссэн. Мөн “Стиви Уандер” гэх төрийн бус байгууллага нээж “Өчүүхэн шалтгаанаар нэг нэгнээ бүү доромжил бас гомдоо” гэдгийг олон улсад ойлгуулахыг хүссэн. 1980 болон 1990 онуудад гаргасан уран бүтээлүүдийн ихэнх нь арьс өнгөний ялгаа, цагаан арьстнуудын дээрэнгүй зангийн талаар өгүүлдэг байсан. Харин 1990 оны сүүлээр дээрх асуудал 50/50 хувийн харьцаатай болсон учир би хайр болон сохор хүн амьдралыг хэрхэн төсөөлдөг зэргийг шигтгэж, тусгасан уран бүтээл гаргаж эхэлсэн. 2000 оноос хойш гаргасан 100 уран бүтээлийн 98 нь эмэгтэйчүүдэд зориулагдсан. Би эмэгтэй хүнгүйгээр нэг секунд ч амьдарч чадахгүй. Бүх эмэгтэйчүүд яг л дуу шиг гоёмсог гэж боддог бас төсөөлдөг.
-Өнгөт арьстай хүмүүсийн төлөө тэмцэхэд хэн нөлөөлсөн вэ?
-“Надад мөрөөдөл бий. Энгийн атлаа ямар агуу үг гэдгийг мэдэх үү”. Мартин Лютер Кинг энэ үгийг хэлж байхдаа юу гэж бодсон бол...
-АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обама 2009 онд ажлаа хүлээн авсныхаа дараа таныг “Бахархал” одонгоор шагнасан?
-Тиймээ. Ерөнхийлөгч Обама бол сайн залуу.
-Та гурван удаа гэрлэж байсан. Өнгөрсөн 2010 онд модель Томика Робин Брэйситэй хуримаа хийсэн. Энэ бүсгүйн тухай?
-Миний дэргэд гэр бүлийг минь муулахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Гартаа тааралдсанаа шидэх болно. Найзууд минь “Уандер энэ бүсгүй чинь өмнөхүүдээс чинь 100 хувь илүү харагдаж байна. Яаж, хэрхэн энэ бүсгүйтэй танилцсан юм бэ” гээд л шалгаасан. Энэ бүхэн уурыг минь дээд цэгт хүргэдэг. Бусад эрчүүд эмэгтэйчүүдийн гадаад төрхийг нь харж байж сонгодог байх. Надад тэр бүсгүй таалагдсан бол царайлаг байна уу, царай муутай байна уу хэнд хамаатай юм. Би ямар царайг нь харж, сонголт хийж чадах биш.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ