Театраас урвах хүслийг багшийн минь үг “цаламдсан”
“Би Эдит Пиаф байна”, “Тэнгэрийн аялгуу” ганц хүний жүжгүүдээрээ монголын театрын урлагийг сурталчилж, монгол жүжигчний уран авьяас, чадварыг дэлхий дахинд гайхуулж яваа УДЭТ-ын театрын жүжигчин Ц.Баясгалантай ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр энэ намар уран бүтээлийн ургац арвин хураажээ. Өнгөрөгч сард Киргиз улсад зохион байгуулагдсан фестивальд оролцоод ирсэн тэрбээр моно жүжгийн олон улсын фестивалийг эх орондоо зохион байгуулах гэрээ, хэлэлцээр хийгээд ирсэн байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрбээр драмын театрын тайзнаа домогт Ану хатныг амилуулж, тэр дүрээрээ урлагт хайртай эрхэм үзэгчдийн сэтгэлд хоногшсон. “Домогт Ану хатан” энэ сарын 8, 9-ний өдрүүдэд УДЭТ-ын тайзнаас дахин үзэгчидтэй мэндчилнэ.
ы
-Сайхан намаржиж байна уу. Уран бүтээлийн ургац арвин хураажээ. Таныг ирэх 12 угаар сард АНУ-ын Чикагогийн “Мадисон Стреет” театрт тоглох тухай зар гарсан байна.
-Сайхан намаржиж байна. Танай сайтын уншигчидтай уулзаж буйдаа баяртай байна. Өөрийн чинь хэлсэнчлэн Чикагогийн “Мадисон Стреет” театрт тоглох гэрээ маань хийгдсэн. Монголчуудад гадны мэргэжлийн урлагийг толилуулах, АНУ-д монголынхоо мэргэжлийн урлагийг гаргах, хүргэх зорилготой “Монголын их амар амгалан” хэмээх байгууллага байдаг аж. Тус байгууллагын тэргүүн доктор, хөгжим судлаач н.Батжаргал таны хоёр жүжгийг АНУ-д тоглуулж тус улсын иргэд болон тэнд амьдарч буй монголчууддаа хүргэмээр. Тэнд байгаа хүмүүс драмын урлагаас холдож байна. Иймд тэдэнд мэргэжлийн амьд урлагийг мэдрүүлэх зорилготой юм гэх саналыг тавьсан юм. Урьд нь манай “Арга билэг” хамтлаг очиж тоглон, үзэгчид их сайхан хүлээж авсан юм байна. Ямартай ч АНУ-ын театрт монголын уран бүтээлч хоёр жүжгээ тоглох болсонд бахархалтай санагдаж байна. Энэхүү ажлыг санаачлан хийж буй багийнханд талархаж буй.
б
-Таны “Тэнгэрийн аялгуу” жүжиг тэнд суугаа монголчуудын сэтгэлд их ойрхон хүрэх болов уу гэж бодогдлоо.
-“Би Эдит Пиаф байна”, “Тэнгэрийн аялгуу” жүжгүүдээ дараалан тоглоно. Тиймээ би ч гэсэн санал нэг байна. СГЗ нэртэй сэтгүүлч, зохиолч Б.Галаарид гуай миний захиалгаар “Тэнгэрийн аялгуу” хэмээх их сайхан жүжиг туурвиж өгсөн. Тэнд байгаа монголчууд маань үзээд сэтгэл нь их хөдөлж, эх нутгаа санагалзах байх гэж бодож байна. Эх дэлхий, эх хүн, бүүвэйн дууны үүслийн тухай хүүрнэсэн, эх дэлхий газар шороо ээж хоёр адилхан юм гэдгийг өгүүлсэн жүжиг шүү дээ.
б
-Киргизээс ганзага дүүрэн ирэв үү?
-10 сарын 15-нд Киргизийн Бишкек хотноо болсон моно жүжгийн фестивальд урилгаар оролцоод ирлээ. Энэхүү фестиваль уралдаант бус, анх удаагаа болж буй болохоор гран при шагналт шилдэг уран бүтээлчдийг урьж тоглуулсан. Ер нь тэр хавийн орнуудад нэг хүний жүжгийн фестиваль байдаггүй юм байна. Миний уран бүтээл өндрөөр үнэлэгдсэнд их баяртай байгаа. Мөн олон сайхан жүжгүүд үзлээ. Тухайлбал, ОХУ-ын гавьяат жүжигчин Севагийн муурны хүүрнэлийн тухай гайхамшигтай сайхан жүжиг үзсэн. Тэрбээр Новогород хотын театрын дарга бөгөөд өөрийн тоглодог зургаан жүжигтэй, түүнийг очиж үзэх гэж Москва хотын иргэд урьдаар захиалга өгдөг гэсэн. Түүнчлэн Киргизийн ардын жүжигчин 64 настай эмэгтэй Чингиз Айтматовын “Эхийн тал” зохиолоор хийсэн өөрийн жүжгээ толилууллаа. Косовогоос ирсэн Сумбираз Амок жүжигчний уран бүтээлийг үзсэн. Надтай нийлээд дөрвөн уран бүтээлч жүжгээ тоглосон. Юнескогийн төлөөлөгч болон Астана, Алмата хотоос хөндлөнгийн ажиглагчид ирж оролцож, нийт зургаан орны төлөөлөлтэй буюу бага хүрээтэй ч чанартай фестиваль боллоо. Миний хувьд ирэх оны есдүгээр сард болох нэг хүний жүжгийн фестивальд хүндэт зочноор уригдлаа. Мөн хэд хэдэн орны уран бүтээлчидтэй хамтраад эх орондоо олон улсын моно жүжгийн фестиваль зохион байгуулах гэрээ хэлэлцээр хийгээд ирлээ. Мөн драмын театрынхаа сая хийгдсэн бэсрэг буюу камерын жүжгүүдийг олон улсад гаргах талаар аман яриа хэлэлцээртэй ирсэн. Цаашид бичлэг энэ тэрээ явуулснаар үүд хаалга нээгдэх байх.
б
-За баяр хүргэе. Нэг хүний жүжгийн фестиваль хэзээ зохион байгуулагдана гэсэн үг вэ?
-Баярлалаа. Ирэх оны 10 дугаар сарын эхний долоо хоногт гэж тохирсон. Герман, Польш, Швед, Киргиз, Косовогийн уран бүтээлчид ирж оролцоно. Юнескогийн энэ салбарын дэд ерөнхийлөгч ирнэ. Энэхүү үйл ажиллагаанд хамтарч оролцох хүсэл, сонирхолтой байгууллагууд ирж уулзан, хамтарч ажиллахыг хүсье. Нэг хүний жүжгийн уралдааныг монголынхоо жүжигчдийн дунд зохион байгуулж, тэндээс түрүүлсэн уран бүтээлээр олон улсын фестивалийг нээхээр төлөвлөсөн учир жүжигчид маань эртнээс зохиолоо бэлдэх хэрэгтэй. Иймд зохиолоо эртнээс бичүүлж, бэлтгэлээ хийгээрэй гэдгийг танай сайтаар дамжуулан дуулгахад таатай байна.
б
-Та яагаад нэг хүний жүжгийн төрлийг сонгосон юм бэ?
-Би ганц хүний жүжгээр тоглоно гэж бодож байгаагүй. Үнэндээ энэ төрлийг мэддэг ч үгүй байсан. “Гэгээн муза” академи 10 дахь удаагийн шалгаруулалтандаа энэ төрлийг оруулан, АЖ С.Сарантуяа эгч “Эдит Пиаф” зохиолыг санал болгож, тэрнээс үүдсэн дээ. оруулснаар сарантуяа эгч зохиолыг санал болгож байсан. Эдит Пиафын амьдрал өөрөө агуу, сонирхолтой, дуунууд нь хүмүүст хүрсэн. Найруулагч Б.Баатар их сайхан найруулж өгсөн. Жүжгийн тавилт, тайз их сайхан болохоор хэл мэдэхгүй хүмүст хүртэл маш ойгомжтой хүрсэн. Ийм болохоор гадаадад тоглох боломж нээгдэж, Косовогоос урьсан. Аз түшиж анх удаа оролцсон том тэмцээнээс гран при шагнал хүртсэн. Энэ нь намайг цаашид явах, хийх итгэл, мөрөөдөл, хүслийг төрүүлсэн болохоор энэ зам руу шулуудан ороод байна. Уг бүтээлийг амилахад надтай хамт гар бие оролцсон бүх хүнд талархаж явдаг.
б
-Жүжиг эхлэхээс дуусах хүртэл гав ганцаар тайзыг эзэмшихэд?
-Хүнд. Нэг хүний жүжгийн төрөл бол жүжигчин хүний хүч хөдөлмөр, авьяас, туршлага байдаг. Фестивальд тайзан дээр тоглох хугацаа 45-60 минут байдаг. Энэ бүх хугацаанд бүх үзэгч ганцхан чамайг харна. Эхлээд хамаг хүчээ гаргаад суларчихвал тэгээд ойлгомжтой. Нэг секунд, минутыг ч алдалгүй идэвхтэйгээр амьдарч, үзэгчдийг сонирхлыг алхам тутамд татаж байх чадвартай жүжигчин нэг хүний жүжгийн төрөлд үзэж алдах хэрэгтэй байдаг юм байна лээ. Манайхан жүжигчид өндөр чадвартай. Ялангуяа академик театрын жүжигчид өндөр түвшинд тоглодог шүү дээ. Тийм болохоор энэ төрөлд орох жүжигчин олон байгаа гэдэгт итгэлтэй байдаг.
б
-Нэг хүний жүжгийн төрлөөс өөр ямар бүтээлийг олон улсын түвшинд хүргэх гарцтай санагдаж байна. Хамгийн гол нь санхүүгийн асуудал байна шүү дээ.
-Драмын урлагийг гадагшаа гаргахад хүнд байна. Би ганцаархнаа байж л гадагшаа фестивальд явах гэхээр зардал мөнгө олдохгүй байхад Тэнгэрийн хүү, Гамлет гээд том жүжгүүдийг гадаадын фестивалиудад явуулах боломжгүй гэдэг манай урлагийнхан, жүжигчин бүрт харагдаж байна. Тиймээс бидний олон улсад гарах гарц бол нэг хүний болон камерын жүжиг юм байна лээ. Гэхдээ маш сайн бүтээл, маш сайн уран бүтээлч явах хэрэгтэй. Улсын нэр хүндтэй холбоотой учир. Зарим фестивальд улсаа төлөөлөн ирсэн жүжигчдийг харж байхад эднийх ийм ч юм явуулах гэж дээ гэмээр юм харагддаг. Ялангуяа жүжгээ монгол хэл дээр тоглож байгаа тохиолдолд хэнд ч ойлгомжтой, сонин тавилттайгаар, мэргэжлийн өндөр түвшинд тоглох шаардлагатай. Гадны жүжигчид ихэнх нь англи хэл дээр бүтээлээ тоглодог. Би манай жүжигчдэд ийм нөөц бололцоо, чадвар бий гэж боддог.
ы
а
-УДЭТ-ын туршлагатай, чадвартай уран бүтээлчийн хувьд өнөөдөр нэг хүний жүжгийг амжилттай тоглож байна гэж ойлгодог. Ингэхэд та урлагт хэдэн жил ажиллаж байна.
-Би 20 жил болж байна. 1994 онд СИУС-ийг төгссөн. Миний багш АЖ Ц.Гантөмөр. Багшийнхээ үг, сургаалыг дагаж, 20 жил театрын тайзан дээр уран бүтээлээ хийж, судалж, суралцаж, туршлага сууж явна. Хаашаа ч урваагүй 20 жилийн зүтгэл, хөдөлмөр минь надад энэ амжилтуудыг авчирсан. Дөнгөж сургуулиа төгсөж гарч ирээд олонд танигдаж, нэр алдарт хүрдэг царайлаг, азтай хүмүүс байдаг. Надад тийм боломж гарч байгаагүй. Би чинь царай муутай хүн шүү дээ. Намайг төгсөж байх үед ганцхан Монгол телевиз /МҮОНТВ/ байсан. Зар сурталчилгаа гэдэг юм байхгүй. Театр жилд 1-2 уран бүтээл хийнэ. Найруулагчид энэ ямар мундаг юм бэ, энэ Баясаад тэр дүрээ өгчихвөл сайн тоглож чадна гэж харагдахгүй л бол дүр олдохгүй. Манай үеийнхэн ихэнх нь хошин шог руу ороод театр манай Б.Отгонбат бид хоёр л үлдсэн. Бид хоёрыг тэр болгон хүн сайн таньдаггүй. Нуугдмал хоёр хүн байдаг /инээв/. Манай Отгоо их мундаг шүү дээ. Намайг бол миний жүжгүүдийг ирж үзсэн хүн л таних байх. Ингэхээр энэ олон жилийг тийм амжилттай эхлүүлээгүй байгаа биз.
б
-Танд театраас урвах бодол орж ирээгүй гэж үү?
-Тайзны урлагаас урвах хүсэл үе үе орж ирж байсан /инээв/. Үеийнхэнтэйгээ хошин шог руу орчихдог ч юм билүү гэж бодсон. Тухайн үед мундаг нэвтрүүлэгч байсан н.Цэенханд гуай намайг шавиараа авъя гээд дууддаг байсан юм. Тэгээд нэвтрүүлэгч болчихдог ч юм бил үү гээд л урвах бодол орж ирдэг байсан. Гэсэн ч Ц.Гантөмөр багшийн минь болон манай тайзны ярианы багш н.Уртнасан багшийн маань хэлсэн чи Сувдаа гуай шиг мундаг жүжигчин болох ёстой гэсэн захиас бодогдоод чадаагүй. Нэг юмандаа үнэнч байж багш нарынхаа үгийг үнэнчээр дагасан намайг бурхан харсан байх. Мөн энэ минь ийм байгаасай гэсэн багш нарын минь чин хүсэл байсан байх.
ө
-Дэлгэцийн уран бүтээлд таны дүр ховорхон. Цаашид ийшээ орох бодол байна уу?
-Надад дэлгэцийн уран бүтээлд тоглосон дүр ховорхон шүү. Хааяа найз нөхдийнхөө дуудсан нэг жаахан хэсгүүдэд орсон кинонууд байдаг. Өнгөрөгч уил зохиолд нь болоод тоглосон Анирлагч гэж кино байдаг. Уг нь Ану хатнаар кино хийе гээд багшийнхаа хэлснийг үргэлж санаж явдаг учир Сувдаа эгч Мандухайд мөнхөрсөн шиг, Ану хатныг бүтээх хүсэлтэй байсан ч харамсалтай нь киноноосоо “жийгдсэн”. Энэ надад “гайхамшигтай” цохилт болсон. Гэсэн хэдий ч би их шартай хүн учир дараа дараагийн уран бүтээлүүдээ хийж байна. Магадгүй кинонд Ану хатанд тоглосон бол Анугаараа үлдэх гээд өөр бүтээл хийж чадахгүй байсан байх. Угаас жүжигчин эмэгтэй хүн бүр түүхэн хатны дүрд тоглох мөрөөдөлтэй байдаг. Киноны янз бүрийн зохиол ирж байна. Гэхдээ одоохондоо завгүй байгаа учир хараахан орж амжаагүй байна. Ер нь киногоор оролдох бодол бий.
б
-УДЭТ 84 дэх жилийн үзвэрийн нээлтээ хийж байна. Та 20 жил энэ байгууллагын “тогоонд чанагджээ”.
-Тиймээ. Миний амьдралын 20 жил театртай минь салшгүй холбоотой. УДЭТ-ын 84 дэх жилийн үзвэрийн нээлт эхэлж байна. Энэ сарыг түүхэн жүжгийн сар болгон зарлаж “Тэнгэрийн хүү” жүжгээр нээж байна. Энэ хугацаанд Эдип хаан, Тэмүүжин /хүүхдийн жүжиг/, Ану хатан, Оролмаа эх, Саранхөхөө жүжгүүд тоглогдоно. Академик театрын мэргэшсэн уран бүтээлчдийн өндөр хэмжээнд боловсрогдсон амьд тоглолт болдог. Эрхэм үзэгчдийгээ урьж байна. Үзэгчид бол бидний хувьд эрхэм хүмүүс. Тэд байхгүйгээр уран бүтээлч бид хэн билээ. Үзэгчиддээ үргэлж баярлаж явдаг шүү.
б
-Дөрвөн жилийн өмнө УДЭТ-ын тайзнаа амилж тухайн үед “тэсрэлт” хийсэн Ану хатан дахин тоглогдох гэж байна.
-1944 онд н.Цэрэндулам гуай Мандухай цэцэн хатанд тайзан дээр тоглож байсан юм байна лээ. Түүнээс хойш хатны тухай жүжиг хараахан тайзан дээр тоглогдоогүй байсан. 2010 онд Ану хатан жүжгийг хийсэн нь хүн бүхний амбицийг хөдөлгөж, үнэхээр хэцүү байсан. Гэхдээ Б.Баатар найруулагч маань намайг зоригжуулж, надтай хамт байсан хүмүүс минь их дэм, тусалснаар их сайхан болсон. Кино гараад үзэгчдэд хүрсэн ч театрын урын сангаас буулгүй, үзэгчдийн хүсэлтээр өдийг хүртэл тоглогдож байгаа нь сайн болсны илрэл болов уу гэж бодож байна. Тэр үед бол театрт байсан эмэгтэй, эрэгтэй жүжигчдийг амбицийг хөдөлгөж байсан жүжиг. Одоо олон жил болчихоор Баясаа, Ану хатандаа тоглодог гэж хүлээн зөвшөөрдөг байх. Жүжгийн киноноос ялгаатай чанар нь тоглолтоос тоглолтод улам чанаржиж байдаг. Тоглолт бүртээ дүрийнхээ шүүсийг шахаж тоглодог.
б
-Та Ану хатны дүрийг хэр бүтээсэн гэж өөрийгөө үнэлдэг вэ?
-Ямар ч байсан би Ану хатанд маш их дурлаж тоглосон. Найруулагч маань намайг үнэлдэг. Үзэгчид маань маш гоёор үнэлдэг. Ану хатанд тоглоод тайзнаас буусны дараа нэг сайхан дүрд тоглоод, үнэхээр юм хийгээд гараад ирсний дараах амт, мэдрэмж төрдөг. Жүжигчин эмэгтэй бүр Ану хатны дүрийг өөр, өөрийнхөөрөө хардаг байсан. Харин би Баясгалангийн харснаар болон найруулагчийн шаардсан бүх зүйлийг биелүүлж тоглож чадсан. Би сэтгэл хангалуун байдаг.
ө
-Танд кинонд түүхэн хатны дүр бүтээх мөрөөдөл байна уу. Таны мөрөөдлийн дүр.
-Би амьд мюзиклд тоглохыг мөрөөддөг байсан чинь сая “Чөлөөт хос” жүжигт тоглосноор биеллээ. Гэхдээ дахиад бүр том мюзиклд тоглохыг хүсч байна. Кинонд мөрөөдөж байгаа дүр байна. Залуу жүжигчин байхад тэр болгон дүр өгөхгүй болохоор маш олон дүр мөрөөддөг байлаа. Хайр сэтгэлтэй гоё охины дүрд тоглох юмсан гээд л.../инээв/. Би Жульетта биш гэдгээ мэдэж байгаа ч залуу гоё охинд тоглохыг мөрөөддөг байсан. Одоо 40 гарчихаад тэр дүрүүддээ тоглоод байгаа. Хэтэрхий их мөрөөдсөн юм шиг байгаа юм. Гэхдээ олигтой дүр авахгүйгээр олон жил явсан. Гэхдээ энэ хугацаа бол театрын мундаг уран бүтээлчдээс, найруулагчдаасаа суралцаж, туршлагажиж байсан үе байжээ гэж боддог. Магадгүй тэр олон жил туршлага хуримтлуулж явсан тулдаа энэ жүжгүүдийг ганцаархнаа тоглох чадвартай болж дээ хэмээн бодож хамт олондоо үргэлж талархаж байдаг. Энэ яалт ч үгүй тэдний гавьяа.
ы
“Урлагийг дэмжигчидтэй хамтарч ажиллах хүсэл байна”
ө
-Та шантарч байна уу?
-Хүн мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Би ч хөдөлмөрлөж байна. Сүүлийн хэдэн жил надад завсар зай, чөлөө зав хомс байна. Дээрээс нь олон олон фестивальд уригдаж байгаа. Би гадагшаа явахдаа эх орныхоо алдрыг, УДЭТ-ынхаа нэрийг гаргаж явдаг. Хувийнхаа зардлаар явдаг болохоор хүмүүсээс мөнгө зээлээд, дараа нь очиж жүжгээ тоглож өгөх ч юмуу, иймэрхүү маягаар өр тавьдаг. Бас шантарч байна аа. Өрөнд орж дуусах юм шиг байна шүү дээ. Тийм болохоор хамаагүй олон фестивальд явж чадахгүй юм шиг байна. Урлагаа дэмждэг, мөнгөтэй, төгрөгтэй хүмүүс байвал сайхан л байна. Хэрэв байдаг бол хамт олон, албан байгууллагуудад нь жүжгээ тоглоод зардлаа гаргуулаад фестиваль, уралдаанд явах, хатмарч ажиллах хүсэл байна. Хаашаа, хэнд очихоо мэдэхгүй мөнгөний асуудал бол байна. Монголын драмын урлагийг гадагшаа сурталчилмаар. Намайг шантарч, мөхөхөөс өмнө тийм хүмүүс олдоосой гэж бодож байна.
б
-Та өнгөрөгч хавар Олон улсын фестивалиас гран при шагнал хүртэж 65 сая төгрөгийн болзол хангасан. Урамшууллаа авсан уу?
-Ийм урамшуулал байдгийг энэ тэмцээнд түрүүлж ирээд мэдсэн. Одоохондоо өгөөгүй байгаа.
б
-Цол тэмдэгт хэрхэн ханддаг, ойлгодог вэ?
-Өнгөрөгч хавар төр засгаас надад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгсөн. Энэ шагналыг чинь их гавьяатай хүнд өгдөг биз дээ. Баярлаж хүлээж авсан. Гэхдээ нэг их айхтар цол тэмдэг гэдэггүй. Шунаад зүтгээд байдаггүй. Би олон улсад монголын драмын урлагийг гаргах, сурталчилахыг л туйлын ихээр шунаж байна.
б
-Дараагийн удаа аль орны фестивалийг зорих гэж байна
-Ирэх гуравдугаар сарын сүүлчээр Европ руу фестивальд уригдсан. Тэрний дараа өнгөрөгч жилийн Косовогийн фестиваль болно. Македонд болох зэрэг нэлээн хэдэн фестивальд уригдсан байгаа. Энэ олон фестивальд явах юу болох юм бүү мэд. Гэхдээ монголын жүжигчид хаана явааг тодорхойлж, олон улсын фестивалиудад уригдаж байгаадаа баяртай байгаа. Бидэнд боломж байгаа. Олон улсад нэг очоод том амжилт гаргачих юм бол сонирхож эхэлдэг аж. Манайхан их сайн бүтээл хийгээд гарвал нээлттэй болдог юм байна гэдгийг мэдэрч байна.
б
-Таны бүтээсэн Эдит Пиафыг олон улсад үнэлж байна. Та өөрөө энэ дүрийг хэр бүтээсэн гэж боддог вэ?
-Миний хувьд маш их ажилласан. Эдит Пиаф бодит хүн учир маш хүнд байсан. Шөнө дөл болтол интернэтээс салахгүйгээр түүний амьдралтай холбоотой бүх зүйлийг судалж, зан чанарыг нь олж мэдэх гэж хэдэн сар ажилласан. Дуунууд нь франц хэл дээр дууллагддаг. Сайн зөвлөгчтэй ажилласны хүчинд зөв, сайхан дуулж сурсан. Киргизд франц хэлтэй хүн ирж үзээд их сайхнаар үнэлсэн. Аз болж миний хоолойн тембр, биеийн өндөр гавлын яс Эдит Пиафынхтай төстэй байсан дээрээс нь түүний зан чанарыг шигтгэж өгөхийг хүссэн. Нэлээн уйгагүй ажилласан яаж тоглосныг үзэгчид л дүгнэдэг.
б
-Мюзиклд тоглохыг мөрөөддөг. Алдарт дуучин эмэгтэй дүрийг бүтээж дууг нь өөрөө дуулсан. Таныг дуулах авьяастай хүн юм гэж хэлж болох уу?
-Авьяас нь ч юм юу бэ /инээв/. Би дуулах дуртай. Дунд сургуулийн нэгдүгээр ангид байхаасаа л толгойгоо хөдөлгөөд л орос дуу дуулдаг байлаа. Ямар ч ардын дуу, эстрадын дуу, нийтийн дуу гээд ямар ч дуу дуулж чадан. Аав маань их сайхан дуулдаг юм. 2-3 уртын дуу дуулж сурах гэж байгаа. Одоохондоо зав арай болж өгөхгүй байна. Би жүжигчин хүнийг дууны үгээ маш сайн ойглож, мэдэрч, утгыг арай илүү гаргаж дуулдаг гэж ойлгодог. Тиймээс мюзиклд дуулахад их амар байдаг.
б
-Та энгийн, даруухан хүн юм.
-Даруухан, даруухан. Би яасан гэж онгироо байх юм бэ. Миний мөрөөдөл, хийх зүйл зөндөө байхад юунд хүрсэн гэж онгирч сагах юм бэ.
б
-Таны гэртээ харих цагаас авч, их орой болсон ч хоёул ярилцаад сууж байна. Танд ээж, хүү хоёртойгоо хамт байх цаг хэр байна.
-Зав л гарвал гэртээ байхыг, болж өгвөл цаг гаргахыг боддог. Аль болох ээждээ, хүүдээ туслах, хүүхдээ туслахыг хичээнэ. Хүү, ээж хоёр маань миний гарын хоолонд их дуртай. Цаг л гарвал сайхан хоол хийж өгөөд тэр хоёртойгоо хамт байхыг боддог.
б
-Та цуглуулга байдаг уу?
-Надад цуглуулга байгаа. Хөргөгчний магнет буюу наалт цуглуулдаг. Хөөрхөн хэд бий шүү. Найзууд маань мэддэг болохоор бэлэглэнэ. Хамгийн сүүлд хамт фестивальд оролцсон жүжигчнээсээ бэлгэнд авч, цуглуулгандаа нэмлээ.
ө
-Танд маш их мөнгө өгөөд хүссэн зүйлээ хий гэвэл?
-Мэдээж, Монголын гайхамшигт урлагаа олон улсад сурталчилж, монгол уран бүтээлчдээ таниулна. Нэг хүний жүжгийн дэлхийд алдартай уран бүтээлчдийг монголдоо авчирч, урлагийн гайхамшгийг үзүүлнэ гээд энэ зүйлд л зарцуулна даа.
б
-Та хэр тусч хүн бэ?
-Боломж гарвал бусдад туслахыг маш их хүсдэг.
б
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ