Эрээгүй эрх баригчид
АН-ынхан албан тушаал, ад шуналдаа дийлээд эрх баригчийн үүргээ умартаж,
эрхээ дээдэлж ирсэн нь өнөөдөр түмний өмнө ил тодоор тодорч байна. 2012 оны
сонгуулийн дараахан чуулганы танхимд МАН, АН-ын гишүүд ана мана мэтгэлцэхэд
гишүүн Г.Баярсайхан “Танай намынхныг бид одоо шоронд хатааж, шороотой булна”
хэмээн тавьтаргүйтэн, МАН-ын экс генсек У.Хүрэлсүхээс шанаа хүртсэн.Тухайн үед Г.Баярсайхан л хэлснээс бус парламентадолонхи болж
чадаагүй олон суудал авсан АН-ын нүднээ эрх мэдэл, албан тушаал тодорч
баясан, басхүү МАН-ын бөөрөнд олон жил сөрөг хүчин болж явсандаа битүүхэн
бачуурсандаа бахирсан үе байсан бололтой.
АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх “Ажилтай, орлоготой Монгол хүн” хаана байна вэ гэж өнөөдөр эрх баригчдаас иргэд асууж байна. Харамсалтай нь үүнд хариулт өгөх сөхөөтэй эрх баригч алга. Бүрэн эрхийн хугацаа нь талдаа орсон энэ үед эрх баригчид дотооддоо зөрчилдөж, тэмцэлдээд сөхөө алга. Юун Засгийн газар, улс орны хөгжил, тун удахгүй гурван саяд хүрэх иргэнээ угтан авах. Намын ҮЗХ-ны гишүүд Төрийн ордны их танхимд, төрийн тусгай хамгаалалт дор, дотроосоо ч хурлын үйл явцыг гадагш нисгэхгүй, хийсгэхгүй байх үүрэг бүхий тусгай хянагч, харгалзагч томилон хоёр өдөр хуралдаад шийдвэрт хүрч чадсангүй. Түүхэндээ анх удаа төрийн гурван өндөрлөгийг энэ намын гишүүд хашиж, эрх мэдлийг бүрэн гартаа аваад байгаа энэ цагаа хугацаа бол АН-д ялалтыг дагасан хариуцлага ирж байгааг тэртээ 24 жилийн өмнөх үйл явцтай зэрэгцээд хоёрхон жилийн өмнө сонгогчдын өгсөн итгэл өвөрлөхдөө гүн ухаарсан баймаар. Ард түмнээс үзүүлсэн итгэлийг АН ухаарсангүй. Уг нь олон суудал авсныгаа ирэх парламентад олонхи болохын төлөө, түмний итгэлийг алдалгүй зүтгэж, дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа хариуцлагатай, хашир ажиллах он жилүүд байлаа, энэ цаг хугацаа. Харин өнөөдрийн АН-д өрнөөд байгаа үйл явцыг харахад олуулаа болох бодлого нь нам доторх фракц, бүлэглэлийнхний дунд яригдсан зүйл бололтой гэж ажиглагчид ярьж байна лээ. Нам дотроо олуулаа фракц нь бусдаасаа илүүрхэнэ. Ялангуяа ҮЗХ-нд хэний фракц олуулаа байна, түүний бодлого шийдвэр хэрэгжинэ, тухайн санал хураалтын үед хэн нэг гишүүн нь урвачихгүй л бол шүү дээ. Харин саяхан болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлын тухайд намын фракц, бүлэглэлийн гишүүд хүч тэнцсэн гэх. Уг нь ҮЗХ-д Алтангадас олуулаа. Харамсалтай нь ҮЗХ-ны хурлаар “Алтангадас ба бусад” болсон сурагтай. Тиймээс л эрх баригчид шийдэлд хүрч чадахгүй хуралдаанаа завсарлууллаа.
Ер нь бол эрх баригчид хурлаа завсарлуулж байна гэдэг нь засаг завсарлага авснаас ялаагүй. АН-ынхан Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлж, парламентад суудалтай хүчин хэлэлцэнэ. Шинэ Ерөнхий сайд өөрсөдтэйгөө төдийгүй сөрөг хүчин, ялангуяа МАН-тай ойлголцож чаддаг байх хэрэгтэй. Учир нь парламентад суудалтай намууд эв эеэ ололцож чадвал нийгэм, эдийн засгийн асуудал ч энэ хэрээр шийдвэрлэгдэн, жигдрээд ирдэг.
Намрын чуулган бол төр, засгийнхны хувьд улстөржиж бужигнах бус төрийн хар хүний ухаанаар асуудалд ултай суурьтай хандан, ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, бодлогын баримт бичгээ боловсруулан баталдаг хариуцлагатай хийгээд цаг хугацаатай уралдаж ажилладаг үе. Тэгээд ч төр тогтвортой байх эсэх нь эрх баригчдаас л хамааралтай. Сөрөг хүчний элдэв дайралт, сүх далайсан ч хад мэт хөдлөхгүй байх эрх баригчдад бий. Харамсалтай нь эрх баригчид өнөөдөр даргаа ч сонгож чадахгүй “толгой”-гүй явна. Харин Монгол Улсын Ерөнхий сайдын цаашлаад аль нэг салбарын сайдын, агентлагийн ч юм уу хурган даргын албан тушаалд суучих гэх улайрсан хүсэл “дур эзнээ голохгүй” гэгчээр албан тушаалтай, тушаалгүй яваа АН-ын гишүүдийг хатгаж, нойрыг нь ч эс хүргэж байгаа даг.
Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар удаан үргэлжлэх нь улсын ажлыг тушдагийг бид андахгүй. Өнөөдөр яам агентлагийн албан хаагчид сайд томилогдохыг хүлээж, ойр зуур хийсэн хийгээгүйн хооронод ажлын цагаа нөхцөөж байгаа нь нууц биш. Тиймээс улсаа бодсон ч, иргэдээ бодолцсон ч Засгийн газраа хурдан байгуулж, товхинуулахыг эрх баригчдаас шаардах бидэнд бий. Эрхээ эдлээд үүргээ умартсан эрх баригчдад ирэх сонгуулийн чимээ хаяанд ирээд байгааг ч сануулахад илүүдэхгүй болов уу.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ