Н.Алтанхуяг эв нэгдэлтэй байхыг сануулснаар АН аврагдав
АН-ынхныг нийгмээрээ
буруутгасан өдрүүд өнгөрч байна. Цахим ертөнцөөр тэднийг буруутган шоолсон
сэтгэгдлүүд хөвөрч, АН-ын хагарал, МАН-ын овсгоог шүүмжлэх болов. Гүйцэтгэх
засаглалын тамгыг барьж үлдсэн МАХН-ын Д.Тэрбишдавгын ард үнэн хэрэгтээ
Н.Энхбаяр төр жолоодох болсон талаар хурцхан маргаан ч гараад амжив. Ийнхүү
АН-ын имижийг өмнөхөөс өөрөөр бүрдүүлж, гүйцэтгэх засаглалыг хоёр жил удирдан
энэ намын дотоод амбиц, эвдрэлийг эерэгээр зохицуулж байсан Н.Алтанхуягийг
үгүйлэх хандлага сүүлийн хэдэн өдөрт бий боллоо. Магадгүй энэ нь эдүгээ дотроо
хэд хуваагдаад байгаа АН-ын “урвагчид” гэгдэж буй гишүүдийн хувьд таамаглаагүй
нөхцөл байдлыг үүсгэж буй юм. АН-ын ҮЗХ-ны хурал хоёр өдөр боллоо. Уг хуралд
176 хүн оролцсон агаад эхний өдрийн турш зөвхөн хурал даргалах даргыг сонгохын
төлөө микрофоноо улайстал хэрэлдэв. Эцэст нь хотын мээр Э.Бат-Үүл нүүрээ
улайлган хашгирсаар тунаж үлдсэн бөгөөд удтал үргэлжилсэн талцал, хэрүүлийн
дараа цуцалгүй, шүлсээ үсчүүлэн үг уралдуулсаар байсан нь түүнийг энэ байр
сууринд хүргэжээ.
Шинэчлэлийн Засгийн газрыг огцроход гол үүрэг гүйцэтгэн товчлуур дарсан найман гишүүнээ намаас хөөх, үгүй талаар хэлэлцэх үед намын дарга Н.Алтанхуяг
-Надад огцорлоо гээд хорсол зангидаад байх юм алга. Одоо АН-д эв нэгдэл юу юунаас илүү хэрэгтэй байна. Тиймээс найман гишүүнийхээ асуудалд ухаантай хандмаар байна хэмээн хэлж, хуралд оролцогчдын сэтгэл санааг эргүүлж чаджээ. Түүний энэ шийдвэртэй үг тус намаас хагарал, талцал хүлээж байсан улс төрийн бусад хүчний өмнө АН амттай өгөөш нь бололгүй өнгөрөхөд гол нөлөө үзүүлсэн байна.
АН-ын ҮЗХ хоёр өдөр хуралдаж, хоёр шийдвэр гаргасан. Ямартай ч урвагч найман гишүүнээ намаас хөөхгүй байхаар шийдэж, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хийсэн гэрээг хүчингүйд тооцлоо. Н.Алтанхуягийг намын даргын суудалд хэвээр үлдээсэн нь олонх гишүүдийнхээ хүсэл зоригийг хүндэлсэн хэрэг аж. Нэгэнт Н.Алтанхуягийн огцорсон асуудлыг нийгэм дургүйхэн хүлээн авч, АН-ыг буруутгаж байгаа үед түүнийг намын даргаас өөрчлөх тухай ярих нь бүр ч олны дургүйцлийг төрүүлэх байв. Нөгөө талаар урвагч хэмээн цоллуулж буй найм, бусдын гараар могой бариулаад алга болсон нэр бүхий гишүүд, Ерөнхий сайдаа авч үлдэх гэж хичээсэн нөхдүүд гээд өнгөн дээрээ гурав хуваагдсан АН үнэн хэрэгтээ фракц бүлэглэлээрээ үүнээс ч олон салаалчихаад байгаа. Тиймээс богино хугацаанд фракц хоорондын амбицаа дарж, зөвшилцөл, тохиролцоонд хүрч чадахгүй нь тодорхой юм.
Энэ мэтийн шалтгаанаар энэ удаагийн ҮЗХ-ны хурал үр дүнгүй шахам өнгөрлөө. Н.Алтанхуяг урьдын адил намынхаа эв нэгдлийг хадгалж үлдэх гэж ноён нуруу гаргаагүй бол АН-ын талцал төрийг хямрал руу хөтлөхөд ойрхон байлаа. Энэ долоо хоногт ҮЗХ дахин хуралдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ