Д.Баярсайхан: Дайнтай газар очихоор хүн огт өөр болдог

img

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн албан хаагчдаа илгээж эхэлсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 8358 цэргийн алба хаагч, цэргийн баг, цэргийн ажиглагч болон штабын офицерууд энхийг дэмжих хариуцлагатай ажиллагаанд оролцож үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн билээ. Тэгвэл Зэвсэгт хүчний түүхэнд шинэ хуудас нээж, Монгол улсын цэргийн дээд цолтой, генерал хүн олон улсын энхийг сахиулах ажиллагаанд бүсийн командлагчаар ажиллах НҮБ-ийн шийдвэр гарсан юм. НҮБ-ын мандаттай "UNMISS"  энхийг сахиулах ажиллагааны Хойд бүсийн олон улсын хүчний командлагчаар томилогдсон БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхантай ярилцлаа.

sa

-Юуны өмнө цэргийн хүн болсон түүхээсээ хуваалцаач?

-Би цэргийн хүний хүүхэд. Зүүнбаянд 8 ангиа төгсөөд, 10 ангиа Дорноговьд  төгссөн юм. 10жилээ төгсөөд конкурс өгөх гэж байтал Батлан хамгаалах яамнаас нэг хурандаа ирээд онц сайн төгссөн хүүхдийг гадаадын цэргийн сургуульд конкурсгүй явуулна гэлээ. Тэр үед би цэргийн хүн болно гэж огт бодоогүй явсан. Тэгтэл нөгөө хурандаа намайг явуулна гээд би явахгүй гэв. Тэгсэн тэгвэл чи хугацаат цэргийн алба хаагаад ир гэсэн. Би ч тэгье гээд зөвшөөрлөө. Тэгээд Зүүнбаян руу ээж аавруугаа утасдаад намайг нэг хурандаа хүрч ирээд цэргийн сургуульд явуулна гээд байна гэлээ. Тэгсэн ээж маань юу ярьж байгаа юм. Явалгүй яадаг юм гээд ээж хүрч ирээд л нөгөө хурандаатай уулзаж, энэ нөхрийг цэргийн сургуульд явуул гээд хүчээр явуулчихсан. Тэгээд л одоо бодоход ээж аав хоёр миний замыг их зөв зааж өгчээ гэж боддог. Би тэр үед хөл бөмбөг тоглодог. Багшийн дээдийн биеийн тамирын ангид орно гэж бодоод явж байсан. Хэрэв биеийн тамирын багш байсан бол юу хийж явах бол гэж хааяа боддог л юм.

as

-Аав ээжийгээ танилцуулаач, таны хүүхдүүд бас цэргийн хүн үү?

-Миний ээж аав хоёулаа цэргийн хүн байсан. Манай аав дээд сургуульд боловсрол эзэмшээгүй, офицерийн курс төгссөн мөртлөө девизийн авто техникийн албаны даргаар ажиллаж байсан. Курс төгсөөд тийм өндөр албан тушаалд ажиллаж байсан хүн тэр үед байгаагүй. Ээж маань цэргийн эмч, ахмад цолтой. Ер нь л бид цэргийн амьдралаар явсан. Ээж аавыг дагаж томилолтоор яваад цэргийн казармд л бага нас маань өнгөрсөн дөө. Би хоёр хүүхэдтэй, нэг зээтэй. Том хүүгээ цэргийн хүн болгоё хэзээ ч бодож байгаагүй. Сүүлд нь амаа барьсан, цэргийнхэний удам тасарчих гээд л байгаа.

sa

-Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ. Хаана, хаана ажиллаж байв.

-Би 1979 онд Цэргийн сургуульд яваад 1985 оноос Зэвсэгт хүчний анги салбаруудад ажиллаад өдий хүрсэн л дээ. Зэвсэгт хүчний 015 дугаар анги, Цэргийн их сургуульд багш, цэргийн тагнуулийн ангид, ЗХЖШ-д хэд хэдэн албанд ажилласан. АНУ-д хоёр жил олон улсын стратегийн төлөвлөгч гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Тэгээд одоо  энэ албан тушаалд ажиллах гэж байна.

a

-НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Манай улсаас анх удаа ерөнхий командлагч нь монгол хүн болж байна.?

-Хамгийн гол нь тэр шалгалтад тэнцсэндээ баярлаж байна. Өмнө нь би хоёрдугаар сард өөр албан тушаалд шалгалт өгөөд өөр хүн томилогдсон, энэ удаагийн шалгалтыг наймдугаар сард өгсөн юм. Шалгалтад тэнцсэндээ л өөрөөрөө бахархаж байсан.

a

-Та надад баяр хүргээд хэрэггүй, сэтгэгдэл ямар байна гэж асуух ч хэрэггүй гэж байсан.  

-Баяр хүргэж бололгүй яах вэ, би тийшээ зорьж очиж байна. Тэнд очих гэж дэлхийн хэд хэдэн орны генералууд өрсөлдсөн. Тэр утгаар нь баяр хүргэж болно. Тэрнээс Өмнөд Суданд очих гэж байгаа нь баяр хүргэхээр асуудал биш гэсэн юм. Хойд бүсийн командлагч болоод дор хаяж дөрвөн батальон коимандлана. Миний очих газар цагийн байдал сайн биш байгаа. Учир нь Өмнөд Суданы нефть олборлодог талбай нь тэнд байдаг юм. Тийм болохоор тэнд эдийн засагтай холбоотой асуудал гарах магадлалтай. Учир нь сөргөлдөгч талууд өөр өөрсдийнхөө үйл ажиллагааг сайжруулж, мөнгө санхүүгээ  сайжруулахын тулд нефть рүүгээ ойртож очих болов уу. Мөн саяхан болсон иргэний дайны улмаас 10 мянга гаруй энгийн номхон иргэд амь үрэгдсэн, гэр орноосоо дүрэвсэн сая гаруй хүн байгаа гэсэн НҮБ-ын судалгаа байна. Өлсгөлөн газар авч үүнтэй зэрэгцээд моляр гэдэг халдварт тархахаар байна гэсэн. Харин Эбола вирус Өмнөд Суданд байхгүй, Африкийн баруун эрэгт тархаж байгаа гэдгийг интернэтээс харсан. Хамгийн гол асуудал нь өлсгөлөн. Яг одоогийн байдлаар манайд өвөл болдогтой адил тэнд борооны улирал болж байгаа. Борооны улирал болохоор зам харгуй дэд бүтэц үгүй болдог тул сөргөлдөгч талууд хоорондоо байлдаагүй байна. Борооны улирал дуусахаар Засгийн газрынх нь цэрэг сөрөг хүчнийхээ эсрэг том арга хэмжээ авах талаар яригдаж байгаа юм билээ.

a

-Шалгуур нь хэр байдаг юм бэ?

-Айхтар хүнд биш. Гол шалгуур үзүүлэлт нь хэлний мэдлэг. Тухайн албан тушаалд найман хүн өрсөлдсөн. Томилогдох гэж байгаа хүн олон улсын цэргүүдтэй ажиллах ёстой. Мэдээжийн хэрэг тодорхой шалгуур давж байж Бригадын генерал цол хүртсэн байгаа. Бригадын генерал, алив ярилцлагад ор гэсэн, хэлийг нь шалгая гэсэн.  Ярилцлага хийсэн хүн маань төгсгөлд нь та цагийн байдлыг сайн судалжээ гэж хэлээд тасалсан. Боловсон ёсонд тийм үг хэл байлгүй яахав гээд л үлдсэн. Тэгсэн хэд хоногийн дараа манай байнгын төлөөлөгчийн газраас Баярсайхан тэнцсэн шүү гэсэн мэдээг ирүүлсэн. Миний шалгалт бол ердөө л утсаар ярьсан ярилцлага. Нэгдүгээрт, англи хэлээр хэр сайн ярьж байна. Хоёрдугаарт, энэ хүн үнэхээр бригадын генерал мөн үү, биш үү гэж судалсан гэсэн.

a

-Одоо та таван улсын 4200 гаруй цэрэг командлана. Өөрийн багтаа монголчуудаасаа авч ажиллуулах боломж хэр байх бол?

-Намайг очихоор бүтэц зохион байгуулалтынхаа талаар саналыг минь авна.  Манайд гурван хүний орон тоо ирсэн. Миний мэдсэнээр штабын дарга, тагнуулын дарга зэрэг  албан тушаал байгаа. Миний хувьд очоод штабтаа ажиллах хүний тоог гаргаж, зохистой харьцаагаар монголчуудаа оруулна гэж бодож байна.

x

-Үүрэг гүйцэтгэх хугацаа нь?

- Нэг жилийн хугацаатай үүрэг  гүйцэтгэнэ.

a

-Та өмнө нь Иракийн эрх чөлөө ажиллагаанд ажиллаж байхдаа гавъяа байгуулсан. Тэр талаараа ярьж өгвөл?

-Энэ талаар ч нилээн ярьсан даа. Тухайн үед манай баазад халдагч этгээд машин дүүрэн ачсан тэсрэх бөмбөгтэй, хашааны гадаа, дотор талд гээд хоёр газарт бөмбөг дэлбэлээд нурсан хашааны цоорхойгоор нөгөө машинууд орж ирэх зорилготой байсан юм билээ. Гэхдээ тэдний зорилго биелээгүй. Тэр үед польшуудын гаргасан тооцоогоор 750 кг тэсрэх бодис дэлбэрсэн гэж байсан. Манай баазад амь эрсдэсэн хүн байгаагүй. Харин манай баазтай залгаа амьдарч байсан энгийн иргэдээс 11 хүн амь үрэгдсэн гэж дуулдсан. Бид очиж нурсан байшинг засч янзлахыг Словакуудад үүрэг өгөөд явсан. Тухайн үед тэрэн шиг сайхан, хүнд өдөр байсангүй. Сайхан гэдэг нь манай цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж олон хүний амь аварсан. Хүнд гэдэг нь мэдээж айхтар асуудал гарсан учраас цэргүүд сэтгэл санаагаар унах үзэгдэл гарч байсан.

d

-Зорьсон газраа очоод яаж ажиллахаа төлөвлөсөн үү?

-Олон улсын хэмжээнд хийдэг хээрийн сургуулийн үеэр энхийг сахиулах ажиллагааг төлөвлөдөг учраас элдэв бэрхшээл гарахгүй болов уу. Гэхдээ миний шийдвэр, гол санаа бодлоо тусгаад өгөхөд штабынхан төлөвлөгөө гаргаж танилцуулдаг юм. Гол нь миний хариуцаж байгаа газрын дэд бүтцийн асуудал их хүндрэлтэй. Дэд бүтэц хэцүү учраас ард талын хангалтыг яаж хүргэх вэ гэдэг л асуудал үүснэ. Ар талын хангалтыг нисдэг тэргээр хийж байсан. Гэтэл Өмнөд Суданд ар талын хангалтын хоёр ч нисдэг тэргийг унагаачихаад байна. Тэр л хүндрэлтэй байна өөр санаа зовох юм алга.

a

-Монгол цэргийн онцлог. Олон улсын энхиийг сахиулагчдаас хэр  ялгаатай байдаг юм бэ?

-Монгол цэрэг тэсвэртэй хатуужилтай гээд ярьдаг л даа. Тэр тал дээрээ их сайн. Нэг дутагдалтай зүйл нь их бүрэг, нэрэлхүү санагддаг. Жишээ нь, интернетээс UNMISS гээд хайгаад үзээрэй. Тэрэн дээр монгол цэргийн зураг нэг их харагдаад байхгүй. Гэтэл бусад орны цэргүүд зав зай л гарвал зургаа авахуулаад байдаг. Тэгсэн мөртлөө яг тухайн ажиллагааг харицсан дарга нар нь монголчуудыг их хүндэтгэдэг. Монголчууд ер нь их хүнд нөхцөлтэй газар байдаг. Яагаад хүнд нөхцөлд байдаг вэ гэхээр төвөөсөө ар талын хангалт очиход их хэцүү газарт үүрэг гүйцэтгэдэг.

a

-Таны багын мөрөөдөл юу байсан бэ. Мөрөөдөл чинь биелсэн болов уу?

-Зурсан зургаараа байдаг юм болов уу даа. АНУ-ын нэрт сэтгэл зүйч Дейл Карнеги их гоё үг хэлсэн байдаг. “Хүн юуны төлөө амьдарч байгаа вэ гэхээр хүн хүндээ хэрэгтэй байхын тулд амьдардаг” гэж хэлсэн. Би энийг их хүлээн зөвшөөрдөг. Хүнд туслах, хүний бахархал болох гээд олон юм бий. Багын мөрөөдөл минь нэг их нууц юм байгаагүй. Нэртэй хүн болно, цэргийн дарга болно гэж огт бодож байгаагүй. Нэг мөрөөдөл бий одоо хэлэхгүй. Мөрөөдөлдөө хүрэхээрээ хэлнэ ээ /инээв/.

a

-Цэргийн хүн гэхээр сүрдмээр санагддаг. Та их энгийн юм аа? .

-Энэ их хэцүү асуудал. Хүмүүс намайг ойлгодоггүй гэсэн. Их ууртай хүн шиг харагддаг гээд хүмүүс надаас цэрвээд байдаг юм. Уг нь би тэгж уурладаггүй. Биуурлах дургүй. Ямар шаардлага байна.

a

-Гэр бүлийнх нь хүн ажлыг тань хэр ойлгодог вэ.

- Гэр бүлийн хүн маань ойлгохгүй бол яаж ажлаа хийхэв дээ. Гадаадад удаан хугацаагаар явахаар гэрээ санана гэж нэг том ажил байна. Гол нь гэрээ санахаас илүүтэй  нутгаа санадаг болдог юм байна. Тоостой ч гэсэн,  утаатай байсан ч Улаанбаатар аа, эх нутгаа их санадаг.

a

-Та хэр сайн аав бэ?

-Тэр чинь хамгийн хэцүү асуудал. Сайн аав биш байх оо. Миний хүүхэд нэг мэдэхэд л том болчихсон байсан ш дээ гэдэг шиг заримдаа унтаагаар нь гараад л орой унтаж байхад нь л очно.

a

-Хүн болгон эх орноороо бахархдаг. Та юугаар нь бахархдаг вэ?

-Монголоо гэсэн сэтгэл байлгүй л яахав. Тэр нэг гоё агаар байдаг юм аа. Онгоцны буудал дээр зогсож байхад цээж рүү яваад орчихдог тэр агаар үнэхээр гоё. Цээжин дотор давхиж ороод нулимс гаргахаа шахдаг юм. Энэ монголын агаар утаагүй бол үнэхээр сайхан. Хүний нутагт байхад нэг тийм атаа гэмээр юм хааяа төрдөг. Гэхдээ энэ улс хичнээн сайхан байсан ч  гэсэн минийх биш гэж ханддаг. Хаана төрсөн бэ гэж хүмүүс асуудаг даа.  Би монголын эд эс. Би монголын бүх нутаг минийх гэж хэлмээр байдаг. Яагаад гэвэл миний ээж аав Төв аймгийн Баянчандмань суманд, би өөрөө Улаанбаатарт Улаанхуаранд төрсөн байдаг. Гэтэл Дорнодод хэсэг амьдарч байгаад буцаж, Улаанбаатарт ирээд дахиад Зүүнбаян явсан. Хүүхэд байсан болохоор аль нутгаа ч гэж мэдэхгүй яваад л байсан. Гэхдээ хаана ч явсан би өөрийнхөө нутагт яваа юм шиг л санагддаг байсан. Гэтэл гадаадад тэгдэггүй. Нэг дассан хотод байж байгаад л өөр хотод очиход сэтгэгдэл өөр болоод явчихдаг. Би давхардсан тоогоор 14 оронд  төрийн буянаар явсан байдаг юм. Тэнд очиход өндөр хөгжилтэй сайхан орон, ядуу буурай орнуудад очно. Ядууг нь хөөрхий дөө ядуу орон гэж, хөгжилтэйг нь хараад гоё юм гэсэн ч миний монгол илүү сайхан гэж бодоод л өнгөрдөг.

a

-НҮБ –аас монгол цэргүүдийг үнэлдэг.  Монголчууд ч  гэсэн үүргээ сайн биелүүлдэг. Гэтэл сүүлийн үеийн залуус тэсвэр тэвчээр муутай болчихлоо гэж ярьдаг. Энэ тал дээр таны бодол?

-Юуны өмнө би Зэвсэгт хүчинг арай томхон болж, олон цэрэг татаж, цэргийн алба хаалгадаг болоосой гэж боддог. Тэгэх юм бол нялцгайдуу залуусын тоо цөөрнө. Цэргийн алба хаасан, хаагаагүй хоёр залуу байлаа гэхэд тэр хоёрын харилцаа огт өөр. Тэр хоертой ярихад огт өөрөөр хүлээж авна. Биеийн тамир хийгээд биеийн хөгжил сайн болох нь огт хамаагүй. Цэрэгт явсан хүн үг дааж сурна. Хүнийг хүндэлж сурна. Хүнийг хайрлаж сурна. Тийм учраас цэргийн алба эрэгтэй хүүхдэд маш хэрэгтэй. Шилжилтийн нас нь дууслаа гэж үзээд дараагийн амьдралын шинэ үе эхлэхэд нь буюу 18 нас хүрэхэд нь цэрэгт татдаг юм. Нийгэмд нэг ийм буруу ойлголт байдаг. Цэрэгт яваад  ганцхан жил хоёрын хооронд цаг алдаад яахав гээд байдаг тал бий.

a

-Ер нь л цэрэгт явах дургүй болоод байна уу?

-Дургүй болоод байна гэж бас болохгүй. Цэрэгт явъя гэхдээ би аль ангид хуваарилагдвал дээр вэ гэж асуудаг. Надаас тэгж асуудаг эцэг эхчүүд цөөнгүй таарч байсан. Тэрнээс биш цэргээс бултуулаад өгөөч гэсэн асуудал нэг их гараад байдаггүй. Болж өгвөл цэргийн алба хаах ёстой. Дэглүүлнэ энэ тэр бол хувь хүнээс л шалтгаалдаг асуудал. Хувь хүн өөрөө чадвартай бол дэглүүлэх асуудалд ороооцолдоод байдаггүй юм. Цэргийн амьдрал сайхан шүү дээ.

a

-Таны амьдралдаа баримталдаг зарчим ер нь юу вэ?

-Шударга байх. Гэхдээ олон талтай. Би шударга, би үнэнч гэж олон дахин хэлээд байх юм бол үнэ хүндгүй болдог. Тиймээс аль болох шударга гэдэг бас нэг өөр ойлголт яваад байна. Жишээлбэл, ийшээ явах ётой гээд явж байтал замд амьдрал дээр тохиолддог хүндрэл гарч ирвэл яах ёстой вэ. Цэргийн хүний хувьд явах ёстой замд минь хүн өнхөрөөд уначихсан байвал тэр хүнд туслах уу, яах уу гэдэг асуудал гарна. Амьдралдаа баримталдаг зарчим шударга байх. Нийгэмдээ шударга байх. Тэр нь Дейл Карнейгийн хэлдэг хүнд тустай байх гэдэг зарчим шүү дээ.

a

-Монгол цэргүүд маань олон орны дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 10 гаруй жилийн хугацаанд Эзэн Чингисийн дайчин монгол эрс минь гэж бахархах сэтгэл төрж байсан уу?

-Чингис хааны агуу их түүх бол манай ард түмнийх учраас би зүйрлүүлж ярих нь их хэцүү.  Гэхдээ энэ мэдрэмжийг би Иракт мэдэрч байсан юм болов уу. Яагаад гэхээр Иракийн Al Hillah хот буюу Вавилон хотыг монголчууд яаж эзэлж байсан нь түүхийн номонд бичээстай байдаг. Тэр хотод монголын дайчин эрсийг сүр хүч сүнс хорогдсон юм биш байгаа гэж бодсон. Учир нь бид ажиллагаагаа маш амжилтттай зохион байгуулсан. Энэ асуудлыг цэрэг талаас нь тайлбарлавал зүгээр. Манай цэргүүд тэнд маш их нэр хүндтэй байдаг. Цаасан малгай өмсүүлээд байна уу гэж бодсон чинь үгүй юм байна лээ. Надтай ярилцлага хийж байсан хүн хэлэхдээ “НҮБ-ын ажиллагаа хэр зэрэг ширүүн шуурхай явагддаг вэ гэж асуухад нь би монголын энхийг сахиулаагчид байрнаасаа гарч чадахгүй байгаа. Тэгэхээр энхийг сахиулах ажиллагнаа явагдахгүй байгаа гэж ойлгож болно гэж хариулсан. Тэгсэн чинь “зөв байна” гэж хариулаад,  “танай цэргүүд  үүргээ шуурхай гүйцэтгэдэг гэдгийг бодолцох хэрэгтэй” гэсэн. Тэр нь юу вэ гэвэл “Танай цэргүүд сайн байхад та юу яриад байна вэ” гээн утгатай.

a

-Монгол улсын зэвсэгт хүчний алба хаагчдад хандаж хэлэх үг?

-Манайхан энхийг сахиулах ажиллагаанд орсноос хойш нилээн сахилга баттай болоо юу гэж харагдах болсон. Өөрөөр хэлбэл,  харилцааны зөрчил бага гардаг болсон. Архи дарс уудаг асуудал арилсан. Тийм болохоор энхийг сахиулах ажиллагаа үр дүнгээ өгч байна. Гол нь монгол гэдэг ийм сайхан тайван амгалан газар амьдарч байгаад дайн байлдаантай газар очихоор хүний сэтгэл огт өөр болдог. Тийм болохоор энхийг сахиулах ажиллагаанд орохын тулд хэлээ сайжруулаарай л гэж  хэлмээр байна.

as

-Ярилцсанд баярлалаа.

a

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmmmmmmmih :
suragaar ni hoorood tulaad iriheer * aldan gej baigaamdaa
2014-11-10
црэг:
тэгээд муу эр дайнд хөөрнө гэж манай өвөө хэлдэг байсан. юу гэсэн бол оо??
2014-11-10
ххххх:
сахайн юм аа. танд болон танай гэр бүлд, бас оролцож байгаа ажиллагаанд тань аз амжилт хүсье
2014-11-10