Төгрөг суларсан хэвээрээ байна

img

Монголбанкны  ханшаар 22-ны өдөр төгрөгийн ам.доллартай харьцах ханш  1,377.55 төгрөг байна. Энэ нь төгрөгийн ханшийн сулралт хадгалагдаж байна гэсэн үг. 20-ны өдөр ам.доллар 1,373.80 төгрөгтэй тэнцэж байсан юм.  Ер нь бол наймдугаар сарын дундаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш бага хэмжээгээр суларсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь дэлхийн хэмжээнд эрсдлээс зайлсхийх явдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүс нутгийн бусад валютын ханшийн хандлагатай ижил байна гэсэн мэдээллийг Дэлхийн банкнаас өгсөн. Ханшийн сулралт бага хэмжээнд буюу 4,8 хувь байсан нь Оюу Толгойн уурхайн төсөлтэй уялдан эдийн засагт орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал өндөр байгаатай холбоотой гэж үзэж буй аж. Монголбанкны гадаад валютын нөөц 8 сард 2,460 сая ам.доллар буюу өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч байсан бол энэ хэмжээнээс буурч 2,407 сая ам.долларт хүрсэн байгаа. Сүүлийн жилүүдэд Төв банкнаас үнэт цаас гарган гаднаас орж ирж буй хөрөнгийн урсгалын нөлөөллийг стерилизацийн аргаар багасгаж ирсэн. Гэвч сүүлийн саруудад энэ нь буурсан үзүүлэлттэй байна Төлбөрийн тэнцлийн сарын мэдээгээр урсгал дансны алдагдал үргэлжлэн нэмэгдсэн дүнтэй гарсан нь худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсээр байгаатай шууд холбоотой. 7-9 сарын нийлбэр (4 улирлын гулсмал нийлбэр) дүнгээр урсгал дансны алдагдал 2,1 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2010 оны 3 дугаар улиралтай харьцуулбал алдагдал бараг 3 дахин өсчээ. Бараа, үйлчилгээний импорт нэмэгдэж байгаа нь худалдааны алдагдлыг улам өсгөж байна. Жишээ нь оны эхний 9 сарын байдлаар уул уурхайд гол төлөв ашиглагдах шатахууны импорт 791 сая ам.долларт хүрсэн нь 2010 оны нийт  импортын хэмжээнээс (672 сая ам.доллар) их байна. Үүний зэрэгцээ, ачаа тээвэрлэлтийн төлбөр нэмэгдэж, үйлчилгээний алдагдал оны эхний 9 сарын байдлаар 845 сая ам.долларт хүрсэн нь 2010 оны үйлчилгээний нийт алдагдалаас ойролцоогоор 2,5 дахин их байна. Урсгал тэнцлийн алдагдлын дийлэнхийг гадаадын хөрөнгө оруулалтын цэвэр урсгалаас санхүүжүүлсэн хэвээр бөгөөд эхний хагас жилийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1,2 тэрбум ам.доллар, 3 дугаар улирлын байдлаар 0,8 тэрбум ам.доллар нэмэгдэн орж ирсэн дүнтэй байна. Энэхүү урсгал нь Оюу Толгойн төсөлтэй холбоотой бөгөөд уурхай ашиглалтанд ортол (2012 оны эцсээр орох төлөвлөгөөтэй байна) энэ хэмжээнд байхаар байна. Цэвэр шилжүүлгийн дүн мөн адил өндөр байна. 2011 оны эхний 3 улирлын байдлаар нийт орж ирсэн урсгал 189 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин их байгаа юм.Олон улсын санхүүгийн зах зээл дээрх тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа, хөгжиж буй болон шинэ тутам хөгжиж буй орнуудаас илүү найдвартай газар руу хөрөнгийн урсгал шилжиж байгаатай холбогдуулан энэ онд багцийн буюу портфолио хөрөнгө оруулалт маш бага орж иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ