Л.Бямбажаргал: З.Энхболд ингэж их шунаж төрөө самрах хэрэг байсан юм уу, эвлүүлэх хэцүү дээ
Лосолын Бямбажаргалыг физикч гэхээс улстөрч гэдгээр нь хүмүүс илүү танина. Ардчилсан хувьсгалын партизануудын нэгд зүй ёсоор тооцогддог түүнтэй өнөөдөр Монголын улс төрд үүсээд буй үйл явдлыг тойрон ярилцлаа. Тэрбээр улс төрд ямар нэг алба хашаагүй. Харин эзэмшсэн мэргэжлээрээ судалгаа шинжилгээнд голдуу цаг заваа зориулан Монголын Цөм цацрагийн нийгэмлэгийг тэргүүлж буй юм.
ДҮЛЗЭНГҮҮД ТОДОРХОЙ БАЙДАГ. ТҮГЖИЛ ХАЖУУД БАЙДАГ, ИЛҮҮ АЮУЛТАЙ
-Монголын улс төрийн нөхцөл байдал тун төвөгтэй болчихлоо. Намын даргаа Ерөнхий сайдынх нь суудлаас өөрийнх нь гишүүд огцруулчих юм. АН-ын идэвхтэй гишүүний хувьд та энэ нөхцөлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Минийх маш тодорхой. 1996 онд Ардчилсан нам сонгульд ялж Засгийн эрх авсны дараах буюу 1997, 1998 оны нөхцөл байдал өнөөдөр давтагдаж байна. Тэр үеийн үйл явдлыг эхлүүлсэн нь өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.
-Эхлүүлсэн гэдэг нь...
-М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах санаачилгыг гаргасан хүн. М.Энхсайханы Засгийн газар сайн ажиллаж байсан.
-Ямар санаачилга гаргасан юм бэ?
-Ардчилсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийж болно. Өөрөөр хэлбэл, давхар дээлтэй байж болно гэдэг санаачилгыг тэр анх гаргасан. Намын дарга Ерөнхий сайд байна гэж Намын дүрэмд өөрчлөлт оруулуулж давхар дээлтэй байхыг санаачилсан хүн шүү дээ.
-Энхсайханы Засгийн газар 100 хувь гаднаас байгуулагдсан байсан уу?
-Энхсайхан өөрөө ч гишүүн байгаагүй юм. Тийм учраас танхимаа ч гаднаас бүрдүүлсэн. Харин Элбэгдорж тэр үед Засгийн газрыг 100 хувь УИХ дотроос байгуулахыг оролдсон. Тэр үед Элбэгээ УИХ-ын гишүүн, олонхийн бүлгийн дарга байсан юм. Энхсайхан шазруун хүн учраас “ажиллахгүй” гээд шууд хаалга саваад гараад явсан хэрэг. Ингээд л Их хурал дотроос Засгийн газар байгуулагдах оролдлогууд гарч эхэлсэн. Энэнээс болоод байгуулагдаж бүрэн амжаагүй байхдаа огцорч байв. УИХ-ын гишүүд сайд болсон, өөрөө унангуутаа уурлаж, нөгөө хүндээ саналаа өгөхөө больчихдог тийм л тогтолцоогоор явж ирсэн.
-Давхар дээлтэй байх нь буруу биш гэж үздэг хүн олон бий. Салбарын асуудлаа УИХ-аар шийдүүлэхээс эхлээд хэрэгтэй ч юм биш үү?
-Нэг их буруу зүйл ч биш л дээ. УИХ-ын гишүүн сайд салбарын асуудлаа амархан шийдүүлж чаддаг нь зэрэг сайн тал бий. Парламентын засаглалтай манайх шиг оронд сайд нь парламентын гишүүн байх нь зөв.
Ер нь давхар дээлтэй байх гэдэг процесс 1998 оны явдал. Түүний дараа Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг асуудал бас гарч ирсэн. Үндсэн хуулийн цэцээр орж улмаар Засгийн газраа 100 хувь гаднаас бүрдүүлэхээр болж, Р.Амаржаргалыг Их хурлын гишүүнээс нь татгалзуулж Ерөнхий сайд болгож байв. Харин дараа нь дахин засвар хийж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж ч болно, үгүй байж ч болно гэснээс хойш холимог Засгийн газар байгуулагдаж ирсэн.
-Таныг энэ удаагийн үйл явдлын буруутныг нэрлээч гэвэл шууд хэлж чадах уу?
-Би төрд ч, улс төрд ч ямар нэг алба хашаагүй 25 жил болж байгаа хүн. Тиймээс надад ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Өнөөдөр улс төрд явж байгаа хүмүүсийг толгой дараалан сайн таних тул намайг хэн нэгнийг нэр цохлоо гээд эмзэг хүлээж авах шаардлагагүй. Элбэгдорж, Энхболд, Бурмаа нь байна уу, Алтанхуяг ч ялгаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах чулууг Ц.Элбэгдорж шидсэн нь үнэн шүү дээ. Түүний давхар дээлийг тайлъя гэж хэлсэн нь Засгийн газрыг хөдөлгөх оч болсон. Энэ оч гал болж дүрэлзсэн. Одоо харин түймэр болох вий гэж л айж байна.
-Уг нь Ерөнхийлөгч 1997 онд ч давхар дээл өмсье гэж байжээ...
-1997 онд ярьж байснаасаа яг эсрэг үйлдэл хийж, сая дахин оч хаячихлаа. Улсын төсөв батлах гэж байна, манай гадаад харилцаа таатай биш байгаа ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө бололцоотой бүхнийг хийх ёстой. Гэтэл тэр юу ч дуугараагүйд би гайхаж байна.
-Ц.Элбэгдорж гэхээсээ танай нам дахь Дүлзэн ч юм уу, Түгжил ч юм уу хүмүүсийн буруу биш үү?
-Засгийн газрыг огцруулах кноп дарсан найман гишүүн бол хэд хэдэн нам дамжчихсан хүмүүс. Тиймээс тэд ичихгүй кноп дарчихаж байгаа юм. Намын гишүүн, намын гишүүдийн дэмжлэгтэйгээр Их хуралд сонгогдсон гэдгээ мэдэхгүй, ёс зүйгүй энэ хүмүүсийг би Дүлзэн гэж байгаа юм. Аливаа зүйлд эс үйлдэл гэж байдаг, эс үйлдэл ч өөрөө үйлдэл юм. Санал хураалтад оролцохгүй, чимээгүй гараад явчихсан хүмүүс бол Түгжил. Хүний араас хутга шааж байгаа биз дээ. Манай намд ийм Дүлзэн, Түгжилүүд байна даа. Дүлзэнг хүмүүс мэддэг, хийж байгааг нь хардаг. Харин Түгжилүүдээс л хойшид болгоомжлох хэрэгтэй болжээ. З.Энхболдыг ч би мэднэ, Засгийн газрыг унагахад З.Энхболдын оролцоо их байлаа.
ОГЦОРСОН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦОРСОН ШАДАР САЙД ОРЛОХГҮЙ ЭЭ
-Та хүнийг нь мэддэгийн хувьд ингэж хэлэв үү, эсвэл түүний тэргүүлдэг “Шонхор” фракцийнхан бүгд санал хураалтад оролцоогүй учраас З.Энхболдыг буруутгаж байна уу?
-“Шонхор”-ынхон тэр чигээрээ Их хурлын чуулганы танхимаас гарч явсан. Түүнээс гадна 2012 онд анх Засгийн газар байгуулагдаж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоход л З.Энхболд тэр хоёрыг Засгийн газар, Их хурал хоёроо хоёр хоёр жилээр сольж удирдана гэсэн бор шувуу нисгэсэн. Санаатайгаар шүү. Тэр бор шувуу өнөөдөр бүргэд болоод дэвж байна. Н.Алтанхуяг УИХ-ын дарга, З.Энхболд Ерөнхий сайд болно гэдэг бол эртний яриа. Гэнэт өнөөдөр гарч ирсэн юм биш. Мөн З.Энхболд сая процедурын маш том алдаа гаргасан. Их яарсны шинж байх л даа.
-Ямар алдаа?
-Н.Алтанхуягийг огцруулах тухай санал хураалт дуусахад л тогтоолын төсөл бэлэн гаргаж ирээд уншсан биз дээ. Уг нь Засгийн газрын тухай хуульд ч, Үндсэн хуульд ч Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх дараагийн Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болох тухай байгаа. Ерөнхий сайдын эзгүйд Шадар сайд, энэ хоёрыг эзгүйд Гадаад харилцааны сайд ажил үүргийг нь орлоно гэж бий.
-Эзгүйд нь орлохоос биш огцорсон Ерөнхий сайдыг Шадар сайд орлохгүй гэсэн үг биз?
-Тийм, Ерөнхий сайд огцроход Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Бүх сайд нар өнөөдөр сайдын үүрэг гүйцэтгэгч болсон, хуулиараа. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг үүрэг гүйцэтгэгч Шадар сайдад яаран шилжүүлсэн нь эрх зүйн хувьд буруу, хуулийн ийм бүдүүлэг алдаа гаргаж болохгүй.
-Яагаад ийм шийдвэр гаргасан юм бол, таны бодлоор?
-Монгол төрийн тасралтгүй шинж чанар гэж бий. Энэ явцыг би юу гэж харсан бэ гэхээр, шинэ Ерөнхий сайдын тухай асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвшилцөхөд Н.Алтанхуягийг оролцуулахгүй байх гэхдээ ийм тогтоол яаран гаргалаа гэж. Шинэ Ерөнхий сайд томилогдоогүй учраас үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хэвээрээ шүү дээ.
Тиймээс З.Энхболд арай л яарлаа. Дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудалд Алтанхуягийг оролцуулахгүй байх л гэж ийм тогтоол гаргасан гэж би хувьдаа харж байна. Халуун л даа, гурвуулаа нүүр тулж уулзана гэхээр. Би Энхболдыгоо ч сайн танина, Алтанхуягийгаа ч мэднэ. Энэ хоёр бие биендээ юм санаж эхэллээ. Дотно улсууд нэг муудахаараа их гомддог. Тухайлбал, би Батзанданг кноп дарсанд ер тоохгүй, эмзэглэхүй байна. Тэгж л байна биз, натур нь ийм юм гэж бодно. Харин З.Энхболдыг бол арай ч дээ гэж бодож байгаа юм. Түүнтэй яг адил бодол Н.Алтанхуягт төрнө биз дээ. Гэхдээ одоо яах вэ, нэгэнт болоод өнгөрлөө.
-Сайдын үүрэг гүйцэтгэгч сайд нар бол байсан. Харин өнөөдрийнх шиг үүрэг гүйцэтгэгч Шадар сайд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэсэн тохиолдол манайд бий юү?
-Элбэгдоржийн Засгийн газар тэр чигээрээ СҮГ \ сайдын үүрэг гүйцэтгэгч\ байсан, бараг жил болсон биз дээ. Миний санаж байгаагаар Гадаад яамны сайд байсан Туяа гурав хоног бил үү, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэсэн юм даг. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болоод Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэх боломжгүй болоод Туяа сайд Ерөнхий сайдыг эзгүйд нь орлоно гэдэг заалтаар Ерөнхий сайдыг орлож байсан санагдаж байна.
-Үүнийг мэдэхгүйдээ хийсэн алдаа гэж болохгүй биз дээ?
-УИХ-ын даргад зөвлөх бүхэл бүтэн аппарат ажиллаж байна. Энэ хүмүүс Засгийн газрын тухай хууль ба бусад процедурын хуулийг маш сайн мэдэж байх учиртай атал ийм бүдүүлэг алдаа хийж байдаг.
-Цаашдаа яах вэ. Гарц гаргалгаа байна уу. Эсвэл хүсч буй хүнд нь Ерөнхий сайдын албыг өгөх үү?
-Миний үгэнд орох биш дээ. Гэхдээ Үндэсний зөвлөлдөх хороо орчин үеийн хэлээр бол хор найруулахад оролцсон энэ хүмүүсийг дахин улс төрд оролцуулахгүй байх хэрэгтэй. Жишээ нь, Ерөнхий сайдыг огцруулсан З.Энхболд Их хурлын даргын ажлаа өгөх хэрэгтэй. Дараагийн Засгийн газрыг энэ асуудалд оролцоогүй хүмүүсээс бүрдүүлэх ёстой, энэ бол миний санал.
-Ерөнхий сайдад тохирох хүн таны бодлоор хэн бэ?
-Төрийн залгамж чанар, Засгийн газрын тасралтгүй үйл ажиллагааны үүднээс Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгээс өөр тохирох хүн толгойд орж ирэхгүй байна. УИХ-ын даргаар одоо бүлгийн дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга олон жил хийсэн гай ч тариагүй, гавьяа ч байгуулаагүй Д.Эрдэнэбатыг ажиллуулаасай. Ингэж З.Энхболдыг ч, Н.Алтанхуягийг ч, “Женко”-г ч оролцуулахгүй хийгээсэй. Энэ хэд оролцоод эхлэх юм бол төрийн тогтвортой байдлыг жинхэнэ утгаар нь самарна.
-Яагаад Ч.Сайханбилэг гэж?
-Төрийн залгамж чанар байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг бол Засгийн газрын жанжин штаб. Ардчилсан нам 2012 онд энэ хэдийгээ хамгийн мундаг нь гээд сайд болгосон биз дээ. Сайханбилэгтэй би олон сонгуульд оролцож, удирдаж хамт ажиллаж явлаа. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, тогтуун зөв хүн. Ийм төлөвшилтэй хүн хэрэгтэй.
-Түүнд дэмжлэг хэр байх бол?
-З.Энхболд Ерөнхий сайд болохгүй гэж байгаа бол гишүүд Ч.Сайханбилэгийг дэмжинэ. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд нар нэг үеийнхэн. Н.Алтанхуяг ч дэмжчих байх гэж бодож байна. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, Их хуралд байгаа хүчний харьцаа зэргийг харахад хамгийн боломжтой нэр дэвшигч бол Ч.Сайханбилэг юм.
-З.Энхболд Ерөнхий сайд болохгүй гэж албан ёсоор хэлсэн юм уу?
-Ер нь бололцоогүй болчихлоо шүү дээ. “Шонхор” фракц Ерөнхий сайдыг унагасан талын хүмүүс. З.Энхболдыг Ерөнхий сайд болгоно гээд санал хураахад манай намынхан “Уучлаарай Энхболд оо” гэж хэлээд эсрэг кноп дарна. Хүний өөрийн натур байдаг, тийм учраас З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр аль аль нь өнөөдөр төрийн өндөр суудалд очих хэрэггүй. Улс төрийн энэ хямралд оролцсон хүмүүс аль болох улстөржихгүй байх хэрэгтэй юм. З.Энхболд, Н.Алтанхуяг бид 25 жил улс төрд хамт явлаа. Ингэчихээд санал хураах мөчид хэдэн хүнийг харцаараа хөөгөөд гаргачихна гэдэг ямар байна. Би бол “Уучлаарай Энхболд оо, чамтай дахин уулзахгүй” л гэнэ. Энэ чинь намын хагарлыг дахин ихэсгэнэ.
-Дараагийн Ерөнхий сайдын санал хураалтад “Алтангадас”-ынхан эсрэг зогсоно гээд байгаа оргүй биш байх нь?
-Зөв зөв, оргүй биш ортой. Ж.Батзандан, Л.Цог, Р.Бурмаа, Д.Арвин нарыг би тоохгүй байна, ийм салбаганасан юмнууд байж л байсан. Гэтэл 25 жил хамт явчихаад фракцийнхнаа бүгдийг нь гар гэж тушаал өгөөд гаргачихдаг. Ядахад С.Эрдэнэ, Д.Ганхуяг гээд кабинетэд нь байсан хүмүүс үлдэж болно доо. Гэтэл командаараа зургуулаа гараад явчихаж байгаа юм. “Шонхор” бол зургаан хүнтэй л юм байна гэдгийг тэндээс олж харсан. Манай намын Үндэсний зөвлөлдөх хороо 200 гаруй гишүүнтэй, тэр дунд “Шонхор” хол дэвэхгүй юм байна гэж харагдсан. Хамгийн гол нь одоо энэ улс төр, засаглалын хямралаас хурдан гарах хэрэгтэй байна. Энэ хямрал нийслэл, орон нутаг руу орж, нийслэлийн Ардчилсан нам хуралдаад эхэллээ. Аягүй бол нийслэлийнхэн “Бат-Үүл ээ, чи Ардчилсан намын дарга болоод Ерөнхий сайд болчих” гэж шалж байж ч мэднэ. Би Ардчилсан холбооныхоо найзуудыг мэдэж байна. Э.Бат-Үүл өнөөдөр зорьсондоо хүрч, хийж байгаа ажлыг нь хүмүүс дэмжээд, ажил нь зүгшрээд явж байгаа. Ийм хүнийг тэнд аваачиж шавартай хутгах вий дээ. Сонгогчдын 50 хувь нь Улаанбаатарт бий шүү дээ. Бат-Үүлд баас л нэмэгдэнэ үү гэхээс Бат-Үүл Ерөнхий сайд болоод Монгол Улсын эдийн засаг өргөс авчихсан мэт хурдан сайжрахгүй шүү дээ. Гэхдээ Бат-Үүл ч ийм гоомой алхам хийх хүн биш ээ.
-МАХН-тай хууль бус гэрээ хийлээ гэж Э.Бат-Үүл мэдэгдэл хийхэд та юу гэж харж байв?
-Н.Энхбаяртай гэрээ байгуулаад сүйд болсон юм байхгүй шүү дээ. Яг тэр үед Э.Бат-Үүл нэн ууртай байсан. Татвараар цуглах хамаг мөнгийг нь Сангийн яам авч үлдчихээд, сургууль, цэцэрлэгийн багш нар, боловсрол эрүүл мэндийн байгууллагын цалинг орон нутаг шийдвэрлэ гэж ирэх оны төсөвт суулгасан. Ийм үед нь тэр гэрээг байгуулж таарсан болохоос Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёр нэг ангийн найзууд, нэгнийгээ түлхэх биш дэмжих нөхөд.
-Ер нь танай намынхны реакцлаад байгаа МАХН-тай байгуулсан гэрээ засгаа хөмрөх хэмжээний эд мөн юм уу?
-Биш шүү дээ. Үндэсний зөвлөлдөх хороо 2012 онд хуралдаад “Бусад намуудыг урьж тогтвортой байдлын гэрээ байгуулж ажилла” гэж Н.Алтанхуягт үүрэг өгсөн. Энэ дагуу л ИЗНН, “Шударга ёс” эвслийг урьж Засгийн газарт оруулан ажиллаж байгаа. Тэр гэрээнд бүх шатны сонгуульд хамтарч оролцоно гэсэн заалт байсан. “Шударга ёс” эвслийнхний бяр амтагдаж орон нутгийн сонгуульд бие дааж орсон. Их хурлын сонгуульд 20 орчим хувийн санал авсандаа эрдээд орон нутгийн сонгуульд ийм дайны санал авчихна гэж бодсон ч АН, МАН хоёр тэднийг арчаад өнгөрсөн биз дээ. Тиймээс дээрээ эвссэн бол дороо ч эвсэх шаардлагатай гэдгийг “Шударга ёс” эвслийн анхан шатны байгууллагынхан нь өгсөн байх. Н.Энхбаяр дарга энэ хүсэлт, саналыг баталгаажуулсан алхам хийснээс биш цоо шинэ гэрээ гаргаад ирсэн юм биш. Харин МАНАН байгуулна гэж мөрөөдөж байгаа хүмүүст өөр бодол бий байх.
-Ардчилсан намыхнаас ямар хүмүүс ийм мөрөөдөлтэй байгаа бол?
-Сайд болохын тулд юу ч хийж магадгүй хүмүүс олон байна. Сандал л харагдахаас биш сайд гэж ямар зовлонтой ажил байдгийг мэддэг хүмүүс алга байна аа. Амар ажил биш шүү.
-Сандлын цаана бас мөнгө харагддаг байх л даа?
-Н.Алтанхуягийн хийсэн хамгийн том алдаа гэх үү, сайн тал нь гэх үү нэг зүйл нь УИХ-ын гишүүдийн мөнгийг алга болгосон үйлдэл.
-Нэг гишүүн нэг тэрбум төгрөг мэдэж зарцуулдаг байсныг хэлж байна уу?
-Тэрийг нь шууд орон нутгийг хөгжүүлэх санд хийчихсэн, сангийн мөнгөө орон нутгийн иргэд юунд зарцуулахаа шийддэг болсон. Дашдорж гишүүнд түй ч хамаагүй, Чандмань сумын иргэд шийднэ. Гишүүн сумандаа очиж амлалт өгдөг, найз нөхдөдөө тав арван төгрөгийн зээл өгдөг, хүмүүсийг татдаг ганц зүйл нь алга болчихоор УИХ-ын гишүүд нэн ууртай байна.
-Тэгсэн хэрнээ Ерөнхий сайд өөртөө 50 тэрбумыг авчихлаа гээд бас хэрүүлийн алим болж байсан?
-Би ямар Сангийн сайд биш. Гэхдээ би ойлгохдоо Засгийн газар, Ерөнхий сайдын мэдэлд тодорхой хэмжээний хөрөнгө байх хэрэгтэй юм байна, энд тэнд сургууль, цэцэрлэг байгуулах хэрэгтэй гэхэд гаргаад өгчих бололцоотой хөрөнгийг байлгахаар л бодсон байх. Тэгээд ч тэр чинь улсын төсвийн өчүүхэн бага хэсэг. Энэ мөнгийг Ерөнхий сайд мэдэлдээ байлгаж, гэнэтийн шийдвэр гаргахад зориулах мөнгө болохоос Алтанхуяг халаасандаа хийчихээд Дэнзэндээ аваачиж өгөх гэж байгаа мөнгө биш шүү дээ.
ХУРГАНДАА ЦАДААГҮЙ БОЛ ТӨЛГӨНДӨӨ МАЙЛНА
-Тэгвэл Н.Алтанхуягийн алдаа юу байна?
-Түүний зөвлөхүүдийг юу зөвлөдөг бол гэж боддог юм. Энэ хүнд ордны үнэмлэх, өрөө хоёр л хэрэгтэй болсон байх гэж заримыг нь хараад боддог. Зөвлөх гэдэг бол өмнө нь тэр хэмжээний ажил хийж байсан, зовлонг нь ойлгодог хүмүүс байх ёстой. Ийм биш бол тэд юу зөвлөх юм бэ. Ахлах зөвлөх Л.Гансүхийг нь би сайн мэднэ. Манай намын Хэрэг эрхлэх газрын дарга байсан. “Нүүрс” хөтөлбөрөөр 800 гаруй хүн ажилтай болсон. Мөн ч зардалтай ажил болж байна даа гэж энэ хөтөлбөрийг эхлэхэд л би бодож байлаа. Орон нутгийн сонгууль эхлэх дөхчихсөн. Сонгуульд ажилласан портерийн жолооч наад төсөлд чинь орчихмоор байна гээд л, Тавантолгойн тээврийн замд машин шахдаг шиг л. Нүүрс зарж байгаа айлын хашааны түрээс, цалин, зөөх портер, савлагч нарын цалингаас эхлээд зардалтай. Багануурын уурхайн аманд байгаа нүүрсний үнэ 27 мянган төгрөг. Тавантолгойн Зүүн цанхийн уурхайн аман дахь нүүрсний үнэ 40 доллар. Тээврийн зардал нь 20 доллар болчихоод манайх өрсөлдөх чадваргүй болоод байгаа юм. Нүүрсний үнийн 50 хувь нь тээврийн зардалд явчихаар ашиггүй. Үүнтэй адилхан Багануурын уурхайн аманд байгаа нүүрсний үнийг яриад, Бямбажаргалын гэрт ирсэн үнийг ярихгүй байгаа юм. Дунд нь явж байгаа процесс, нүүрс замдаа бутарна, шигшигдэнэ, хаягдана, шуудайлна, портероор зөөнө… Гэтэл Гансүх энийгээ олигтойхон тайлбарлаад өгчихгүй юм. Ийм зөвлөх байж яана аа. “Нүүрс” хөтөлбөрийг орон нутгийн сонгуулиас өмнө яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байсан. Юун тендер зарлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, авчир, савла, зар гэсэн ганц л зарчим байсан. Харин яаж амжуулсан юм байгаа юм, хөөрхий.
-Энэ ажлыг зөвлөх хариуцсан нь буруу гээд байгаа?
-Зөвлөх энэ хөтөлбөрийг арга зүйн удирдлагаар л хангах учиртай. Түүнээс өөрөө ханцуй шамлаад орчихож болохгүй. Гансүх ажлын хувцас өмчихсөн нүүрс савлаад зогсч байсан. Үүрэг өгчихөөд алсаас харж суудаг удирдлага байна, ханцуй шамлаад дунд нь орчихдог хүн байна. Л.Гансүх бол ажил хийгээд сурчихсан хүн.
Н.Алтанхуягт ч ийм дутагдал байгаа. Ерөнхий сайд юунд ч оролцож болохгүй. Яс юман дээрээ Монгол Улсын Ерөнхий сайдын шийддэг асуудал гэж байдаггүй, эрх мэдэл ч байхгүй.
-Л.Гансүхийг бол та үнэлж байна, тийм үү?
-Тэгэлгүй яахав мэдээж. Картын барааны хүүхдүүдийн олонх сувдаг сэтгэлтэй юм байна гэж би хардаг. Энэ үед мэдээ орчихсон байсан, амьдрал хүнд гэдгийг ухаарчихсан, дахин картын бараанд орж магадгүй гэсэн бодолтой ийм хүүхдүүд, энэ үеийн төлөөлөгчид Алтанхуягийн зөвлөхүүд дунд хэд хэд бий. Картын барааны хүүхдүүд дахин ийм боломж олдохгүй байх вий гээд өлсгөлөн, өлөн нүдтэй. Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлна гэж монголчуудын үг бий шүү. Сэтгэл зүйн ийм дарамттай өсчихсөн үе манайд байгаад байна. Жишээ нь тэр Дэнзэн картын барааны хүүхэд. Надад дахин ийм Ерөнхий сайд олдохгүй, дахин надад ийм бололцоо олдохгүй гээд харсан бүхэн рүүгээ дайрсан.
-Багаа сонгож чадаагүй нь том алдаа болов уу?
-Би Алтанхуягийг сайн мэднэ, бид хоёр хамт ажиллаж байсан, би МСДН-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга нь, гурав, дөрвөн сонгуульд ялуулаад, намдаа Ерөнхий нарийн бичгийн даргаар үлдсэн. Тэгэхэд яг одоогийн ийм процесс явсан. Түүх давтагдаж байна л даа, аягүй бол намууд хагарна. Ийм үед намайг ажлаа өг гэсэн, Ерөнхий нарийн бичгийн дарга л эрх мэдэлтэй харагдаад байж л дээ. Ажлаа Алтанхуягт өгсөн. Алтанхуягт л өгвөл өгнө гэж зөрүүдэлсэн юм. Намын аппаратын ажлын зовлонг мэддэг хүнд өгөхгүй бол манай залуучууд намыг дор нь хөмрөөд хаячих байсан. Гэтэл өнөөдөр түүнд зөвлөх гээд байгаа хүмүүс нь юу зөвлөх юм бэ. Тэд байтугай би ч өөрийгөө Алтанхуягт Ерөнхий сайдад юу зөвлөх вэ дээ гэж бодно.
-Гэхдээ тэр тэднийг өөрөө л сонгосон биз дээ?
-Үүдэнд нь сахиад суучихдаг байсан юм биш үү. Дэнзэн л гэхэд үүдэнд нь сар суугаад л туслах, хамаатных нь нэг охинтой гэрлээд л хүргэн болчихсон ч юм уу, яасан ч юм. Ингээд л толгой дээр нь ганц сайн ташуурдчихаад л яваад өглөө шүү дээ.
-Танай дарга их зөөлөн хүн юм шиг байна, тийм үү?
-Тийм шүү. Жишээ нь, тэр миний төлөө зовдог, ажилгүй байгаа гэж боддог. Хүмүүстээ үүрэг өгсөн байна билээ, “Саналыг нь асуугаад ажилтай болгомоор байна” гэж. Тэгэхэд нь би “Дээрээ даргагүй, дороо цэрэггүй ажил байвал хийе” гэсэн (инээгээд). Сүүлд уулзахдаа “Чи намайг харахаараа хэрэг хийчихсэн хүүхэд аятай л байх юм, би чамаас ажил гуйхгүй. Надад битгий санаа зов, хоёулаа эвтэй найртай байя” гэж би Алтанхуягт хэлсэн. Би ажил нэхээд үүдэн дээр нь суугаад байвал суугаад байна шүү дээ, тэгэхдээ надад тийм хэрэг алга байна аа. “Хийх ажлыг нь л санал болгохгүй бол Бямбаа хийхгүй” гэдгийг ч тэр мэдэж байгаа.
АРДЧИЛСАН НАМД 25 ЖИЛ САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧ ХИЙЖ БАЙНА
-Та олон жил намдаа үнэнч яваа ч олигтой алба хашсангүй.
-Би Ардчилсан намд 25 жил сайн дурын уран сайханч хийж байгаа хүн. Төрд алба хаших боломж надад байсан. Би тэр боломжийг ашиглаагүй. Гэхдээ 2001 онд лааз өшиглөж байхдаа сайд болчихсон бол хэрэгтэй байж гэж нэг бодогдсон шүү (инээгээд)
-Танай нам танд ямар ямар албан тушаал санал болгож байв?
-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд бол гэсэн. Европын холбоонд суух Элчин сайдаар томилчихсон байсан, бүр. Тэгэхэд би Гадаад харилцааны сайд Шүхэртийн Алтангэрэлийгээ дуудаад “Намын Ерөнхий нарийн бичгийн даргаа ажилд томилдог хэн бэ” гээд загнаж билээ. Тэгэхэд яг одоогийнх шиг хуйвалдаан явж байсан юм, өөрөөр хэлбэл, намайг ямар нэгэн аргаар дэвшүүлэн зайлуулах. Санал болгосон албан тушаалууд очихгүй болохоор буурна. Сайд байснаа Элчин сайд, тэр ч бүү хэл “Говь” компанийн Европын холбоон дахь борлуулалт хариуцсан төлөөлөгчийн газарт оч гэж байв. Гэхдээ би Алтанхуягт ажлаа өгчихөөд “Нэг ч сонинд ярилцлага өгөхгүй, нэг үг дуугарч гоншигонохгүй” гэж хэлчихээд Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Ерөнхий нарийн бичгийн даргаа гудамжинд гаргаад хаячихалтай нь биш хоёр сайдад зөвлөхийн ажил санал болгосон. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын зөвлөхийг нэг сар хийсэн юм аа.
-Хүмүүс улс төрд юу хүсч мөрөөдөж, бодож ордог юм бол оо. Та лав албан тушаал горилж улс төрд зүтгээгүй бололтой?
-Бидний үед бол нийгэм цаанаасаа шаардсан. Би мөрөөрөө явсан бол сайхан физикч, сайн багш байх л хүн. Манай найз, физикч Д.Орлох сая Физикийн хүрээлэнгийн захирал боллоо. Монголоос анх Нобелийн шагнал авсан хүмүүсийн нэг шүү, миний найз чинь. Орлохтойгоо нийлээд ажиллахад би дэлхийд үнэлүүлэх ажил хийж чадна.
1990 оны Ардчилсан хувьсгал биднийг хүссэн хүсээгүй татаад авчихсан. Ийм янзтай, коммунизмд амьдарч болохгүй юм аа гэдгийг яс махандаа шингэтэл мэдэрч ойлгосон. Бид нийгмийг өөрчлөх гэсэн болохоос биш дарга, сайд болъё гэж улс төрд ороогүй. Одоо орж байгаа хүмүүс харин албан тушаалтай болъё, ганган машин унаж, хаустай болно гэж хараад байна. Би Монголын нийгмээ маш өөдрөгөөр хардаг, зарим хүмүүс ард түмэн яг турж үхэх гэж байна гэх юм. Би өнгөрсөн зун сумынхаа ойд оролцоод ирсэн. Чандмань сум 2000 гаруй хүн амтай. Хотоос 2000 гаруй хүн, 200 гаруй жийп очсон. Сумандаа 200-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт, ажил хийчихэж байна. Сургуулиа засчихаж, эмнэлгээ тохижуулчихаж. Хөдөөний айлд очлоо, сайхан өрөм өглөө, боорцог байна уу гэтэл дэлгүүрийн боорцог тавьж байна. Өнөөдөр малчин айл боорцог хайрч, гурил зуурч гийдаа хийхээ больжээ. Мах чанаад л шөлөнд нь сар хийтэл гоймон атгаад шидчихэж байна. Ард түмний амьдрал унаж байгаа юм хаана байна аа. Манай аав, ээж малтай байсан, би ч хэдэн малтай. Картын барааны үед өөрийнхөө хэдэн малаас аваад ирэхдээ гэртээ оруулах гэж шөнө болохыг хүлээдэг байлаа. Картын мах хулгай хийсэн хэрэгт орно. Одоо үеийнхэн үүнийг ойлгохгүй.
-Та Говь-Алтайн Чандмань сумынх. Анх Улаанбаатарт хэзээ ирсэн юм бэ. Тэр үед нийслэл хот ямар байв, ямар төсөөлөл танд үлдэж вэ?
-Аравдугаар ангиа төгсөөд, 1982 онд анх Улаанбаатарт иржээ. Шөнө онгоцоор буусан юм. Ээжийнхээ нагацынд очих ёстой, тэднийх Дамбадаржаад. Онгоцноос буучихаад автобусаар яваад л байлаа, хэчнээн ч их явав даа. Явж явж Барилгачдын талбайд ирээд зогслоо. Айлдаа ирчихлээ гэж бодоод буусан. Тэгсэн тосч авсан ах минь нэлээд гүйж байж такси оллоо. Тэгээд л таксигаар бас зөндөө явж байж очсон. Тэгэхэд айхавтар том газар юм байна гэж баримжаалж байгаа юм. Манай Алтай бараг модгүй газар, хотод ирж л ийм том ургаа модод харж гайхаж байв. Гурав дөрөвдүгээр хорооллын байрууд дөнгөж ашиглалтад орж байсан үе. Нэг нагац маань Геологийн төв лабораторид ажилладаг, ажил дээр нь очихоор одоо энэ 25 дугаар эмийн сангаас Таваншар хүртэл явахад замд ганц ч барилга байшин байгаагүй гээд бод доо. Автобусанд суусан надад хөдөө яваад байгаа юм шиг л санагдаж байлаа.Тэгсэн нагац минь “Одоо манайд очно оо” л гэж байна. Урт зам туулаад хөдөө ирчихлээ гэж бодож байтал дахин явах боллоо. Био-д гэр нь байсан юм. Улаанбаатарт амьдардаг гэсэн чинь юу вэ л гэж бодож байлаа.Нисэх Био хоёрын хооронд микро явдаг байлаа. Ах “Машин ирээд зогсох л юм бол дайраад л орно шүү” гэснээр нь дайрч ороод л... Улаанбаатар ийм зэлүүд байсан юм даа. Мөн хурдан хөгжиж байгаа юм шүү. Одоогоос арав гаруй жилийн өмнө би 13 дугаар хороололд амьдардаг байв. Саяхан тэр хавиар явлаа. Мэддэг таньдаг газар нэг алга, бараг зүү орох газаргүй болсон байна билээ. Улаанбаатар ингэж түргэн өөрчлөгдөж байна.
Ц.Энхмаа
Эх сурвалж: Улаанбаатарын сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ