Онгоцны буудалд болсон дэлбэрэлтийн үеэр 35 хүн амь насаа алдлаа
Moсква хотын Домодедово онгоцны буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 35 хүн амиа алдаж 130 хүн бэртэж шархадсан байна. Шинжээчид террористууд металлаар дүүргэсэн 2 бөмбөг дэлбэлсэн байх гэж таамаглаж байгаа юм. Олон улсын онгоцны буудал руу 50 гаруй түргэн тусламжийн тэрэг ирж гэмтэж, бэртсэн иргэдийг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлт болсны дараа уг онгоцны буудал олон улсын нислэгээ зогсоосон байна. Оросын ерөнхийлөгч Медведев улс даяар өндөржүүлсэн байдал зарлаж, алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэмт этгээдүүдийг барьж зохих ёсны хариуцлага хүлээлгэх болно гэдгээ ард түмэндээ амлалаа. Домедовагийн олон улсын онгоцны буудал Москва хотоос урагш 35 км зайд оршдог томоохон нисэх онгоцны буудал юм.
Жил бүр эндээс дунджаар 19 сая хүн зорчдог.Тус онгоцны буудлын олон улсын терминал дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байна. Энэ дэлбэрэлт болохоос 10 сарын өмнө Москвагийн метроны буудалд 2 амиа золиослогч чечень этгээд бөмбөг дэлбэлж 40 хүний амь насанд халдаж ихээхэн хохирол учруулж байсан юм. Мөн 2002 оны 10 дугаар сард Москвагийн Дубровка театрт болсон чечений террористуудын амиа золиослох халдлагын улмаас 130 гаруй хүн амь насаа алдаж байжээ. 2004 онд хүмүүс барьцаалж алан хядах халдлага үйлдэж 330 гаруй хүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн л чечений алан хядагчид холбоотой байсан нь илэрсэн байдаг. Энэ удаагийн онгоцны буудал дээр болсон дэлбэрэлтийг Хойд Кавказаас гаралтай чечений алан хядах бүлгийхэн үйлдсэн гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Амиа золиослогч нэг этгээдийнх нь цогцос олсон байна. Цагдаа нар энэ хэрэгтэй холбоотой 3 хүнийг эрэн сурвалжилж байна.
З.Амартүвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ