М.Зоригт: Намын даргатай санал бодол нийлсэнгүй
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд эл асуудлаар хоёр дахь удаагаа завсарлага аваад байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригтоос цөөн асуултад хариулт авлаа.
ds
-Намын бүлэг ямар нэгэн шийдвэрт хүрч байна уу?
-ҮЗХ-ын шийдвэр гарсан. Тэрний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг болон Засгийн газрыг эмхлэн байгуулах үүргийг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан. Бидэнд цаг заагаагүй ч гэсэн маш түргэн хугацаанд шийдвэрлэх даалгавар өгсөн. Тэр хүрээндээ бүлэг хуралдаж байна. Яг одоо энэ цаг мөчид Ерөнхийлөгч эх орондоо газардаж байна. Тийм учраас Ерөнхийлөгч ирж байгаа тул энэ асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь зөв гэж үзсэн.
s
-Намын дарга Н.Алтанхуяг ямар байр суурь илэрхийлж байна гэсэн үг үү?
-Намын дарга намын дүрмийн заалтаа бариад ярьж байна. Харин бүлгийн гишүүдийн олонхи ҮЗХ-ны шийдвэрийг гол болгож байгаа.
a
-Гурван нэр дэвшигчийг хэрхэн сонгосон юм бэ?
-Монгол Улсын өнөөгийн нөхцөлд байдлыг харгалзаад фракц фракцаас нэр дэвшүүлдэг асуудлаас бид энэ удаад татгалзсан. Ер нь энэ хямралт байдлаас хэн аваад гарчих юм бэ гэдэг талаас нь харж, УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр нэр дэвшүүлсэн. Тухайлбал, Ч.Сайханбилэг гишүүнийг С.Баярцогт гишүүн нэр дэвшүүлсэн. Д.Ганбат гишүүнийг Г.Баярсайхан гишүүн нэр дэвшүүлж байна лээ.
a
-Ер нь гишүүдийг нэр дэвшүүлсэн гол шалгуур шаардлага юу байна вэ?
-Энэ хямралт байдлаас хэн авч гарах юм, хэнд тийм хөтөлбөр арга зам байна гэдгийг нь харгалзаж байгаа.
a
-Одоо ямар үе шатаар эл асуудлыг хэлэлцэх вэ?
-Бид нэр дэвшсэн хүмүүсийнхээ хэн нь хэн бэ гэдгийг нь мэднэ. Тиймээс нэр дэвшигчид эдийн засгийн хямралт байдлаас хэрхэн гаргах юм гэдэг асуудлаар тайлбар сонсоно. Тэрний дараа санал хураалт явах ёстой байсан. Гэхдээ Ерөнхийлөгч ирж байгаа учраас асууж ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна вэ гэхээр манай АН-ын дарга, АН-ын бүлгийн гишүүн Н.Алтанхуяг бидний хэлэлцэж буй асуудалтай санал бодол нийлэхгүй байна гээд гараад явсан. Тиймээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр боллоо.
a
-Санал хураалт нууцаар болох уу?
-Хувь хүнтэй холбоотой асуудал учраас нууцаар санал хураана.
a
-Шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр тодруулах уу?
-Өнөөдөр шийднэ гэсэн бодолтой байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ