Мөнгөний бодлогыг улс төрийн гал тогоо руу ойртуулах нь хараат бус байдалд халтай
Цар хүрээ, эрч хүчээр өнөөгийн санхүүгийн хямрал 1930-аад оноос хойш хамгийн хүчтэйд тооцогдохоор байна. Үүнтэй холбоотойгоор зарим эдийн засагчид хямралын өмнө болон хямралын үеэр ХНБ-наас авсан арга хэмжээнд анхаарлаа хандуулан ХНБ-ны зорилго, үүрэг, бүтцийг өөрчлөх шаардлагатай эсэхийг магадлаж байна хэмээн Кристофер Ж.Воллер “Холбооны Нөөцийн Банк сайн төв банк болох нь: Хараат бус байдал + Хариуцлага” нийтлэлдээ бичжээ. Нийтлэлийн дэд хэсэг болох “Санхүүгийн хямрал Холбооны Нөөцийн Банкны хараат бус байдлыг хязгаарлах уу?” гэсэн хэсгийг хүргэе.
...Улсын болон хувийн эрх ашгийг тэнцвэржүүлэхийн тулд Холбооны Нөөцийн банкны тухай хуулийг 1913 онд баталж байсан билээ. Тэр үед зарим хүн хөрөнгийн захад улс хэт их оролцох гэж байна хэмээн санаа зовж байсан бол зарим нь эдийн засагт санхүүгийн секторын ноёрхол тогтох вий хэмээн болгоомжилж байлаа. Энэ утгаараа тус хууль Уолл стрит (Wall street: санхүү) болон Мэйн стрит (Main street: бизнес, хөдөө аж ахуй)-н эрх ашгийг тэнцвэржүүлэхийг ч мөн зорьж байв. Энэ систем буруу байгаагүйг цагийн өндөрлөгөөс харж болно.
Санхүүгийн хямрал хүчээ авсны дараа зарим хүн эрх мэдлийг Вашингтонд төвлөрүүлэх нь зүйтэй хэмээн үзэх болов. Гэвч ХНБ-ны, тухайлбал Сэйнт Луис ХНБ-ны ерөнхийлөгч Жеймс Буллард (James Bullard) болон хувийн секторын зарим төлөөллийн үзэж байгаагаар мөнгөний бодлогыг улс төрийн гал тогоо руу ойртуулах нь ХНБ-ны хараат бус байдалд, улмаар ДНБ-нд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
ХНБ-ийг илүү хяналттай болгох асуудал бол ардчилсан нийгэмд байх ёстой зүйл төдийгүй буруу зүйлийг засаж залруулах механизм байж болохыг ч үгүйсгэхгүй. Ардчилсан нийгэмд төв банк хэрэгжүүлж буй бодлогынхоо хариуцлагыг үүрэх ёстой гэдэгтэй маргах хүн цөөн биз. Хэрэв төв банк үндсэн зорилготой үл нийцэх бодлого явуулбал төв банкинд итгэх итгэл нэгмөсөн замхарна. Төв банкны хувьд итгэлцэл гэдэг зүйл үнэлж баршгүй үнэ цэнэтэй. Мөнгөний бодлогод итгэх итгэл байхгүй бол төв банк бодлого боловсруулагчдын дэмжлэгийг олохгүйгээр барахгүй магадгүй хараат бус байдлаа алдахад хүрнэ.
Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын хүрээнд ХНБ Конгресст тогтмол мэдээ, мэдээлэл хийдэг байна. ХНБ-наас Конгресст тавих тайлангийн тоо сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгджээ. Санхүүгийн хямралтай холбоотойгоор энэ тоо өссөн нь мэдээж. Конгресст мэдээлэл өгөх явдал эдийн засаг уналттай үед (тухайлбал 1980, 1990-ээд оны эхэн үе) нэмэгдэх хандлагатай байдаг. Конгресст хийж буй мэдээ, мэдээллийн статистик өсөн нэмэгдэж байгаа нь нэг талаасаа ерөнхий хандлага юм. Нөгөө талаас, Конгресс ХНБ-ийг зөвхөн хямралын үед сонсдог гэвэл эндүүрэл болох ба амар тайван цагт ч Төв банкийг дутахааргүй шалгааж байцаадгийг хэлэх хэрэгтэй. 2007-2010 онд ХНБ-наас Конгрессийн өмнө өгсөн тайлбарын нийлбэр тоо сүүлийн 20 жилд хамгийн их байхаар байна гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ