Эдийн засгийн урсгалаа чөлөөлчих
Энэ
улстөржилтөөс залхаж гүйцлээ. Уул уурхайг түшиглээд хол явсангүй. ТӨР гомдоочихгүй
бол бидэнд бас арга байна. Энэ
бол жижиг дунд үйлдвэрлэл. Төрд тэр бүранзаарагддаггүй энэ пролетариуд эдийн
засгийн бүхий л салбарт өөрийн үүргээ гүйцэтгэж, олон хүнийг ажлын байртай,
цалин орлоготой байлгаж төрийн нуруунаас хүнд ачааг нь нимгэлж байгаа. Томоохон компаниуд хамгийн дээд талдаа 10
орчим мянган хүнийг ажлын байраар хангадаг бол энэ салбарынхан хувийн хэвшилд
ажиллагсдын 60 хувийг бүрдүүлж байгаа нь ямар том арми болохыг нь харуулна.
Харамсалтай нь төр үүнийг огт тоодоггүй. Жил болгон л “Хүн бүр ажилтай
орлоготой байх”-ыг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлдэг. Дийлэнх
нь нийгмийн халамж руу чиглэхээс биш энгийн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд
үйлдвэрлэл рүү чиглэдэг нь цөөн. Монголдоо үйлдвэрлэж, бизнесээ өргөжүүлэх гэж банкны хаалгыг хэдэн
сарын турш татсан танил маань шүүрс алдан өгүүлж байсансан. Энэ байдал өнөө
засарсангүй. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодит дэмжлэг нь хөрөнгө
оруулалт гэдэг ч өнөөг хүртэл яаж хүргэх механизмыг олохгүй бүрхэг байна.
Статистик мэдээллээс харвал 93 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 61 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 42 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлд багтдаг ажээ. Идэвхгүй үйл ажиллагаа явуулдаг гэдгийн цаана нөгөө хүмүүсийг айлгаад байгаа далд эдийн засгийн сүлжээ бий. Татвар, мэргэжлийн хяналт, тоо бүртгэлийн асар олон дарамтыг тэсвэрлэж чадахгүйдээ тэд нууц байдалд ордог. Орлого зарлагаа үнэн бодитоор зарладаггүй Х тайлан ч үүнээс уялдаатай. ДНБ-ний 40 гаруй хувь далд эдийн засагт хамааралтай гэж судлаачдын дийлэнх нь дүгнэдэг. Зарим нь тал хувьд хүрсэн гэж ч хэлдэг. Яагаад ийм далд байх сонирхолтой байгаагийн сэжүүрийг олох учиртай. Мэдээж төрийн дарамт. Банк санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлийн дарамт. Байгуулахаасаа дампууруулах, дампууруулахаасаа ашиг орлогогүй гэж мэдүүлэх нь төрийн дарамтнаас гарах сонгомол арга болчихоод байгаа юм.
Үнэхээр иргэн бүрээ хөдөлмөрлөгч болгож ашиг орлоготой байхыг Төр хүсч байгаа юм бол дэмжсэн бодлогоо тодорхой болгож дарамтынхаа хүлээсийг султгах шаардлагатай байгаа юм. Газраа ухуулаад, хэдэн мэргэжилтэн, ажилчдаа үйлдвэрт ажиллуулаад байх нь зөв л дөө. Гэрээндээ ч үүнийг хатуу тусгах хэрэгтэй. Гэхдээ тэдний хэрэглэгдэх наад захын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлэг үйлчилгээ, хөдөлмөр хамгаалалтын хувцас, багаж хэрэгсэлийг жижиг дунд үйлдвэрээр хангуулчих гэрээг давхар байгуулчих юм бол дагалдаад бий болох ашиг орлого төрд ч, энгийн үйлдвэрлэгчид ч үр өгөөжтэй. Цэвэр усаа мянган км-ын алсаас тээвэрлэж байхын оронд тухайн уул уурхайн компанийн нөөцийг нь бэлдчихдэг үйлдвэрлэгчид нь яагаад монголчууд байж болохгүй гэж. Уул уурхайн компанийн хувьд ч ашигтай. Тээврийн зардал аюулгүйн байдал гэхчлэнгээр өч төчнөөн зардлыг хаяанд нь байгаа хэдэн үйлдвэрлэгч хангачихна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд ч гэсэн.
Зүгээр нэг жишээ хэлэхэд, мэдээлэл технологийн үндэстэн дамнасан корпорациуд дэлхийн олон орон дахь салбаруудад бүтээгдсэн эд ангиудаас үндсэн Бренд бүтээгдэхүүнээ гаргаж байна. Засаг танаас зохицуулалт шаардах болохоос өнөөгийнх шиг ийм их хөрөнгө мөнгө нэхэхгүй байгаа шүү дээ. Эдийн засгийн урсгалаа зүгээр л чөлөөлчих. Хууль та бүхний гараар үзэглэгддэг хойно энэ мэт шаардлагыг тусгаад л тэр акулуудтай гэрээ байгуулаад тохиролцоонд хүрчих. Асуудлыг шийдэх хялбар арга зам бас байна.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ