Дампуурсан “Зоос” төрд 70 тэрбумын өртэй

img

Банкуудын чанаргүй зээлийн  үлдэгдэл аажмаар багасч байгаа  357 тэрбум төгрөг байгаа нь өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. 2011 оны 1-сард 361 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй байсан бөгөөд үүнд дампуурсан хоёр банк болох Анод, Зоос банкуудын зээлүүд ч багтаж байсан. Хугацаа хэтэрсэн зээлийг оруулаад нийт зээлийн өрийн үлдэгдэлд харьцуулсан харьцаа 9-р сард 8.4 хувьтай байсан. 2009 оны 11-р сард 24.6 хувьд хүрч байсантай харьцуулахад энэ нь сайжирсан үзүүлэлт ч гэсэн энэхүү бууралт нь зээлийн багцийн огцом өсөлттэй түлхүү холбоотой юм. Дампуурсан банкны нэг Зоос банкинд төрөөс 100 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, одоогоор 30 тэрбум орчим төгрөгийг эргэн төлүүлээд байна. Сангийн яамны тооцоогоор 2013 гэхэд нэмж 50-60 тэрбум төгрөг төлүүлэх боломжтой гэж үзсэнийг Дэлхийн банк тайландаа дурджээ. Төгрөг, гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл энэ оны гуравдугаар улиралд шинэ дээд амжилт тогтоож, зээл түүхэнд байгаагүй хурдаар өссөн үзүүлэлттэй байна.  Эдийн засгийн өндөр өсөлтийг дагаж төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 9-р сард 2.8 их наяд төгрөгт хүрч шинэ дээд амжилт тогтоож, өмнөх оноос 64 хувиар өслөө.  Төгрөгийн ханш цаашид нэмж чангарна гэсэн хүлээлтийг үл харгалзан гадаад валютын хадгаламж ч гэсэн шинэ өндөрлөгт хүрч, 896 тэрбум төгрөгтэй тэнцэх боллоо. Ам. долларын хадгаламжийн нэрлэсэн хүү олон улсын жишгээр маш өндөр байгаа бөгөөд хугацаатай хадгаламжийн хүү нь 14 хувиас дээгүүр байна. Зах зээл эрсдэл байгааг ухамсарласан хэвээр байгааг энэ илтгэж байна. Түүнээс гадна, инфляци нэмэгдэхийн хирээр бодит хүү есдүгээр сард буурч гарсан байгаа юм. Банкуудын өөрийн хөрөнгийн нөөц 2008-2009 онынхтой харьцуулахад сайжирсан. Банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт одоогоор 14.3 хувьтай (зарим банкуудын хувьд үүнээс өндөр ч байгаа) байна. Банкуудын зайлшгүй хангах энэхүү үзүүлэлтийн доод хязгаар 12 хувь бөгөөд 2009 онд дөнгөж 5.5 хувьтай (Зоос, Анод банкийг оруулаад) байсан. Иймд төв банк хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн салбарын тогтвортой байдалд тавих хяналтаа сулруулахгүй байх шаардлагатай байна. Нэгдүгээрт, банкны зээлийн өсөлт бодит эдийн засгийн үндсэн суурь өсөлтөөс өндөр байна. Банкны зээлийн өрийн үлдэгдэл 5 их наяд төгрөгөөс давж, бодит дүнгээрээ 52 хувийн өсөлттэй байна.  Зээлийн ихэнх хэсэг цөөн тооны зээлдэгчид дээр төвлөрсөн хэвээр байна. Том 50 зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 9-р сард өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 26 хувийг бүрдүүлж байна. Зээл, харилцах хадгаламжийн харьцаа (засгийн газрын харилцах, хадгаламжийг оруулаагүй) он гарсаар тогтвортой өсч, 100 хувьд дөхөж очсон нь хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэж болзошгүй байдлыг илэрхийлж байна. Зээл, харилцах хадгаламжийн харьцаа нь банкны зээлийн хэдэн хувийг татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж байгааг харуулдаг бөгөөд энэ үзүүлэлт нэмэгдэх тусам хадгаламж эзэмшигчдийн итгэл алдарч, цочрол бий болж, мөнгө гэнэт татаж эхлэхэд банкуудын хамгаалалт, нөөц багасдаг. Хөрвөх чадварын байж болох өндөр эрсдэл нь банкуудын тайлан тэнцэл дээрх актив, пассивын хугацаа их хэмжээгээр зөрөхөөс үүдэлтэй байдаг. Зээлийн өсөлт өнгөрсөн хямрал нүүрлэхээс өмнөх хэмжээнд байгаа энэ үед Монголбанкны зүгээс зохистой харьцааны үзүүлэлтүүдийг Монголын банкуудаар хангуулж, нэн ялангуяа одоо тулгараад байгаа болон цаашид үүсч болзошгүй чанаргүй зээлийн 7 асуудлаас шалтгаалан үүсч болох алдагдлыг нөхөж гарахуйц хэмжээний өөрийн хөрөнгийн нөөцтэй болоход анхаарах нь чухал байгааг эдийн засагчид анхааруулж байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
2011-12-23