Дэд дарга, туслахын орон тоог цөөлнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уншиж танилцуулав. Ирэх оны төсвийн төсөлд ажлын хэсэг хэлэлцээд төсөвт байгууллагын зарим урсгал зардлыг 5-30 хувиар, Засгийн газрын тусгай үйлчилгээний зардлыг 50 хүртэл хувиар, төсөвт байгууллагын зарим зардлыг 0 хүртэл хувиар бууруулахаар болжээ.
өа
УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсвийн төсөлд дүгнэлт хийжээ. Ирэх оны төсвийн төслийг хариуцлагагүй, тооцоо судалгаа муутай болсныг дүгнэлттээ дурджээ. Төсвийг хэмнэлттэй, хариуцлагатай, нэгдмэл байх талаас нь онцгой анхаарч, чамбайруулах шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзжээ. Чингис бондын мөнгийг хяналтгүй зарцуулж байгаа нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн, Засгийн газрын үнэт цаасыг Улсын нэгдсэн төсөвт тусгах шаардлагатай гэж МАН-ын бүлэг шаардаж байна. Мөн төсөв хэмнэх үүднээс төсвийн урсгал зардлыг 30 хүртэл хувиар бууруулж, хэмнэгдсэн мөнгийг цалин тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг зорилтот бүлэгт зориулах шаардлагатай гэж МАН дүгнэлтээ дурджээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх ажилд энэ онд төсөв нь нэмэгдсэнийг 15 тэрбум төгрөгөөр бууруулахыг сөрөг хүчний зүгээс санал оруулсан байна. Учир нь, агаарын бохирдолтой тэмцэхээр жилээс жилд төсвийг нь нэмж тусгай байгаа ч үр дүн муутай, агаарын бохирдолд жилээс жилд нэмэгдэж, тусгасан мөнгө түмний төлөө бус хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтний халаасанд орж байгааг уг дүгнэлтэд дурдсан байлаа. Мөн хөрөнгө оруулалт жилээс жилд тасарч, он дамжин удааширч, санхүүжилтээ цаг хугацаанд нь хийгээгүйгээс олон аж ахуйн нэгжийн ажлыг гацааж байгааг шүүмжилжээ. Татвар төлөгчийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс барилгын ажил нь эхэлсэн, дуусах шатандаа яваа объектуудад санхүүжилт хийх хэрэгтэй гэж үзжээ. Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд цалин, тэтгэвэрийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг санал оруулж байна. Мөн зорилтот бүлэгт сар бүр 30 мянган төгрөг олгох нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэрэгтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ.
өа
Харин УИХ дахь “Шударга ёс” бүлэг ирэх оны улсын төсвийн төслийг улс орны эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийг урагшлуулахад нийцээгүй гэж дүгнэжээ. Орлого нэмэгдүүлэх нөөц бололцоог бүрэн дайчлаагүй, хэмнэлтийн горимд шилжээгүй гэж тэд үзжээ. Тиймээс төсвийн орлого баазыг бүрэн дайчилж, нөөц ашигласан төлбөрийг 10-15 хувь болгох, төрийн өмчийн хувьчлалаас орох орлогыг бодитой тооцох, татварын орлогыг бүрэн татах, нуун дарагдуулсан этгээдэд хуулийн хариуцлага тооцох, баяр наадмын зардал хэмнэх зэргээр ажиллах санал оруулжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний төлбөр тооцоог зөвхөн Монгол Улсын банкаар хийх, бондын үлдэгдлийг нарийн тооцох хэрэгтэж гэж үзсэн байна. Албан контор барих, тавилга худалдаж авах зориулалтаар төсвийн зардал гаргахгүй байх. Санхүүжилтгүй, царцаагдсан объектуудад хувийн хэвшлээс хөрөнгө татах зэрэг санал гаргаж байна. Мах, улаан буудай, түлш, шатахууны үнийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг “Шударга ёс” эвслээс гаргажээ.
өа
Ирэх оны төсвийн төслийн талаарх АН-ын дүгнэлтийг бүлгийн дэд дарга С.Одонтуяа танилцуулсан. Харин төсвийн тухай хуулинд суутгасан нь ажил нь эхлээгүй, зориулалт нь өөрчлөгдсөн, төсөвт өртөг нэмэгдсэн, гэрээний дагуу 2014 онд хэрэгжиж дуусах байсан ч дуусаагүй төсөл арга хэмжээг хасах санал гаргажээ. Эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагаас бусад төрийн байгууллагын шатахуухны зардлыг бууруулах саналыг гаргасан байна. Бүх шатны дэд дарга, туслахын орон тоог цөөрүүлэхийг АН-ын бүлэг шаарджээ. Мөн тогтмол арга хэмжээ явуулдаггүй тусгай сангуудыг татах буулгах, Чингис бондын хөрөнгийг улсын төсвийн орлого, зарлагад нь тусгаж ажиллахыг санал болгожээ.
өа
Ийнхүү УИХ дахь намын бүлгүүд ирэх оны төсвийн төслийн талаарх дүгнэлтийг танилцуулсны дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж эхэллээ.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ