Төсвийг 100 гаруй тэрбумаар бууруулж баталлаа
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн юм. Ирэх оны төсөв батлагдсан холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
a
З.Энхболд: Баахан орлогч, зөвлөхүүдийн орон тоог байхгүй болгосон
2015 оны төсвөө баталж дууслаа. 2015 оны төсөв өргөн барихаасаа эхлээд асуудал дагуулсан. Ямар ч байсан хугацаандаа амжиж баталж дуусгалаа. Гурван бүлэг гурвуулаа идэвхтэй оролцож, дүгнэлтээ уншсан. Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг шөнийн 03, 04 цаг хүртэл ажиллах нь энүүхэнд байсан. Гэхдээ энэ том ажлын ард гарсан байна. Энэ төсвийн гол онцлог бол эдийн засгийн хямралаас сэргийлж, улсын төсвийн урсгал зардлыг 114.8 тэрбумаар бууруулж баталсан байгаа. Төсөвт байгууллагын шаардлагагүй орон тооны хэмнэлт, бараа, үйлчилгээний зардал 5-30 хувиар, Засгийн газрын тусгай сангуудын зарим зардлыг 50 хүртэл хувиар, эрүүл мэнд, боловсролын их засварын зардлыг 30 хүртэл хувиар танасан. УИХ-ын түүхэнд Засгийн газраас өргөн барьсан төсвийг 100 тэрбумаар нь бууруулан баталж байсан удаа байхгүй. Энэ удаа онцгой жил учраас ийм арга хэмжээ авахаас аргагүй болсон. Мянгаад орон тоо буурч байгаа. Баахан орлогч, зөвлөхүүдийн орон тоог байхгүй болгосон.
a
С.Бямбацогт: Ард иргэдээ дэмжих хуулийн төслийг баталж чадлаа
Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал амаргүй, хүнд байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд хамтарч ажилласны үр дүнд 2015 оны төсвийг баталлаа. МАН Төсвийн тухай хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш нийт 8 удаа хуралдсан. 2015 оны төсвийг үнэн зөв тооцоололтой, бодьтой, хэмнэлттэй байх, эдийн засгийн хямралыг сөрсөн, мөнгөний бодлоготой уялдуулсан байх зарчмуудыг баримталж асуудалд хандсан. ЗГ-аас оруулж ирсэн төсөв нь МУ-ын түүхэнд байхгүй, замбараагүй, хууль зөрчсөн төсөв оруулж ирсэн. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын 6.1-д заасан “Төсвийн хүрээний мэдэгдлийн есөн шаардлагад нийцсэн байх ёстойгоос таван шаардлагыг хангаагүй. Төсвийн тухай хуулийн 28-р зүйл, Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-ийг тус тус зөрчсөн, УИХ-ын хяналтаас гадуур, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн төсөл оруулж ирсэн. Төсвийн алдагдал өнгөрсөн онд нэг их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан.
sa
Ийм үед төсвийн алдагдлаа бодьтойгоор тооцоолоогүй, ард иргэдийнхээ татварыг нэмэгдүүлэх, ААНБ-уудаа шалгах, дарамтлах, хүү, торгуулийг нэмэгдүүлэх гэсэн олон зүйлүүдийг тусгаж оруулж ирсэн. Хамгийн ноцтой асуудал нь 2011 онд улсын төсвөөс зээл, зээлийн үйлчилгээний зардалд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол үүнээс 20 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээнд зарцуулах төсөв оруулж ирсэн. УИХ дахь МАН-ын бүлгээс энэ хямралын үед төсвийн зардлыг аль болох бууруулах, ард иргэд, ААН-үүдэд дарамт учруулахгүйн тулд өргөн барьсан дөрвөн татварын хуулийг буцаах шаардлагыг тавьсан. Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй байх, гаднаас зээл авахгүй байх шаардлагуудыг тавьсан. Орон тоо, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулж, төсвөөс гарах зардлыг нэмэгдүүлж, үүгээрээ цалин тэтгэврийг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг давахад анхааръя гэдэг асууудлыг тавьж ажилласан.
a
Үүнээс гадна 2011, 2012 оноос хэрэгжихгүй, царцаагдсан байсан обьектуудыг 2015 онд барилгын ажлыг нь дуусгахаар УИХ-ын гишүүд санал нэгдсэн. Харамсалтай нь 2015 онд улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж шинээр хөрөнгө оруулах ажил нэлээд бага хийгдэхээр байгаа. Үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Цааш цаашдаа эдийн засгийн хямралыг давах, төсвийн урсгал зардлыг бууруулах, ард иргэдийнхээ амьдралыг муутгахгүй байх тал дээр УИХ нэлээд анхаарч ажиллах ёстой гэсэн асуудлуудыг УИХ-д тавьж, 2015 оны төсөв болон төсвийг дагалдах тогтоолуудад бүрэн хэмжээгээр тусгагдсан. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөв дээр УИХ дахь нам, эвслүүдийн гишүүд маш хариуцлагатай хандаж, аль болох эдийн засгийн хүндрэл хямралыг давах, ард иргэдээ дэмжих хуулийн төслийг санал нэгтэйгээр баталж чадлаа гэж манай бүлэг үзэж байгаа.
a
Ц.Даваасүрэн: Орлогч дарга, зөвлөхүүдийг цомхотгож 3 тэрбум төгрөг хэмнэлээ
2015 оны төсвийг хэлэлцэн батлахад нам, эвслийн бүлгүүд сайн ажилласныг хэлэх хэрэгтэй. Энэ төсөв их онцлогтой. ЗГ-ын тэргүүн байхгүй, Сангийн сайд байхгүй байсан тул нэлээд өндөр хариуцлага шаардаж байсан. Ажлын хэсэг маш ачаалалтай ажилласан. Улс төрийн нөхцөл байдал тааламжгүй байсан. Хоёр зүйлийг зориуд тэмдэглэж хэлье. Урьд өмнө 20-30 хувиар өсч явсан төсвийн үр ашиггүй зардлыг зогсоож, бууруулж чадлаа. Тухайлбал төсөвт байгууллагуудын орлогч дарга, зөвлөхүүд гэхчилэн 335 хүнийг цомхотгох шийдвэр гаргаж, 3 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж чадлаа. Үүнээс гадна хэмнэж болох 540 орон тоог цомхотгож, үүнээс 4 тэрбум гаруй төгрөгийн хэмнэлтийг бий болголоо.
a
2012 оноос хойш эдийн засгийн өсөлттэй холбогдуулаад байгууллагуудын бараа, үйлчилгээний зардал нэлээд өсч байсныг бууруулсан. Үүнээс нийтдээ 30 тэрбум төгрөг танасан. Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын зардлыг танаагүй. Их засвар, тоног төхөөрөмжийн зардлыг боловсрол, эрүүл мэндийн салбарт 30 хувиар бууруулж, бусад салбарт тэвчихээр шийдвэрлэсэн. Орон тооны цомхотголыг үргэлжлүүлнэ. 2011, 2012, 2013 оны ажил нь эхлээд дуусаагүй байсан 400 гаруй обьектын асуудлыг шийдвэрлэж, банк санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж байсан асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Өөрөөр хэлбэл, банкны салбарын найдваргүй зээлийн хэмжээ 3 дахин өсөхөд төсвийн царцаасан төслүүд тал хувийг нь эзэлж байсан. УИХ-аас ЗГ-т өгсөн 2014 оны 30-р тогтоолыг бид шаардаж байгаа, царцаасан обьектуудыг худалдах борлуулах, хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх заалтуудыг өгсөн байгаа. Үүнийг хэрэгжилтийн хангаж ажиллах асуудлыг нэг мөр шийднэ гэж бодож байгаа.
a
302 тэрбум төгрөгийн обьектыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр шийдвэрлэхээр шилжүүлж байгаа. Цаашид хөгжлийн банкаар санхүүжүүлэх ажлыг УИХ-аас баталж байх горимд шилжинэ. Эдгээр арга хэмжээг авсны дагуу 2015 оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан төсвийн шалгуур, хязгааруудын хүрээ батлагдсан гэж ойлгож болно. Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 29,8 хувьд багтахаар заасан төсвийн хүрээний хязгаарт багтсан байгаа. Нэгдсэн төсвийн нийт зардал бол 7,5 их наяд буюу ДНБ-ийн 31 хувьд багтсан. Нгэдсэн төсвийн нийт алдагдал 439,2 тэрбум төгрөг болж өргөн барьсан төсөл, төсвийн хүрээний хязгаараас 0.2 хувиар сайжирсан байгаа. Урьд нь хөрөнгө орууллалтын зардлаа өсгөх гээд төсвийн алдагдлаа барьж чаддаггүй байсан. Энэ удаа үр ашиггүй зардлуудаа хязгаарлаж чадлаа.
a
Д.Эрдэнэбат: Чингис, Самурай бондыг төсөвт тусгах ёстой
Энэ оны төсөв УИХ-д суудалтай намуудын харилцан ойлголцол дээр явсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр Засгийн газар байхгүй ч гэсэн УИХ үйл ажиллагаагаа нэгдмэл ойлголтоор хийлээ. Гэхдээ бүлгүүдийн хооронд, ажлын хэсгийн хооронд зарчмын зөрүүтэй санал гарсан. Өнөөдөр төсөв чамбай болж чадсан ч гэсэн эргэж харах ёстой хэд хэдэн заалт шийдэгдээгүй үлдсэн. Энэ асуудлаар бид сая төсөв ойлголцсон шигээ хамтрах нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа төсөвтэй холбоотой асуудал дээр 2015 онд гүйцээж чадах уу үгүй гэдэг баталгаа төсөв дээр байхгүй. Энэ тал дээр улс төрийн намуудтай зөвшилцсөн боловч хараахан үр дүнд хүрээгүй. Шийдэгдээгүй зүйл.
a
Тодруулбал, Чингис, Самурай бондыг төсөвт тусгах, үгүй эсэх дээр нэг үл ойлголцол үүссэнийг арилгах ёстой хэмээн АН-ын бүлэг санал нэг байгаа. Чингис, Самурай бондыг төсөвт тусгах ёстой. Тэгэх юм бол Төсвийн тогтвортой байдлын хууль, Өрийн удирдлагын тухай хуулиа эргэж харах ёстой гэсэн байр суурин дээр АН байна. Хоёр дахь асуудал нь төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэхийн тулд Монгол Улс хөрөнгө оруулалт, зээл, Засгийн газрын баталгааныхаа асуудлыг шийдэхгүйгээр бизнесийг тэлэх боломж бага байна. Зөвхөн зардлыг багасгаснаар эдийн засгаа эрүүлжүүлнэ гэвэл өрөөсгөл ойлголт болно гэдгийг улс төрийн намууд хаа хаанаа ойлгох ёстой. Төсвийн зардалтай холбоотой асуудлаар хэд хэдэн зүйлийг онцолж хэлмээр байна. Өмнө нь улстөрчдийн лоббигоор явуулж ирсэн энэ олон барилга байгууламжийн асуудлаар бид нэгдмэл саналд хүрлээ.
a
Жилийн юмыг жилд нь дуусгадаг зарчмыг оролдоод үзье гэсэн маш том амжилтад хүрлээ гэж бодож байна. Жишээлбэл, энэ жил 141 нийгмийн шинж чанартай обьектууд шинээр ашиглалтад орно. Энэ дотор эмнэлэг 36, сургууль 63, цэцэрлэг 24, дотуур байр 18, соёлын төв 15 ашиглалтад орох юм. энэ бол сүүлийн жилүүдэд манай улсад хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажил болох юм. хоёр дахь асуудал нь урьд хожид байгаагүйгээр цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Гэхдээ энэ бүхэн төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Цаашдаа улс төрийн намуудтай зөвшилцөл хийгээд бизнес хийх, орлого нэмэгдүүлэх бололцоог өөрсдийн бодит боломж дээр нээж өгөөд, төрийн албан хаагчдынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Энэ оны төсөвт тусгагдсан бодлогын шинжтэй асуудлуудыг онцолж хэлье. Хил залгаа сумдын дэд бүтцийн хөгжил дэндүү хоцрогдож байгааг анхаарах ёстой. АН-ын бүлгийн энэ санал тусгагдсан байгаа. Жишээлбэл, урд хилтэй залгадаг Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох гэх мэт асуудылг бодлогынх нь хэмжээнд шийдвэрлэж өгснөөрөө энэ төсөв сайн төсөв боллоо гэж үзэж байгаа юм.
sa
Н.Батцэрэг: Гадаад өрийн төлбөртэй холбоотой иж бүрэн төлөвлөгөөг оруулж ирэх ёстой
2015 оны төсвийг өргөн барихад УИХ-ын нам эвслийн бүлгүүд ойлголцож, анхаарч ажиллаж чадлаа. Ер нь Засгийн газрын өргөн барьсан 2015 оьны төсөвт учир дутагдалтай зүйл олон байсан. Тухайлбал төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсан. Учирч болзошгүй эдийн засгийн хүндрэлийг ямар арга замаар даван туулах талаар тодорхой снаал болгох зүйл байгаагүй зэрэг шүүмжлэх юм цөөнгүй байсан. УИХ дээр энэ учир дутагдалтай зүшйлүүдийг хамтран зкасаж чадлаа. Гэхдээ эдийн засгийн ямар ч хүндрэл биднийг хүлээж байгааг хэлж мэдэхгүй. Тиймээс 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол орж ирнэ гэсэн хүлээлтэйгээр “Шударга ёс” эвсэл ирэх жилийн төсвийг баталлаа. Засгийн газар 7.1 хувиар эдийн засгаа өсгөнө гэсэн төлөвлөлттэй орж ирсэн ч одоо 10 хувиар өсгөхөөр хуульчдагдсан тоо байгаа. Энэ баталсан төсвөөр эдийн засгаа ингэж өсгөж чадахгүй.
sa
Өөр нэг анхаарах зүйл бол УИХ-ын тогтоолоор Монгол банкинд үүрэг өгч байгаа. Өрийн үйлчилгээний иж бүрэн төлөвлөгөө оруулж ирэн УИХ-аар батлуулах шаардлагатай байгаа. Монгол Улсын гадаад төлбөр тооцоотой холбоотой асуудлыг маш цэгцтэйгээр оруулж ирэх хэрэгтэй байна. Аль өрийг нь ямар эх үүсвэрээс хэн яаж төлөх вэ гэдэг асуудлыг батлах цаг болсон гэж үзэж байгаа. Ялангуяа 2017, 2020 онуудад өрийн төлбөр хийх шаардлага тулна. Энэ асуудалд одооноос бэлдэх ёстой. Тийм учраас гадаад өрийн төлбөртэй холбоотой иж бүрэн төлөвлөгөөг 2015 оны эхний сард багтаан УИХ-д оруулж ирэх ёстой. Энэ асуудалд Шударга ёс эвслийн бүлэг анхаарал хандуулж байна.
as
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ