Аялал жуулчлалын салбарынхны уулзалт маргааш болно

img

ХБНГУ-д ирэх оны хавар зохион байгуулагдах “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Монгол Улс Түнш орноор оролцохоор болсон билээ. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох бэлтгэл ажлыг хангахаар салбарын яам болон аялал жуулчлалын салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Аялал жуулчлал-Ирээдүй” төрийн бус байгууллага ажиллаж байгаа юм.

Тус байгууллагаас “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд Монгол Улс түнш орноор оролцохтой холбогдуулан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаархи аялал жуулчлалын салбарынхны уулзалтыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-нд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны байранд хийхээр болжээ.

Уулзалтыг ССАЖЯ, “Аялал жуулчлал-Ирээдүй” төрийн бус байгууллага, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын хөтөч, тайлбарлагчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн чиглэлээр 9.30-11.30 цагийн хооронд зочид буудал, гэст хаус, жуулчны бааз, гэр кэмп, ресторан зоогийн газар, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчид, 12-14 цагт тур операторууд, 15-17 цагт хөтөч, тайлбарлагчид гэсэн хуваарийн дагуу уулзалтад оролцох юм байна.

Энэхүү уулзалтад аялал жуулчлалын салбарынхныг өргөнөөр оролцохыг урьж байгаа бөгөөд “ITB Berlin-2015” олон улсын үзэсгэлэн худалдаанд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, уг үзэсгэлэнд оролцсоны ач холбогдлыг танилцуулах юм. Энэхүү үзэсгэлэнгийн Түнш орноор сонгогдсоноор манай улс дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр өөрийн сурталчилгааг давуу эрхтэйгээр хийж, жуулчдыг эх орондоо татах таатай боломж бүрдэх юм. Үүний дүнд 2016 онд Монголд ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавиад байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ