
УИХ дахь АН-ын
бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр
дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах,
орон нутгийн хөгжлийн сангийн тухай зэрэг гурван асуудлыг хэлэлцсэн байна.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ:
-Ч.Сайханбилэгийг
Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг шинээр сонгогдсон намын дарга З.Энхболд
бүлгийн хуралдаанд оруулж ирсэн. Энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдвэр
гаргалаа. АН-ын ҮЗХ-ны хурал хуралдаж, улс
төрийн шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулж, АН-ын шинэ дарга
сонгогдсон. Шинээр сонгогдсон намын дарга ҮЗХ хуралдаж, хоёр нэр дэвшигчийг
оруулж ирсэн. Эцсийн шийдвэрийг ҮЗХ гаргадаг. Ингээд санал хураахад олонхийн
саналыг Ч.Сайханбилэг гишүүн авсан. Бид хуулийн дагуу шийдвэрээ гаргасан.
ҮЗХ-ны шийдвэрийг бүлэг хэлэлцээд 65,5
хувь нь Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн гэлээ.
Орон нутгийн
хөгжлийн сан болон сум хөгжүүлэх хөрөнгийн зарцуулалтад аудитын газраас хийсэн
дүгнэлтийг бүлгийн хуралдаанаар сонсчээ. Аудитаар сум хөгжүүлэх сангийн 40
хувийг зориулалтын бусаар зарцуулсан нь илэрчээ. Мөн иргэдийн санал
тусгагдаагүй байсан аж. Сум хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг төвлөрч, ЖДҮ-ийг
хөгжүүлэхэд зарцуулжээ. Мөн гэр бүлийн тухай хуулийг хэлэлцсэн байна. Гэр
бүлийн тухай хуульд нэлээд өөрчлөлт орсон байна. Хүүхдийн эрх, гэр бүлийн
гишүүдийн өмчийн асуудал мөн хамтран амьдрагчийн асуудлыг ч тусгажээ. Түүнчлэн
эцэг эх нь салсан тохиолдолд хүүхдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхээр заасан
байна. Өмнөх хуулиар эцэг эх нь салсан
тохиолдолд хүүхдэд олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй
уялдуулдаг байсан бол энэ удаад авч байгаа цалингийн 30-50 хүртэл хувьтай
уялдуулж тогтоохоор болжээ.
Мэдээлэл хийсний
дараагаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн сонирхсон асуултад
хариулсан юм.
-АН-ын бүлэгт
Ерөнхий сайдыг томилох асуудлыг өглөө гэж байсан. Одоо яагаад ҮЗХ-ны шийдвэрийг
дагаж байна вэ?
-Нэр дэвшигчийг
батламжих эрх нь зөвхөн ҮЗХ-д хадгалагддаг. Шинэ гарсан намын дарга хоёр дахь
нэр дэвшигчийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцээд оруулж ирсэн.
-Ч.Сайханбилэгийг
хэн хэн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжээгүй бол?
-АН-ын бүлгийн
хуралдаанд оролцсон 29 гишүүний 10 нь дэмжээгүй. Санал хураалт нээлттэй
явагдсан.
-Ч.Сайханбилэг
эдийн засгийг хямралаас гаргах талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Ч.Сайханбилэгийн
Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах чадвартай танхим
бүрдэхёстой.
-Засгийн газрыг
бүрдүүлэх ажлын хэсэг УИХ дахь намуудад хамтрах санал хүргүүлсэн байсан. Яагаад
МАН-д энэ саналыг өгөөгүй вэ?
-Ажлын хэсэг
дөрвөн удаа хуралдсан. Дөрвөн удаагийн хуралдаанаар урьдчилан санал солилцох
үүднээс ИЗН, “Шударга ёс” эвслийн бүлэгт
санал тавьсан. Яагаад гэвэл энэ намуудтай өнөөдөр бид Засгийн газарт хамтарч
ажиллаж байна. Шинээр сонгогдсон намын дарга өнөөдөр бүх намуудтай албан ёсны
зөвшилцлийн саналыг хүргүүлж байгаа.
Зөвшилцөл үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ